Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Б.Алтсүх: Нүүрсний бирж байгуулаад зөвхөн Хятад биш, бусад улсад ч нийлүүлэх хэрэгтэй


Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Алтсүхтэй нүүрсний салбар дахь  бодлогын талаар ярилцлаа.


Нүүрсний салбарын өнөөгийн байдал ямар түвшинд байна вэ?


Эхлээд  нүүрсний салбарын тухай  товчхон мэдээлэл өгье.  Ер нь   нүүрсний салбарын түүхээс  Монголын  уул уурхай болон  эрчим хүчний салбарын үүх түүх эхэлдэг. Анх Налайхын уурхайд нүүрс олборлож эхэлснээр  ууган гал голомт болсон энэ салбар  үүссэн юм.  Энэ салбар социализмын үед   хүчтэй  байсан.   Тухайн  үед одоогийнх шиг агентлаг гэх зэрэг   газаргүй  байхад  “Нүүрсний үйлдвэрлэлийн нэгдэл”  гэсэн  том агентлаг  үйл  ажиллагаа явуулж энэ байгуулгыг яамны орлогч сайд нь удирддаг байв. 1996-2000 оны Засгийн газрын үед  Нүүрсний газар  гээд 70 гаруй хүнтэй  хэрэгжүүлэгч агентлаг   ажиллаж байгаад  2002 оноос  Эрчим хүчний газартай нэгтгэсэн.  Манайхан   ирээдүйгээ харахгүйгээр зөвхөн өнөөдрийн  бэрхшээлдээ тулгаж  л  асуудлаа шийддэг шүү дээ.  Тиймээс  тухайн  үед  нүүрсний салбар   асуудалгүй болоод ирэхэд  тэр агентлагийг татан буулгачихсан.     Харин  2004 оны Засгийн газрын үед  нөгөө агентлагаа ч татан буулгаад, буурин  дээр нь   шинээр  Түлш  эрчим хүчний яам гэж байгуулж,  дотор нь   Түлшний бодлого зохицуулалтын газар  байгуулсан.   Тэнд  нүүрсний асуудал  хариуцсан  арав  гаруй хүнтэй газар ажиллаж байсан.  Энэ нь Засгийн газар өөрчлөгдөх бүрт мэргэжилтнүүд нь цөөрсөөр  мөнөөх  газар  ч байхгүй болсон. Одоо ЭБЭХЯ-ны   нүүрс,   нефть,  хий  хариуцдаг   Түлшний бодлогын газарт   нүүрсний асуудал хариуцсан надаас гадна нэг л мэргэжилтэн  бий.  Чухал  ач холбогдолтой, бүхэл бүтэн  энэ том салбарыг хоёрхон   хүн хариуцаж   төрийн бодлого  боловсруулаад,   зангидаад  мэдээллээр хангаад явахад  хүндрэлтэй л дээ.  Үүнээс   болоод  салбарын  бодлого алдагдах явдал байх  юм. Гэхдээ энэ ажлыг тасалдуулаагүй ёстой “гэрт орж эм, гадаа гарч эр” гэгчийн үлгэрээр л ямар нэг байдлаар  залгуулаад  явж  байгаа.  Ерөөсөө  л  яам гээд бодлого боловсруулж  суучихаад  хэрэгжилтийн ажилд нь оролцохгүй байна гэж үгүй.  Тэнд нэг уурхай болохоо байж техник нь  эвдэрлээ,  энд  нүүрс байхгүй  боллоо гэхэд    тэр бүх асуудалд нь оролцож явдаг. 
1990 оноос Монгол улс нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээр нүүрс олборлолт жилээс жилд буурч, өртөг зардал нэмэгдэн улмаар улс орны түлшний хэрэгцээг найдвартай хангаж чадахгүйд хүрч, уурхайнуудын техник технологийг шинэчлэх шаардлагатай болсон. Энэ хүндрэлийг  гадаадын  хөрөнгө оруулагчид, хөгжилтэй орнууд анзаарсан. Улмаар  Японы мэргэжилтнүүдийн  оролцоотойгоор “Монгол нүүрс”  төсөл   боловсруулж  хэрэгжүүлсэн.
