Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Жозеф Стиглиц, Нобелийн эдийн засгийн шагналтан

Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 5-8-ны өдрүүдэд “Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна. Эдийн засаг, санхүү, төсвийн менежмент, банкны салбар, хөрөнгийн зах зээлд Монгол Улс эргэлтийн шинжтэй алхмууд хийх гэж байгаа 2010 оны эхэнд энэхүү чуулга уулзалт нээгдэж буйгаараа онцлог юм.
Чуулга уулзалтад дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, төрийн байгуул­лагууд, эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцоно. “Эдийн засгийн чуулга уулзалт”-ын нэг онцлох хэсэг нь “Төсвийн шинэтгэл”-ийн талаар санал солилцох хуралдаан юм. Уг хуралдаанд Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц илтгэл тавина.

Америкиийн эдийн засагч Стиглиц  Жозеф Южин (Joseph Eugene Stiglitz) нь Жорж Акерлоф, Майкл Спенс нарын хамт 2001 оны Нобелийн эдийн засгийн шагналыг “Тэгш бус мэдээлэл бүхий зах зээлүүд” (нэг хэсэг нь бусдаасаа илүү их мэдээлэлтэй байх зах зээл) судалгаагаараа авсан.
Стиглиц Индиана мужийн Гэри хотод 1943 онд төржээ. Тэрээр Амхерст коллежийн бакалаврын зэрэг горилон байхдаа Массачусетсийн  Технологиийн дээд сургуульд суралцах тэтгэлгийн эрх авчээ. Тус сургуульд түүний багшаар мөн л Нобелийн эдийн засгийн шагналтнууд болцгоосон  Пол Самуэльсон, Роберт Солоу, Франко Модильяни и Кеннет Эрроу нар ажиллаж байсан нь сонин.

АНУ болон дэлхий дахины нийгэм-улс төрийн үйл явцууд залуухан Стиглицын шинжлэх ухааны дур сонирхолд гүнзгий  ул мөрөө үлдээсэн байдаг. «Намайг дээд сургуульд орох тэр үеэс эдийн засгийн зохион байгуулалтын асуудал хамгийн өргөн хэлэлцэгддэг сэдэв байлаа. Миний бие хүйтэн дайны ид үед өсөн хүмүүжжээ. Тэр үед коммунизм нь эрх чөлөөг золиослон эдийн засгийн өсөлтийн өндөр үзүүлэлтийг харуулж буй мэт санагдаж байсан юм. Дэлхий ертөнцийн дийлэнх хэсэг нь эдийн засгийн өсөлт, ардчиллыг боймлодог гэх зэргээр миний  хүмүүжиж, итгэж ирсэн тэр бүх зарчмуудтай зөрчилддөг колонийн дарлалд байгаагаар төсөөлөгддөг байв. Чөлөөт эдийн засаг нь нийгмийн өргөн давхрагыг ядууралд хүргэдэг ажилгүйдлийн ужиг өвчинд нэрвэгдсээр байх мэт санагдаж байлаа» гэж  Стиглиц хожим нь дурссан байдаг. Цаг үеийн эдийн засаг, нийгмийн үндсэн асуудлуудыг шийдвэрлэх хувилбар арга замуудыг эрэлхийлэх хүсэл сонирхол нь түүнийг олж болох боловсролоо Массачусетсийн дээд сургуулиар хязгаарлах боломжгүй болгожээ. Тэрээр эдийн засгийн нэг сургуулийг нөгөөгөөр сольж, нэг сэдвээс  нөгөөд  шилжиж байв.  

Стиглиц 1965–1966 онд Английн  Кэмбрижид суралцахаар ирж, ирээдүйд Нобелийн шагналтнууд болох Жим Мирлис, Жеймс Мид зэрэг гялалзсан залуу эдийн засагчидтай хамт боловсролоо дээшлүүлэв. Тэр үед түүний судалгаа эдийн засгийн өсөлт, инноваци, орлогын дахин хуваарилалт зэрэг асуудлуудад зориулагдаж байлаа. Харин Америкт эргэж ирээд Йелийн их сургуульд багшлах болж  эрсдэлийн эдийн засгийг судалж эхлэв. Энэ нь эцэстээ түүний судалгааных нь гол сэдэв  болох мэдээллийн эдийн засгийн онолд хүргэсэн юм. Ингээд түүний эрдэм шинжилгээний ажлын цөм нь мэдээллийг цуглуулах, шинжлэх, түгээх болон хангалтгүй мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргалтыг судлах асуудал болов.  

Социалист тогтолцоо задран унаж, хуучин Зөвлөлтийн орнууд зах зээлийн эдийн засагт шилжсэн 90-ээд оны эхэн үе нь Баруунд Дорнод Европын улс орнуудын эдийн засагт шинэтгэл хийх арга замуудыг эрэлхийлэх асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэхэд түлхэц болсон юм. Энэ нь зах зээлийн эдийн засгийн зарчмын асуудлуудаарх маргаан, санал зөрөлдөөний талбар болж байлаа. Баруунд ноёрхож байсан эдийн засгийн “школынхон” өөрчлөлтийг улсын секторыг хувьчилж, “цочир эмчилгээний” аргаар эрчимтэй хийхийн төлөө байсан. Тэгвэл тэдний  эсрэг тал болох “градуалистууд ”(С.С:“градуализм”-1.Инфляцийг эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах замаар аажмаар, урт удаан  хугацаанд бууруулах бодлого. 2. Эдийн засгийн тогтолцоог нэг байдлаас нөгөөд ямар нэг эрс эргэлт , “цочир эмчилгээгүйгээр” аядуу аргаар шилжүүлэх эдийн засгийн онол) өөрчлөлтийг төрийн зохицуулалтын чухал функцүүдийг хадгалж үлдэн, аажмаар хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн нотолж байв.

