Айсуй наадмын халуухан өдрүүдийн өмнө УИХ-ын ширээнээ “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” тогтоол мэндэлсэн билээ. Тогтоол гарангуут хэсэгтээ нам жим болсон Тавантолгой тойрсон үйл явдал сүүлийн нэг сард эрчимтэй өрнөж эхлэв. Ялангуяа намрын тос даасан шаргал өдрүүдэд явц нь бүр ч хурдсав. Тавантолгойн чигийг заагч дээрх тогтоолын дагуу Засгийн газрын шийдвэр гарч, Төрийн өмчийн хороо удирдамж боловсруулжээ. Удирдамжийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр хэд хэдэн алхам хийгдэж Тавантолгой ордын ашиглалтын ажил алхам алхмаар урагш ахиж эхэллээ.
ОПЕРАТОР БУЮУ ГЭРЭЭТ ОЛБОРЛОГЧ ГЭЖ “ХЭН” БЭ?
Тавантолгойн ордод оператор буюу гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх компанийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын сүүлийн долоо хоногт олон улсад нээлттэй зарласан. Энэ нь Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсгийн талбайд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт явуулах оператор компанийн шалгаруулалт юм. Гэвч үүнийг стратегийн хөрөнгө оруулагчийнхтай хутгаж ойлгох явдал түгээмэл байна. Оператор буюу гэрээт олборлолт хийх компани нь ерөөсөө хөлсөөр ажил гүйцэтгэгч юм. Хийх ажлыг нь маш энгийнээр тодорхойлбол уурхай дээр хөрс хуулалт хийж, нүүрс гаргах. Үндсэн ажил нь энэ. Үүнийг л хөлсөөр гүйцэтгүүлэх хэрэг. Маш хязгаарлагдмал эрхтэй. Ямарваа нэгэн борлуулалтад оролцохгүй, маркетингийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, бүтээгдэхүүн хуваахад оролцоогүй, хувь эзэмшилтэй компани байгуулагдвал хувь эзэмших боломжгүй. Дэд бүтцийн бусад төслүүдэд ч оролцохгүй.
Урьдчилсан энэ шалгаруулалтыг оператораар ажиллах сонирхолтой компаниудын чадавхийг магадлах зорилгоор явуулсан гэж ойлгож болно. Шинээр байгуулагдах “Эрдэнэс Тавантолгой” уурхайн хувьд жилдээ 15 сая тонн нүүрс олборлох ирээдүйн төлөвлөгөөтэй. Үүний гуравны хоёр нь буюу наймаас есөн сая орчмыг нь коксжих нүүрс байна гэж үзэж байгаа ажээ. Ийм хэмжээний нүүрс олборлох уурхай олон улсын жишгээр томд тооцогдоно. Жилд 15 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн олборлох, олборлоход шаардагдах хөрс хуулалтын ажил хийх туршлага, чадавхи бүхий, санхүү, техник технологи, тоног төхөөрөмж, боловсон хүчний нөөцтэй, уул уурхайн өндөр стандартыг хангасан, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь олборлолтын үйл ажиллагаа байдаг, гэрээгээр олборлолт гүйцэтгэдэг нэр хүнд бүхий оператор компаниуд оролцох нь уу гэсэн урьдчилсан тандалтыг хийх нь энэхүү шалгаруулалтын зорилго байжээ.
Анхан шатанд зургаан орны есөн компани саналаа ирүүлсэн. Энд Монголын компани ч байгаа. Нэр бүхий есөн компанийг анхааралтай ажвал олон улсад нэр хүндтэй, чансаатай нь ч байна. Бас салбартаа хүчийг үзээд удаагүй шинэ залуу компаниуд ч харагдана. Стратегийн хөрөнгө оруулагч болох сонирхлоо илэрхийлж байсан гурван ч консорциум энэ ес дотор багтаж байгаа. БНХАУ-ын Өвөрмонголын “Эрдос” хөрөнгө оруулалтын групп, Өмнөд Солонгосын “Корес” консорциум, БНХАУ-ын “Шанси Коул” групп операторын эрх дээр өрсөлдөхийг илүүд үзсэн бололтой юм.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.