Манай улсын газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийн, үйл ажиллагаа явуулж байгаа хэчнээн компани байна вэ. Ер нь хайгуулын хэчнээн талбай дээр үйл ажиллагаа явагдаж байгаа вэ?
Манай улс нийтдээ газрын тосны 26 хайгуулын талбай ялгасан байдаг юм. Өнөөдрийн байдлаар эдгээрээс ажиллаж байгаа нь 5 байна. Дээр нь батлагдаад байгаа нь үндсэндээ бараг 10 болж байна. Ер нь бид энэ жилдээ багтаагаад нийт ялгасан 26 талбайгаас 25-ыг нь эзэнтэй болгоно. Өөрөөр хэлбэл Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ байгуулна гэсэн үг. Тэгээд нэг талбай үлдэж байгаа. Тэр талбайг энэ жил зарлана. Тэгэхээр ирэх жил гэхэд манай улсын анх ялгасан 26 талбай дуусч, улмаар Монгол улсад газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагаа үндсэндээ хэвийн хэмжээнд явагдаж эхлэх юм.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг компаниуд газрын тосны талбайд хайгуул хийе гэдэг албан ёсны хүсэлтээ тавиад , сүүлийн 2-3 жилд энэ салбарт нэлээд эрчимтэй орж ажиллаж байна. ХХ талбай дээр ”Петровис” компанийн охин компани болох ”Петро Матад” хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ жилийн хувьд ХХIII талбай дээр ”Шунхлай” компани, ХVII талбай дээр ”Магнай трейд” компани тус тус Монголын талаас хайгуулын ажилд оролцож эхэлж байна. Мөн ”Сансар геологи” нэртэй үндэсний бас нэг компани тус салбарт орж ирж байгаа. Энэ жилээс ”Шунхлай”, ”Сансар геологи” компаниуд талбайдаа ажиллаж эхэлнэ
Хөрөнгө оруулагч гадаадын компаниудын хувьд аль улсын ямар компаниуд байна вэ. Лав Хятадын хоёр компани манай Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан тухай мэдээлэл байна?
Хятадын Газрын тосны үндэсний корпорацийн харъяа ”Петро Чайна Дачин Тамсаг Монгол” компани Дорнодын XIX, XXI, XXII гэсэн гурван талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хятад улсын Газрын тосны үндэсний корпораци нь дэлхийд өнөөдөр хамгийн томд тооцогддог. 334 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй. Тэгэхээр ийм компанийн харъяа компани манайд ажиллаж байна. XVI талбай дээр Канадын ”Шаман Ресурсэз” 3 дахь жилдээ ажиллаж байна. Мөн Зүүнбаянгийн орд газарт Хятадын газрын тосны хоёр дахь том корпораци болох ”Синопек” компанийн харъяа ”Доншен” гэдэг компани ажиллаж байна. XV талбай дээр ”Чайна Голден Сий Петролиум” гэж Хятадын хөрөнгө оруулалттай компани 3 дахь жилдээ ажиллаж байна.
Нэр дурдсан компаниудын ажил үндсэндээ жигдрээд явагдаж байна. Бусад нь энэ жил Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ байгуулсан. Заримынх нь тухайд гэрээ байгуулах шатандаа явж байна. Ирэх жилээс үндсэндээ ажил нь жигдрээд эхэлнэ гэж ойлгож болно.
Өөрийн чинь асуугаад байгаа хоёр компанийн тухайд XI талбай дээр Хятадын ”Зон Хин” компани, XVIII талбай дээр мөн Хятад улсын ”Эн Пи Ай” компани үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнчлэн XIII, XIV талбайнууд дээр Швейцарийн ”DWM” компанитай хамтран ажиллах гэрээ батлагдчихсан. Мөн IV ба V талбай дээр Австралийн ”Central Asia Petroleum” компани БХГ нь батлагдаад, энэ жилээс ажиллаж эхлэх гэж байна.
Нэмж олон хөрөнгө оруулагч орж ирж байгаа юм байна. Тэгэхээр Бүтээгдэхүүн Хуваах Гэрээний заалтуудад өмнөх жишгээс өөр өөрчлөлт орох уу? Тухайлбал манай талд ногдох хувь хэмжээ нэмэгдэх үү ?
