Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зохицуулах шинэ хуулийн төсөл бэлтгэж байна

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зоригтой ярилцлаа.Эдийн засгийн diversity буюу төрөлжилт ямар ач холбогдолтой гэж Та бодож байна вэ? Дан ганц уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн сул тал нь юу вэ?Эдийн засгийг олон салбарт төрөлжүүлэх нь их чухал.

Улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай ч холбоотой. Ялангуяа хөгжиж байгаа орнууд нэг салбараас хараат байхаа больж, аль болох олон салбарт түшиглэсэн эдийн засгийн тогтолцоонд шилжиж байна. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолдог байсан бол түүнийгээ бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох зэргээр төрөлжилтийг хийж эхэлжээ. Эдийн засгийн төрөлжилтийг өөрийн орны байгаль цаг уур, эдийн засгийн боломж нөхцөл, хөрш улсуудын зах зээлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бий болгодог. Энэ нь улс орны хөгжилд чухал нөлөөтэй төдийгүй дэлхийн эдийн засгийн интеграцид оролцох боломжийг нээж байгаа юм. Манай орны хувьд уул уурхайн салбар нэлээд хөгжиж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн, экспортын хэмжээ хийгээд төсвийн орлогод ихээхэн хувь эзлэх болсон. Энэ нь сайн, муу хоёр талтай.Сайн тал нь дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч, эрэлт хэрэгцээ их байгаа үед их хэмжээний мөнгө олох боломжтой.

Сөрөг тал нь эдийн засаг цөөн төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай болчихдог. Сүүлийн үед энэ хандлага манай эдийн засагт хурцаар мэдрэгдэж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурахад төсөвт нэлээн хүндрэл учирч, төлөвлөгдсөн зардлуудад санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй, эрсдэл бий болдог.  Diversification гэдэг үг Монголын эдийн засагт их чухал санаа илэрхийлэх өдрүүд ирж байна. Үүнийг юу гэж монголчилбол оновчтой вэ?Эдийн засгийн хэллэгээр  төрөлжүүлэлт гэж томъёолдог.  Олон төрөлтэй эдийн засаг гэж ойлгож болно. Шууд утгаар нь хэлбэл өөр үг л дээ. Манайхаар бол олон салбарт  тулгуурласан эдийн засаг гэж хэлж болно. Ганц уул уурхай биш, олон салбарыг хөгжүүлнэ гэсэн үг. Энэ нь улс орны эдийн засгийг өргөжүүлж хөгжүүлэх нэг хэлбэр юм. Хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн хоёр, гуравхан  салбарт тулгуурлах биш, аялал жуулчлал, боловсруулах аж үйлдвэр гэх мэт бусад салбарыг хөгжүүлэх боломж манайд бий. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед Монгол улсыг хөгжүүлэх сан гэж байгуулж байсан л даа.

Тэр сангийнхаа мөнгөөр бусад салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.Эрсдэлтэй нөхцөл байдал үүсч, уул уурхайн салбарт хүндрэл гарлаа ч гэсэн бусад салбар нь эдийн засгаа аваад явчих боломжтой болно. Эрсдэлийг давах нөөцтэй болно гэсэн үг. Хөдөө аж ахуй маань өөрөө  эрчимжсэн биш, шинэ   технологи нэвтрүүлэх, ажилтнуудыг мэргэшүүлэх талд нөлөө багатай байдаг. Уул уурхайн салбар ч мөн адил. Тухайн салбарын хүмүүс нь л мэргэшээд  байхаас биш, түүнийг дагасан бусад салбарт үзүүлэх нөлөө нь их бага байдаг. Салбар хоорондын баланс гэж  бий. Энэ ойлголтоор аваад үзвэл бусад салбартаа хамгийн их нөлөөтэй  нь боловсруулах үйлдвэр юм.

Жишээлбэл, боловсруулах үйлдвэрт оруулах хөрөнгийг 5 хувиар л нэмэгдүүлэхэд тухайн салбарын өсөлт 17.06 хувьд хүрэхийн зэрэгцээ тээвэр, холбоо, хөдөө аж ахуйн салбарт 1.47-2.8 хүртэл хувийн өсөлт гарах дам нөлөөтэй байдгийг манай эрдэмтдийн судалгаа харуулж байнай. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын дам нөлөө нь тээврийн болон эрчим хүчний салбарт л гардаг өсөлтийн нөлөө нь 0.59-1.0 хувьтай байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр эдийн засгийн онол, тооцоо судалгаан дээр үндэслэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Бүрэн эхийг манай сэтгүүлээс уншина уу.