Японы Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын реакторуудыг хөргөх ажиллагаа амжилтгүй болсны улмаас гурван ч реактор дэлбэрээд байгаа нь тус улсын төдийгүй дэлхийн ураны салбарын ирээдүйг тодорхойгүй болгож байна. Германы эрх баригчид тус улсын цөмийн цахилгаан үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэж эхэллээ. Аюулгүй байдлыг нягтлах үүднээс цөмийн цахилгаан станцуудын ажиллагааг үргэлжлүүлэх хугацааг сунгах талаарх шийдвэрээ гурван сараар хойшлуулж буйг Германы Канцлер Анжела Меркэл гуравдугаар сарын 14-нд мэдэгдэх үед уран олборлогчдын хувьцаа биржүүд дээр аль хэдийнэ унаад эхэлсэн байв.
Уран олборлогч компаниуд | Хувьцааны уналт (03/15-ны байдлаар) |
---|---|
Energy Resources of Australia /ERA.AU/ | 14.3 хувиар буурч, 7.07 долларт |
BHP Billiton /BHP.AU/ | 2.54 хувиар унаж, 42.97 долларт |
Paladin /PDN.AU/ | 17.47 хувиар унаж, 3.26 долларт |
Extract Resources /EXT.AU/ | 18.45 хувиар буурч, 8 долларт |
Uranium One | 19 хувиар унаж, 3.49 долларт |
Cameco | 7 хувиар унаж, 29.44 долларт |
Японд болж буй үйл явдлыг хэвлэлүүдэд хоёр дахь Чернобель гэж мэдээлж байна. Японы Засгийн газар Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцыг хүрээлсэн 30 км диаметр газраас хүмүүсийг нүүлгэн шилжүүлээд байгаа билээ. Тус бүсэд онгоц нисэхийг хүртэл хоригложээ. Японд мягмар гаригт Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын дөрөвдүгээр реактор дэлбэрэх үеэр тухайн бүсийн агаар дахь цацраг идэвхийн хэмжээ 0.4 зиверт/цаг-аас их байжээ. Хэрэв агаар дахь цацрагийн хэмжээ 6 зиверт байх юм бол хүний төв мэдрэлийн систем гэмтэж, үхэх магадлалтай байдаг ажээ.
Б.ТӨГСБИЛЭГТ