Монголд анх 1993 оноос ”Соко интернэшнл”, ”Рокойл” гэсэн Америк, Канадын хөрөнгө оруулалттай компаниуд тус тус ажиллаж байсан. Тухайн үед газрын тосны үнэ хямд байснаас, мөн хөрөнгө мөнгөний байдлаасаа болоод тэд Монголоос гарсан юм. Тэд манайхаас гарахдаа дээр дурдсан Хятадын компаниудад лиценз эзэмших эрхээ шилжүүлсэн. XIX , XXI , XXII талбайнууд дээр ”Соко” компани ажиллаж байгаад гарахдаа ”Петро Чайна Дачин Тамсаг”-т эрхээ шилжүүлсэн. Зүүнбаянгийн газрын тосны сав газарт ажиллаж байсан ”Рокойл” компани Хятадын ”Доншен”-д эрхээ шилжүүлсэн.
Манай улсад 2010, 2012 онд газрын тосны хайгуулын ажил үндсэндээ дуусна. Монгол улс 2010 оноос эхлээд тодорхой талбайнууд дээрээ үйлдвэрлэлийн газрын тос олборлогч орон болсон гэдгийг зарлана. Манай улс ийм нөөцтэй, тиймээс дэлхийд Монгол улс албан ёсны түүхий тос олборлогч орон боллоо хэмээн зарлах болно.
Манай Газрын тосны тухай хууль бол анх 1991 онд батлагдсан. Одоог болтол өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. Манай энэ хууль дэлхийн шилдэг 10 хуулийн нэг гэж яригддаг. Бүтээгдэхүүн Хуваах Гэрээний үндсэн зарчмыг энэ хуульд тусгасан байгаа. Хуулийн дагуу хэрэгжүүлэх журам гэж бий. Уг журам дээр бүх заалт тодорхой туссан.
Роялти буюу байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялгийг ашигласны төлбөр гэж байдаг. Анх Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ байгуулахдаа уг төлбөрийг 0 хувь байхаар шийдвэрлэсэн асуудал бий. Бид ирэх онд газрын тосны олборлолтод шилжих үед энэ асуудлыг ярих хэрэгтэй болно. Одоо хайгуулын хугацаа нь ерөнхийдөө дуусч байгаа учраас роялтийн талаар хараахан хөндөгдөөгүй байгаа. Үүнээс хойш байгуулж байгаа бүх Гэрээнд роялтийн хувь хэмжээг бид тавьсан. Ер нь уул уурхайн салбарт дунджаар 2.5 хувийн төлбөр ногдуулдаг жишиг байдаг. Манайх хамгийн бага нь 8 хувь, сүүлийн гэрээнүүдэд бол 10-12.5 , бүр 13 хувь хүртэл роялти тогтоосон. Тэгэхээр энэ бол маш өндөр үзүүлэлт гэж ойлгож болно.
Засгийн газраас нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр, зөвхөн хөрөнгө оруулагчдын зардлаар эдгээр хайгуул олборлолтын үйл ажиллагааг явуулдаг. Бид газрын тосноосоо доод тал нь 40 хувь, олборлолт нэмэгдэх тусам дээшээ 75 хувьд хүрэх хэмжээнд бүтээгдэхүүний ашиг хуваах нөхцөл тавьсан. Тийм учраас манай байгуулж байгаа гэрээ бол Монгол улсад хамгийн ашигтай гэрээ гэж ойлгож болно.
Бүтээгдэхүүн хуваах энэхүү зарчмыг Оюутолгой зэрэг томоохон орд дээр ч ашиглах нь гэсэн байр суурь сонсогддог.
УИХ-ын гишүүдээс эхлээд ард түмэн, эрдэмтэн мэргэд ч энэ талаар их ярьж байна. Манай байгуулж байгаа БХГ-г Оюутолгойн орд зэрэг томоохон төслүүд дээр ашиглавал яасан юм бэ гэсэн саналууд их гарч байгаа. Манай БХГ-ний зарчмыг маш олон хүн судалж байна. Бид ч хамгийн зөв зарчмаар явж байгаа гэдгээ үзүүлж, сонирхсон улсуудад бүх мэдээллийг өгч байгаа.
Монголчууд газрын тосны нөөцтэй болохоо мэдэж, баярлаж байснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ер нь газрын тосны гарц хэр нэмэгдэж ирсэн бэ?
Та бүхэн санаж буй байх. Анх 1997 онд Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагт очоод дээлээ тосоор мялаасан. Түүнээс хойш мэдээж баталгаатай тос бол байгаагүй. Гэхдээ бид олборлолтоо баталгаажуулан, жилээс жилд олборлолт нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 1 сая 200 мянган баррель тос гаргасан. Энэ жил 2 сая баррель тос гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2012 оны үед 10 сая баррельд хүргэх зорилт тавьж байна. Ирэх гурван жилд бид одоо олборлож байгаа хэмжээгээ 5 дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.