Иймээс Нүүрсний салбарт хэрэгжүүлэх төслүүдийг Японы засгийн газраас Монголын  Засгийн газарт олгосон төслийн бус буцалтгүй тусламжийн хөрөнгө ба Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хөгжлийн Банк /JBIC/ -ны  хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Нүүрсний салбарт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, төслүүдийн үндсэн зорилго нь Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон бусад орон нутгийн уурхайнуудыг өргөтгөн техник технологийн шинэчлэлт хийж, хөрс хуулалтын ажлыг төлөвлөгөөт зорилтод хүргэх, нүүрс олборлолтыг Багануурын уурхайд 4.0 сая тонн, Шивээ-Овоогийн уурхайд 2.0 сая тоннд хүргэх замаар төвийн бүсийн болон орон нутгийн нүүрсний хангамжийг сайжруулж тэдгээрийн найдвартай ажиллагааг хангасан.
 Уг   төслийн  дагуу  Дэлхийн банк,  Японы Засгийн газраас нүүрсний салбарт том хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн.  Дэлхийн банкны төслөөр  Багануурын уурхайд 50  сая  ам.долларын, Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Шивээ-Овоо, Багануурын уурхайд 70-аад сая  ам.долларын  өртөгтэй  төсөл хэрэгжсэн.  Түүнчлэн Японы Засгийн газрын буцалтгүй  тусламжаар орон нутгийн 10 уурхайд  төсөл хэрэгжүүлж, техник технологийг нь шинэчилсэн  юм.  Эдгээр  шинэчлэлийн ажил 1997- 2002 онд явагдаж дууссан. Ер нь 1995,1996 оны үед  нүүрсээр   тасалдаж, эрчим хүчинд их доголдол гарч үе үе цахилгаан  хязгаарладаг. Оршин суугчид даарч хөрөөд л дээл хувцастайгаа өвөлждөг хүндрэлтэй байсан.  Харин дээрх  төсөл, тусламж, техникийн шинэчлэлийн арга хэмжээний хүрээнд  нүүрсний салбарын үйл ажиллагаа   жигдэрч, 2002 оноос өнөөдрийг хүртэл   ямар нэг асуудалгүй явж  байна. 
Түлш эрчим хүчний салбар   нэг бүтцэд байсан гэдгийг би түрүүн хэлсэн.  Нүүрсний уурхай гэдэг   бол уул уурхайн салбарын нэг гол хэсэг нь шүү дээ.  Хайгуулыг нь хийх, тэнд нь лиценз олгож,  ашиглалт явуулах зөвшөөрөл олгох   тэр  бүх асуудал нь   Үйлдвэр,  худалдааны яамны  Уул уурхайн салбарт харъяалагдаж байсан.  Харин  Түлш эрчим хүчний  яаманд түлшний салбар  эрчим хүчтэйгээ хамт   байхаараа зөвхөн ашиглалт талыг нь хариуцдаг. Уурхайн  нүүрсээр  станцуудыг хангах  бодлого,  үйл ажиллагаа явуулж байсан.  2008 онд шинэ   Засгийн газар байгуулагдахад   уг салбарын хүмүүс түлш нь  уул уурхайнхаа салбараас  саланги байж  болохгүй  байна, эрчим хүчнийхээ салбартай нэг харъяалалд,  хэрэглэгч үйлдвэрлэгч хоёр нэг тогоонд орчихоор  өр авлага нь барагдахгүй   байдалтай боллоо гэж танилцуулж байсан. Тиймээс одоо уул уурхайн салбартаа  түлшний  салбар нь хамт орчихож байгаа юм.
Гэхдээ олон улсын жишгээс   харахад нүүрс  бол эрчим хүчний үндсэн эх үүсвэр. Тэгэхээр эрчим хүчнээс бүр салаад  биеэ даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй.  Одоогийн нөхцөлд  аль аль талыг  нь хангасан  ЭБЭХЯ  гэж байгаа нь зөв бүтэц юм. Дээр дурдсан гадаадын хөрөнгө оруулалт, тусламжийн  үр дүнд  нүүрсний салбар  тодорхой хугацаанд  бэрхшээл бага  болоод ирсэн учраас бага зэргийн асуудал байлаа  гэхэд төр, засгийн хэмжээнд  төдийлөн онцгой  ач  холбогдол өгөхгүй  болсон.  Энд ажиллаж байгаа ажилчдын  орон тоо нь ч цөөрсөн.  Удирдлагын түвшинд  мэргэжлийн хүмүүс  томилогдохгүй  болсон.  

