Засгийн газрын шинэ оны хамгийн эхний хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж улмаар УИХ-д өргөн барьсан билээ. Эдийн засаг, хөгжлийн төлөвлөлтийн цоо шинэ агуулга бидний амьдралд орж ирэх гэж буй энэ үед Сангийн сайд С.Баярцогтоос дараах тодруулгыг авлаа.
Манай улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болохын ач холбогдол юу вэ?
Монгол Улсад төсөв зохиох, батлах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг хангахтай холбогдсон асуудлыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн нягтлан бодох бүртгэлтэй холбогдсон харилцааг Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар тус тус зохицуулж байна. Гэвч төсвийн бодлого, стратеги, төсвийн тогтвортой байдлын удирдлага, түүнийг хангах хэрэгсэл, төсвийн удирдлагын үндсэн зарчим, төсвийн тусгай шаардлагыг олон улсын жишгээр тогтоох, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангах талаарх эрх, үүрэг, хэм хэмжээ, хариуцлага нь бүрэн хэмжээнд хуульчлагдаагүй байгаа юм.
Үүнээс шалтгаалан улсын төсвийг зохиоход Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлж төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аас зөвшөөрдөг боловч улсын төсвийн төслийг боловсруулах, төсвийг батлахдаа баримтлахгүй байх, хууль тогтоох байгууллага улсын төсвийн төслийг хэлэлцэх явцдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан эдийн засгийн өсөлт, төсвийн нийт орлого, түүний дотор татварын орлого, төсвийн нийт зарлага зэрэг суурь үзүүлэлтийг өөрчлөх, санхүү, эдийн засгийн гадаад, дотоод түр зуурын хүчин зүйлийн улмаас бий болсон тогтворгүй орлогыг төсвийн санхүүжилтэд зориулж , төсвийг хэт тэлэх шийдвэр гаргадаг.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцогч улс төрийн нам улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгө хуваарилах амлалтыг олон нийтэд сонгуулийн хөтөлбөрөөр амлах замаар иргэдийн саналыг авах буруу зуршил тогтож болзошгүй байгаа юм. Эдгээр байдал нь дараагийн жилүүдэд тодорхой шалтгаанаар төсвийн орлого буурах үед төсвийн санхүүжилтийг өмнөх түвшингээр нь уламжлан санхүүжүүлэх бодит боломжгүй болгож байна.
Ийнхүү төсвийн тогтворгүй байдал үүссэн нөхцөлд төсөв тогтворжуулах үндэсний санхүүгийн хуримтлалгүйгээс болоод төсвийн алдагдал нэмэгдэх, нийгэм, эдийн засгийн салбар, улсын хөрөнгө оруулалтын зэрэг уламжлалт санхүүжилтийг огцом хасах шаардлага гарч, энэ нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, улмаар макро эдийн засаг, санхүүгийн тогтворгүй байдал үүсгэж, улсын төсөв санхүүгийн эрсдэл бий болгож байгаа юм.
Дээр дурдсан нөхцөл байдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар шийдвэрлэх бөгөөд “Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай” хуулийг бий болгох нь төсвийн хариуцлагыг бэхжүүлэх, төсвийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтойн зэрэгцээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтооход чухал нөлөө бүхий үзүүлэлт болж байгаа юм.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.