Олон улсын гидрогеологичдын ассоциацийн гишүүн, Монгол-Голландын хамтарсан усны нэгдсэн менежментийг бэхжүүлэх төслийн эксперт, шинжлэх ухааны доктор Н.Жадамбаа
Тавантолгой ордын нүүрсийг олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборын ус хангамжийн эх үүсвэр нь 2010 оны эхэн үеийн судалгааны түвшинд Балгасын (Балгас) улаан нуур, Наймдайн талын газрын доорхи усны ордууд болж болохын дотор Балгасын (Балгас) улаан нуурын газрын доорхи усны орд голлох ач холбогдолтой байхаар байгаа юм.
Балгасын улаан нуурын газрын доорхи усны ордын ашиглаж болох боломжит нөөц. (Монгол Улсын Усны тухай хуулийн 3.1.11 дүгээрт “ашиглаж болох боломжит нөөц” гэж сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгээр тодорхой хугацаанд ашиглаж болох усны нөөцийн дээд хэмжээг хэлэхээр заасан байдаг).
Балгасын (Балгас) улаан нуурын газрын доорхи усны ордын гидрогеологийн урьдчилсан хайгуулыг 1984 онд, нарийвчилсан хайгуулыг 1987 онд дуусгасан билээ [1, 2]. 1984 онд дуусгасан урьдчилсан хайгуулын дүнгээр Балгасын улаан нуурын газрын доорхи усны нөөцийг В зэрэглэлээр 12727 м3/хоног, С1 зэрэглэлээр 26153 м3/хоног, 1987 онд дуусгасан нарийвчилсан хайгуулын дүнгээр А зэрэглэлээр 20736 м3/хоног, В зэрэглэлээр 11491 м3/хоног, С1 зэрэглэлээр 7949 м3/хоног, нийлбэрээрээ 40176 м3/хоног (465 л/с) гэж тус тус тогтоосон байлаа. Харин 2007-2008 онд “Шандын булаг” ХХК Балгасын улаан нуурын газрын доорхи усны орд дээр бага зэргийн нэмэлт судалгаа хийгээд газрын доорхи усны нөөцийг нэлээд хэмжээгээр багасган тооцоолж БОАЖЯ-ны Усны газарт оруулсан байна.
Нарийвчилсан хайгуул хийсэн гидрогеологич Н.Мөнхбаатар, А.Г.Мелехов нар Балгасын улаан нуурын орд, түүний ойр тойронд 1) орчин үеийн дөрөвдөгчийн настай нуур, нуур аллювийн гаралтай хурдас дахь ус үндсэндээ үл агуулагч нүх сүвэрхэг бүрдэл, 2) дээд-дунд дөрөвдөгчийн настай пролюви, пролюви-аллювийн гаралтай хурдас дахь элбэг нөөцтэй ус агуулагч нүх сүвэрхэг бүрдэл, 3) дээд цэрдийн настай хурдас дахь алаг цоог тархалттай ус агуулагч бүрдэл, 4) дээд пермийн настай тунамал чулуулаг дахь тун бага нөөц бүхий ус агуулагч давхраадаст- нүх сүвэрхэг бүрдэл, 5) силур-доод пермийн настай тунамал- бялхмал чулуулаг дахь тун бага нөөц бүхий ус агуулагч ан цавлаг бүсийг ялгажээ (1 дүгээр зураг). Н.Мөнхбаатар, А.Г.Мелехов нар ус хангамжид хамгийн ирээдүйтэй төв бүрдэл нь дээд-дунд дөрөвдөгчийн настай, пролюви, пролюви- аллювийн гаралтай сэвсгэр хурдаст үүссэн гэж үзсэн байна.
Эрлийн үе шатанд профиль, цооногуудын хооронд 2-7 км зайтай байрлуулсан 60-150 м гүнтэй 51 цооног өрөмдсөний дотор гидрогеологийн стрүктүүрийн 250 м гүнтэй нэг цооног (цооног ¹ 61), 400 м гүнтэй нэг цооног (цооног ¹ 57), 152 мм диаметрээр дуусгасан хоёр цооног (цооног ¹ 80, 66), 295 мм диаметрээр дуусгасан нэг цооног (цооног ¹ 68),бусад цооногуудад 127 мм, 146 мм, 203 мм диаметртэй шүүр суулган туршилт шавхалтын ажил хийжээ.
Урьдчилсан хайгуулын үе шатанд 60-100 м гүнтэй 24 цооногийг Балгасын улаан нуурын хотгорын төв хэсэгт, эрлийн шатны үед өрөмдсөн цооногуудын хооронд байрлуулан өрөмдөж, 2-8 ажиглалтын цооног бүхий багц шавхалтыг 4 удаа (цооног ¹ 105, 108, 109, 110) хийжээ. Цооногуудад суулгасан шүүрийн диаметр ажиглалтынхад 108 мм, ганцаарчилсан шавхалтын цооногуудад 127 мм, багц шавхалтын цооногуудад 127 мм (цооног ¹ 105, 108, 110) ба 209 мм (цооног 109) байв. Урьдчилсан хайгуулын үе шатанд 8 цооногт босоо бүсчилсэн шавхалт хийж ус агуулагч бүрдлийн нээгдсэн зүсэлтийн хэмжээнд усжилтын чадвар болон усны чанарын хувьд онцын их өөрчлөлт байхгүй байгааг тогтоожээ. Урьдчилсан хайгуулын үед Балгасын улаан нуурын ордыг усжилтаарааа ялгаа бүхий Өмнөд, Зүүн, Баруун гэсэн 3 хэсэгт (блок болгон) хуваажээ.
Нарийвчилсан хайгуулын үе шатанд гидрогеологийн туршилт шавхалтын ажилд гол анхаарлаа хандуулжээ. Өмнөд хэсэг дээр дөрвөн туршилтын багц шавхалт (цооног 66, 25, 110, 85), Баруун хэсэгт мөн 4 туршилтын багц шавхалт, харин Зүүн хэсэг дээр 4 удаагийн ганцаарчилсан туршилтын шавхалт тус тус хийжээ. Бүх багц шавхалтын үед хоорондоо перпендикуляр чиглэлээр байрласан цацрал ажиглалтын цооногуудтай байсны дотор 1 дүгээр ажиглалтын цооногууд нь төв цооногоосоо 10-15 м зайд 2, 3, 4 дүгээр ажиглалтын цооногууд нь 20 м, 35 м, 50 м зайд байрлуулж байв. Нарийвчилсан хайгуулын үед бүлэгчилсэн туршилтын шавхалтыг 12 цооногоос хийсний дотор Баруун хэсэгт 68, 26, 93, 80 дугаар цооногуудаас, Зүүн хэсэгт 60, 106, 61, 107 дугаар цооногуудаас, Өмнөд хэсэгт 110, 25, 66, 85 дугаар цооногуудаас хийсэн байна. Нарийвчилсан хайгуулын үед ордын хойд захад хармай хэлбэрийн блок үүссэн гэж үзээд 109 ба 41 дүгээр цооногоос ганцаарчилсан болон багц туршилтын шавхалт хийсэн байна.