Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Монголдоо ураны чиглэлээр сургалтын үндсэн баазтай болж чадсан


Ураны салбарын мэргэжилтэнг ямар, ямар чиглэлээр бэлддэг вэ?

Ураны салбарын мэргэжилтэн гурван чиглэлээр бэлтгэгдэж байгаа. Нэгдүгээрт, ураны хайгуулын мэргэжилтэн. Ураны хайгуул гэдгийг ерөнхийдөө геологийн хайгуул хийдэг шиг геологич хүн хийж байгаа. Уран цацраг идэвхтэй учраас хайгуулын арга нь бас арай ондоо  юм. Мэргэжилтний дараагийн үе шат нь уран боловсруулах чиглэлийнхэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн баяжуулалтын мэргэжилтнүүд энд хэрэгтэй. ШУТИС -ийн Уул уурхайн сургууль баяжуулалтын мэргэжилтнүүд бэлдэж байгаа. Гэхдээ уран баяжуулалт гэхээр арай өөр. Дээд боловсрол эзэмшсэн баяжуулах мэргэжилтнийг дахин ураны баяжуулалтаар сургах ч юм уу, Орос зэрэг технологи сайтай газруудад шинээр оюутнууд, магистр, докторантурт сургаад боловсон хүчнээр хангах боломжтой. Ойрын дөрөв таван жилдээ боловсон хүчин бэлдэх ийм боломж харагдаж байна.

Ураны баяжмал гаргаад үүнээ ураны изотопын баяжмалд хийдэг. Өндөр үнэтэй нарийн төхөөрөмж шаардана. Энэ процессийг манайх ОХУ-д хийх чиглэлтэй байгаа. Яг энэ чиглэлээр бас тусдаа мэргэжилтэн байх ёстой. Бид энд ураны зөвхөн концентрац гаргаад, харин ураны изотопын баяжуулалт гээд реакторуудад тавих   үйл явцыг Оросод хийх төлөвтэй байна.

Бид цаашдаа эрчим хүчний реактортой болбол тэр баяжсан түлшээ буцаагаад манайх хэрэглэх юм. Зүгээр байгалийн уран ашигладаг реактор бас бий л дээ. Канадад “Кэй4“ гэдэг байгалийн уран ашигладаг реактор байгаа. Тийм реакторыг жишээ нь өөрсдөө авах юм бол энд байгаа ураныхаа концентрацийг ашиглаж болно гэсэн үг. Уран цөмийн түлш болдог онцлогтой. Ураныг хайгуул ч юм уу, ашигт малтмалын талаас нь авч үзвэл жирийн л ашигт малтмал шиг. Гэхдээ цацраг идэвхтэй учраас ураны уурхайд цацрагийн хяналт хийх ёстой.

Японд манайх ураны мэргэжилтнүүдээ сургаж эхэлсэн. Энэ ажлын явц ямархуу байна?


Токиогийн Технологийн институт, МУИС-ийн хооронд хамтын ажиллагаа эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Бид Монголд цөмийн эрчим хүч, судалгааны реактор ашиглах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Тэдний институтэд манайхаас хоёр хүн магистр, докторантурын сургалтад сурч байгаа. Сая би Япон яваад Токиогийн Технологийн институтээс гадна Токио Сити Юниверситет , Токио гээд хувийн хоёр том сургууль дээр очлоо. Энэ хоёр сургууль бас манайтай хамтарч ажиллая, цөмийн эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлдэж өгөх талаар саналаа илэрхийлсэн. Цаашдаа судалгааны реактор, эрчим хүчний реакторын тал дээр хамтран ажиллах юм.

Ураны салбарын чиглэсэн боловсон хүчин бэлдэхэд манай материаллаг бааз ямар байдаг вэ. Одоо төгсөж байгаа хүүхдүүдийн мэдлэг боловсрол хэр чанартай байгаа вэ?


МУИС 1997 оноос Цөмийн технологийн ангид элсэлт авч эхэлсэн. Өмнө нь Цөмийн физикийн ангид хүүхдүүдийг сургаж төгсгөж байсан юм. Харин Цөмийн технологийн анги   2002 онд анхны төгсөлтөө хийсэн. Жилд цөмийн технологич мэргэжлээр 15-16 хүн төгсөж байна. Цөмийн технологич гэсэн чиглэлд олон салбарт ажиллах боломж бүхий сургалт явуулж байгаа. Цөмийн физикт үндэслээд бусад цөмийн цацраг хэрэглэдэг бүхий л салбарт ажиллах бололцоотой мэргэжилтэн бэлтгэж байгаа. Энэ ангийг төгсөөд дараа нь ураны геологич, цөмийн цахилгаан станцын мэргэжилтнээр сурах ч юм уу, гадаадын магистр, докторын сургалтад үргэлжлүүлэн сурах боломжтой. Одоо ч гэсэн Япон, БНСУ, Шведэд манай төгсөгчид сурч байгаа. Мөн АНУ-д гурав дөрвөн хүн доктор хамгаалаад, ажиллаж байгаа. Олон улсын атомын энергийн агентлагт гурван хүн ажиллаж байна. Тэгэхээр манайд энэ чиглэлээр үндсэн сургалтын бааз чиглэл бий болчихсон нь харагдаж байна.

Ураны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулахын давуу тал юу вэ?


Цөмийн түлш буюу ураныг шатаана гэдэг ойлголт нь агаараас хүчилтөрөгч аваад, нүүрстөрөгч ялгаруулдаг химийн шатах процесс биш юм. Уран нейтроноор хуваагдана. Ямар ч хүчилтөрөгч шаардахгүй, нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй. Нөгөө талаар, нэгж массаас маш их энерги ялгардаг. Монгол  Улс уудам газар нутагтай, цөөхөн хүн амтай учраас их эрчимтэй цөмийн энерги хэрэгтэй. Нүүрс шатаахаар их бага энерги гарч байгаа. Нэг грамм уран бараг Багануурын зургаан тонн нүүрс шатаасантай тэнцүү хэмжээний энерги ялгаруулах жишээтэй. Маш бага уран зарцуулаад их энерги ялгаруулдаг нь ашигтай тал нь юм.