Мэргэжлийн бус хүмүүс салбарын бодлого боловсруулах нэрээр төрийн ажлыг ихээхэн уяж хүндрүүлж байгаа талаар багагүй яригдаж байна?

 Боловсон хүчний асуудлыг нарийн авч үзэх шаардлагатай.  Ерөөсөө   сүүлийн үед   мэргэжлийн хүмүүсийг авч хэлэлцэхээ больчихлоо. Намын  төлөө жаахан зүтгэсэн,  сонгуульд идэвхтэй оролцсон  хүмүүс     дээрээс томилгоотой аль  нэг албан тушаал дээр очоод суучихдаг.  Бодлого  боловсруулж байгаа ч юмгүй. Мэргэжлийн бус  хүн  тухайн  Засгийн газрын   бүрэн эрхийн хугацаанд жаахан тоглолт хийгээд л явах бодолтой байдаг. Энэ салбарын төлөө сэтгэлтэй, жинхэнэ мэргэжлийн хүн бол    “Би   хэзээ ч энэ салбараас холдож чадахгүй. Тиймээс  өөд нь татахын төлөө бодлого боловсруулъя, зүтгэе”  гэсэн эрмэлзэлтэй байна шүү дээ.  Харин улс төрийн томилгоотой  хүмүүст   тийм эрмэлзэл байдаг гэхэд хэцүү.  Олонх нь   “Би  мэргэжлийн биш  юм чинь дараагийн Засгийн газрын  нэг   сайд  дарга томилогдоход л  эндээс явна”  гэсэн хоноцын сэтгэлгээгээр ханддаг байдал ерөөсөө  хаа сайгүй бий.  Энэ нь салбар бүрийн  хөгжилд муугаар нөлөөлдөг.  Уг нь  бүх шатанд нь мэргэжлийн хүн  томилчихоод,  тэр хүн  ажлаасаа  халагдлаа  ч гэсэн     салбартаа л хүчин зүтгэхээр  зохицуулдаг,  арай  эрүүлээр сэтгэдэг бол байдал өөр л болно.  Гэхдээ би   бүх хүмүүсийг хавтгайруулж хэлээгүй.  Монгол улсын эрх ашгийг бодсон   аядуу гайгүй  хүмүүс  нь  албан тушаалын хойноос хөөцөлдөж  чадах ч үгүй,  явах ч үгүй байна.  Муу  арга  зальтай нь  бол   “дараагийн Засгийн газрын үед хэн нь сайд  дарга,  УИХ-ын гишүүн болох вэ”  гээд бүр тоочиклочихсон тэр хүнээ бараадаад  ая тал засаад л   гүйж байдаг. Бүр  тийм давхарга, бүлэг улсууд бий болчихсон юм биш үү.  “Албан тушаалтнуудыг дагаж яваад жаахан юм олоод бултая” гэсэн л бодолтой байхаас, салбарын  мэргэжлийн удирдлага, мэргэжлийн боловсон хүчний бодлого Монгол улсад үнэхээр алдагдаад байна.  Одоогоор нүүрсний салбарын талаар төр засгийн хэмжээнд дээш нь асуудлаа ойлгуулчих, танилцуулах хүн байхгүй, айлын хаяа бараадсан өнчин хүүхдүүд шиг  хүний харцаар л ажиллаж байна даа.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.