Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Тэнэгэр говьд нүргэлэн буй бүтээн байгуулалт

Газрын гадаргаас 1385 метрийн гүн, Босоо амыг бетон зуурмагаар бэхжүүлж буй нь.


Хонгор элс халуун байлаа. Намрын сар гарсан гэхэд говийн шаргал элс нөгөө л улаа бутарсан хэвээр төөнөж, алтран гялтайх ширхэг бүр нь “Би говийн эд эс” гэж өөрийгөө тунхаглах мэт. Хүрээ, хязгаар нь үл үзэгдэх энэ нутгийн уудмыг хэлэх үү, давхиад давхиад туулах зам дундаа ороо ч үгүй байх нь говийн чанадаар зорчин аялагчийн тэвчээрийг эрхгүй сорих аж. Хангай газарт уул тал, ургамал цэцэг, ус мөрөн алагласан унаган тогтоц нь агшин бүрт солигдон, нүд хужирлаж, сэтгэл баясгасаар нэг л мэдэхэд туулах зам шувтардаг бол элсэн говийн зах хүрээгүй уудамд  байгалийн хувиршгүй ганц өнгө хөвөө хязгааргүй үргэлжлэх нь аян замыг урт удаан болгодог бололтой. Урт замын энэхүү эхлэлээс MMJ ээлжит сурвалжлагаа толилуулж байна.

Говийн зам бодож бясалгах таатай орчин төдийгүй эргэцүүлж тунгаан, төлөвлөх боломжийг хэн хүнд олгох аж. Уудам энэ нутгийн гүнд олон цагаар зорчин яваа хэн боловч уг хүний амьдралаа, цаашлаад уул нутгийн хөгжлөөс эхлээд улс орны ирээдүй гээд элдвийг бодож тунгаах нь эрхгүй. Их говийн уудамд ийнхүү бодож бясалгасан хүмүүсийн нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байлаа. Үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш улс орныхоо хязгаар нутгуудыг албан ёсоор анх удаа эргэж яваа тэрбээр говийн бүсэд ажиллахаар зорьсон нь энэ юм.  Говьд ирэхдээ тэнгэрийн биш газрын зам сонгосныг нь нутгийн иргэд үнэлж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа Засгийн газар, УИХ-ын зарим гишүүн,  яам, агентлагуудын төлөөллийн ажилласан эхний аймаг Дорноговь байлаа.

“Сайншанд” цогцолборыг газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар эхлүүлнэ

Байгалийн баялаг нөөцтэйгээс гадна өмнөд хөрштэй хийх худалдаа, эдийн засгийн төвлөрсөн суурин болсон Дорноговь аймагт “Сайншанд”-ын аж үйлдвэрийн цогцолбор барихаар төлөвлөж буй. Энэ ажлын хүрээнд Тавантолгойгоос Чойбалсан хот хүртэл 1100 км төмөр зам тавьж, ОХУ-ын Транссибирийн төмөр замтай холбосноор далайн боомт руу гарах шинэ гарц нээгдэх юм. Улмаар Тавантолгойн нүүрс, Дарханы төмрийн хүдэр, Оюутолгой, Цагаан суваргын ордоос олборлох зэсийн баяжмалыг төмөр замаар зөөн Сайншандад төвлөрөх үйлдвэрүүдэд хайлуулж боловсруулан, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ хэмээн тооцож буй. Цогцолборыг байгуулахад 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай төдийгүй кокс, төмөрлөг, зэс хайлуулах, барилгын материал, газрын тос боловсруулах, тэдгээрийг найдвартай үйл ажиллагаагаар хангах тоног төхөөрөмжийн үйлдвэр бүхий байгууламжуудыг хувийн хөрөнгө оруулалтаар цогцлоох аж. Ингэхдээ эхний ээлжинд цаг хугацааны хувьд ач холбогдлыг нь тооцож газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөөд байна. Байршлын хувьд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахыг бодолцож Сайншандаас зүүн тийш барихаар төлөвлөжээ.

“Сайншанд”-ын аж үйлдвэрийн цогцолбор бүрэн хэмжээгээр ашиглалтад орсноор нийт 5000 гаруй ажилчин, инженер мэргэжилтэн хэрэгтэй. Тэднийг дагаж суурьших гэр бүлийнхэнд нь зориулж нийгмийн үйлчилгээг сайтар бэлтгэх ёстой. Нийт ажилчны 60 хувь нь хүнд даацын жолооч, эксковаторчин, бульдозерчин, өрөмдөгч, тоног төхөөрөмж угсрагч зэрэг мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай учир одооноос энэ чиглэлийн сургалтуудыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин төмөр зам байгуулахад хэрэгцээтэй 200 гаруй мэргэжилтэй ажилчны хувьд боловсон хүчний хангамж сайн гэж үзэж байна. 

2014 онд улсын хэрэгцээг хангахуйц газрын тос олборлоно

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын дорноговьчуудтай хийсэн уулзалтын үеэр иргэдийн зүгээс газрын тосны илэрц, түүнийг хэр үр ашигтай экспортолж буй талаар нэлээд санал, гомдол ирж байлаа. Нутгийнхны нүдэн дээр долоо хоног бүр хэдэн арван вагоноор  нь урд хил рүү зөөж байгаа газрын тосны экспорт хууль ёсны эсэхэд тэд санаа зовнидог тухайгаа учирлаж байсан юм. Тухайлбал, тус аймгийн Зүүнбаянд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  “Доншин” компани долоо хоног тутам 40-60 вагон газрын тосыг өмнөд хөрш рүү экспортолдог гэнэ. Ийм маягаар нэлээд хэдэн жил үйл ажиллагаа явуулж буй “Доншин” компанийн тухай эргэлзээтэй асуултыг нутгийн иргэн Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан. Улмаар албан томилолтын хоёр дахь өдөр тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар Ерөнхий сайд болон түүний багийнхан “Доншин”-г зорилоо. Иргэний дээрх эргэлзсэн асуулт болон ер нь Дорноговь аймгийн хэмжээнд газрын тосны хайгуул, олборлолтын ажлын явц ямар байгаа талаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан дараах мэдээллийг өгч байна.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.