Манай улс дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломж хэр ойр харагдаж байна вэ?
Дээр миний дурдсан тоогоор баримжаалан авч үзвэл дээр нь хэрвээ өнөөдрийн хэрэгцээгээрээ жишиж бодох юм бол 2013 онд бид дотооддоо олборлож байгаа тосоор хэрэгцээгээ хангах хэмжээнд дөхөж очно. Бараг хэрэгцээндээ хүрч чадна гэсэн үг.
Гэхдээ олборлон гаргаж байгаа газар маань бүр нутгийн зүүн хязгаарт. Хэрэглээ маань дийлэнх нь төв хэсэгтээ байдаг. Тэгэхээр тээвэрлэлтийн асуудал бэрхшээл болдог юм. Түүхий тосыг тээвэрлэнэ гэдэг хамгийн хүнд нөхцөлтэй тээвэр байдаг. Ерөөсөө дамжуулах хоолой барьсан тохиолдолд л хамгийн хямд зардалтай хүргэлт болдог. Автотээврээр ийм их хэмжээний газрын тос тээвэрлэх нөхцөл үнэхээр байхгүй. Төмөр замын тээвэр гэсэн хувилбар бий. Гэтэл газрын тосны сав газраас нутгийн төв хэсэг рүүгээ татсан төмөр зам манайд байхгүй. Ингээд бодохоор бас хэцүү асуудал байгаа биз. Энэ бүгдийг төрийн бодлогоор уялдуулж зохицуулахаас өөр арга байхгүй ээ.
Манай улсын газрын тосны салбарт Хятадын компаниудын хөрөнгө оруулалт оролцоо давамгай байна гэсэн болгоомжлол байдаг. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?
Нэгдүгээрт, газрын тосны салбарт сүүлийн үед Монголын компаниуд дийлэнх нь болж байна шүү дээ. Хоёрдугаарт , манай салбарт Канад нь ч байна, Швейцарийн хөрөнгө оруулагч ч үйл ажиллагаа явуулж байна. Монголын компанитай хамтарч байгаа нь гэхэд Австрали улс байна. Ер нь чамлахааргүй олон компани ажиллаж байгаа. Бидний хамгийн гол зорилго бол Монголын Засгийн газарт аль нь ашигтай санал хэлж, хамгийн их хэмжээгээр ашгаасаа хуваалцаж байна вэ гэдэг нь гол юм. Бид ийм шаардлага хангасан газартай л ажиллана. Бид Монголын ард түмний төлөө ажиллаж байгаа болохоос аль нэг улсын юм уу, эсвэл аль нэг компанийн төлөө ажиллаагүй гэдгээ шууд хэлмээр байна. Ерөөсөө ямар нэг улс төрийн байдлаар юм уу, аль эсвэл геополитикийн талаас нь асуудлыг авч үзээгүй гэдгийг хэлмээр байна.
Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байна. Орос улс нефть бүтээгдэхүүний экспортын татвараа нэмээд, монголчуудын хувьд хэцүүхэн өдрүүд үргэлжилж байна. Энэ удаагийн үнийн өсөлт хэр өндөр байх бол?
Дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ хаашаа хэлбийнэ, түүнийх нь дагуу газрын тосны бүтээгдэхүүний үнэ буюу шатахууны үнэ дагаж хөдөлдөг. Ийм л зарчмаар дэлхий нийт амьдарч байгаа. Монгол улс ийм нөхцөл байдлаас ямар ганцаараа салаад явалтай биш. Ижилхэн зах зээлийн зарчмаар л явна. Гэхдээ бид аль болох нэг улсын , ер нь гадны улсуудын хараат биш байхаар ажлаа төлөвлөж , Засгийн газар мөрийн хөтөлбөртөө авах арга хэмжээнүүдээ оруулаад ажиллаж байна. Дотооддоо газрын тос олборлоод, боловсруулах үйлдвэр бариад, тэр бүтээгдэхүүнээрээ хэрэгцээгээ хангана гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. Одоохондоо энэ хоорондох бэрхшээлтэй үед бид зах зээлийн жамыг, үнийг дагахаас өөр арга байхгүй. Гэхдээ ард түмнээ, хэрэглэгчдээ ямар ч нөхцөлд газрын тосны бүтээгдэхүүнээр тасалдуулахгүй, тасралтгүй найдвартай хангах үүрэг бидэнд ногддог. Бид хүлээсэн үүргээ 100 хувь, түүнээс ч илүүгээр биелүүлж байгаа гэж боддог.