Эхний чиглэл нь Олон Улсын Валютын Сангийн хуучин социалист орнуудад явуулсан бодлогод хамгийн тод илрэлээ олсон байдаг. Харин эхлээд Билл Клинтоны засаг захиргаанд Эдийн засгийн зөвлөхүүдийн хорооны даргаар ажиллаж байгаад, дараа нь Дэлхийн банкны Ерөнхий эдийн засагчийн албыг хаших болсон Жозеф Стиглиц олон улсын тавцанд энэ чиглэлийг шүүмжлэгчдийн дуу хоолой болж байлаа. Гэтэл тэрээр 1999 онд АНУ-ын Сангийн яам болон Олон Улсын Валютын Сангийн  шахалтаар огцрохдоо Дэлхийн банк, Олон Улсын Валютын Санг Орос болон Зүүн Өмнөд Азид алдаатай бодлого явуулсан хэмээн ил тодоор буруутгасан байдаг.  

Ерөнхийлөгчийн засаг захиргаа болон олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд оролцсондоо урам нь хугарсан Стиглиц Клинтоныг хоёр дахь удаа сонгогдоход нь Засгийн газрын багт дахин орохоос татгалзсан.  Гэсэн хэдий ч тэрээр  өөрийн олон улсын нэр хүнд, дүн шинжилгээ, захиргааны ажлын туршлагадаа тулгуурлан Колумбийн их сургуулийг түшиглүүлэн шилжилтийн болон хөгжиж буй эдийн засагтай орнуудад хөгжлийн хувилбар арга замуудыг боловсруулан гаргахад нь туслах зорилгоор “Улс төрийн яриа хэлэлцээрийн төлөөх санаачлага” («The Initiative for Policy dialogue») хэмээх эдийн засагч, улс төрчид оролцсон шинжлэх ухааны бүлгийг байгуулсан. Ингээд Колумбийн их сургууль түүний үндсэн ажил болсон бөгөөд тэндээ өөрийн шинээр бий болгосон сонгомол бус эдийн засаг буюу мэдээллийн эдийн засгийн хичээлээ заах болсон. Стиглиц нь АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академи,  Америкийн Шинжлэх ухаан, урлагийн академи болон Эконометриксийн нийгэмлэгийн  жинхэнэ гишүүн юм.

Зарим бүтээлүүд: Улсын секторын эдийн засаг. М., 1997; Whither Socialism? The Wicksell Lectures, Cambridge (Mass.), Lnd., 1994; Principles of macroeconomics, N.Y., Lnd., 1993; Globalization and its discontents, Lnd., 2002; Rebel Within: Joseph Stiglitz and the World Bank, Anthem, 2001; Улсын секторын эдийн засгийн онолын цуврал лекц (Э.Аткинсоны хамт), М., 1996.

Нобелийн шагнал
Шведийн Төв банкнаас 1968 онд Альфред Нобелийн дурсгалд зориулан бий болгосон Нобелийн шагналын 2001 оны эздээр Эдийн засгийн  шинжлэх ухааны салбарт АНУ-ын гурван эрдэмтэн  Жорж Акерлоф, Майкл Спенс, Жозеф Стиглиц нар тодров. 

Тэр үед Шведийн Шинжлэх ухааны академийн мэдээлснээр эдгээр эрдэмтдийн тэгш бус мэдээлэлтэй зах зээлүүдийг шинжлэн судлах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү нэр хүнд бүхий шагналыг олгожээ.  Тэд уламжлал ёсоор 10 сая швед кроны шагналаа тус шагналыг бий болгогч Альфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотноо гардан авсан. Шагнал гардсан эдгээр эдийн засагчдаас хамгийн нэр хүндтэй нь Колумбийн их сургуулийн профессор, Ерөнхийлөгч Клинтоны зөвлөх болон Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч байсан Жозеф Стиглиц юм. Тэрээр Дэлхийн банк болон Олон Улсын Валютын Сангаас 90-ээд оны сүүлчээр болсон Азийн санхүүгийн хямралын үед явуулсан үйл ажиллагааны гол шүүмжлэгч байлаа.  
Мөн түүний хамтрагч Жорж Акерлоф нь “нимбэгний” гэгдэх зах зээлийн загварыг хуучин автомашины зах зээлийн жишээн дээрээс бий болгосон юм. Хангалтгүй мэдээлэлтэй нөхцөлд хэрэглэгч сайнгүй барааг худалдан авч таардаг гэдгийг Акерлоф харуулсан байдаг.

С.Сайнбилэг