Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Баян Хөрөнгө оруулагчдад буурай орнууд өндөр босго тавьж байна

Өнгөрсөн зууны сүүлээр эхэлсэн даяарчлалын үйл явц энэ зуунд хүрээгээ улам бүр тэлэх нь тодорхой байна. Улс, гүрнүүд дэвшилтэт, шинэ техник, технологийг эх орондоо нэвтрүүлэх хөгжлийн загвараар урагш алхаж буй нь эрдэс баялгийн хэрэглээг нэмэгдүүлсээр буй. Түүнчлэн улс орнуудын үйлдвэрлэл дээшилж, өссөөр. Энэ тухай Дэлхийн банк хөгжиж буй улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2050 он гэхэд гурав дахин өснө гэсэн тооцоо гаргажээ. Тиймээс эрин зуунд гол эрэлтийг АНУ, Европ бус, харин хөгжиж буй улс орнууд тодорхойлох магадлал хоног хугацаа өнгөрөх тусам тодорсоор байна.
Нөгөө талд, өсөн нэмэгдэж буй тэрхүү шинэ эрэлтийн орон зайд шинэ нийлүүлэгчийн үүрэгтэйгээр тоглох улс орнуудад эдийн засгийн чадамжаа дээшлүүлж, улмаар бусад мэдлэг шингэсэн салбаруудаа санхүүжүүлж,  тогтвортой хөгжлийн бодлогоо зэрэгцүүлэн хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. 
Монголын хувьд эрдэс баялгийн зах зээлээс ихээхэн ашиг хүртэх гэж буй ч, манай нийгэмд уул уурхайгаас тогтвортой хөгжлийг цогцлоож чадах уу гэдэг эргэлзээтэй асуулт гол стресс болсон хэвээр байна.
Баялагтай улс орнуудад ийм байдал ихэвчлэн тохиолддог. Тэдгээр улс орны Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээн дэх улсын эзэмших хувь, үйл ажиллагааны менежментийн тодорхой хувийг хэрэгжүүлэх эрх болон бусад нөхцөлийг эх орон, ард түмэндээ хамгийн ашигтайгаар тохиролцох өндөр хариуцлага хүлээж буй.
Иймд, Монголын адил нөхцөлд буй олон улс орны хувьд ч энэ цаг үе туйлын эгзэгтэй түүхэн үе байх болно.

Гвинейн Ерөнхийлөгчийн дүрмийг Рио Тинто үг дуугүй дагав

Гвиней улсын Ерөнхийлөгч Альфа Конде 2010 оны арваннэгдүгээр сард ард түмний саналаар сонгогдмогцоо уул уурхайн төсөл дэх төрийн эзэмшлийн хувийг 33 хувьд хүргэх шийдвэр гаргасан билээ. Өмнө нь нь тус улсад уул уурхайн аливаа төсөлд төрийн эзэмших хувийн доод хэмжээ 15 хувь байжээ.

Гвинейг дэлхийн уул уурхайн салбарынханд алдаршуулсан төсөл бол Рио Тинто компанийн хэрэгжүүлж  10 тэрбум ам.долларын төсөв бүхий “Simandou” төмрийн хүдрийн төсөл билээ. Ерөнхийлөгч Альфа Кондегийн дүрмийг Рио Тинто үг дуугүй хүлээн авсан нь 66 хувийн төмрийн агуулга бүхий 2.25 тэрбум тонн хүдрийн нөөцтэй эзэмшлээсээ салахыг хүсээгүй хэрэг. Ерөнхийлөгч “Simandou” бол Гвинейг Африкийн хамгийн баян улс болгох төсөл болохыг тодотгож байв. 

Ийнхүү өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Рио Тинто компани Гвинейн Засгийн газарт 700 сая ам.долларын санхүүжилтийг буцалтгүй хэлбэрээр олгохын зэрэгцээ өмнө нь Засгийн газрын “Simandou” төсөлд эзэмших байсан 20 хувийн хэмжээг 35 хүртэлх хувьд хүргэхээр хоёр тал тохиролцсон юм. Гэрээний нөхцөлд тусгасан төсөлд эзэмших төрийн 35 хувийн 15 хувь нь Гвинейн Засгийн газарт үнэ төлбөргүйгээр очих заалт нь тус улсын маш том хэмнэлт байв. Харин үлдсэн хувийг Засгийн газар биржийн болон биржийн бус үнээр шат дараатайгаар худалдаж авахаар болсон юм. Төслийн хүрээнд 700 км үргэлжилсэн төмөр зам, мөн далайн боомт байгуулахаар болоод буй. Энэхүү дэд бүтцийн 51 хүртэлх хувийг төр эзэмших эрхтэй бөгөөд 20-25 жилийн хугацаанд улсын мэдэлд бүрэн шилжих заалтыг гэрээнд тусгуулжээ. Татвар хураамжийн хувьд  Гвинейн Засгийн газар төслийн үргэлжлэх хугацаанд Рио Тинтогоос 30 хувийн татвар болон 3.5 хувийн роялти авах юм. Дээрх тохиролцоонууд төслийг үргэлжилж дуустал хүчинтэй хэвээр байх бөгөөд Гвинейн Засгийн газрын цаашид гаргах шийдвэр  гэрээний заалтад нөлөөлөхгүй юм байна.

Ийнхүү “Simandou” нуруунд орших төмрийн хүдрийн бүлэг ордын зарим хэсгийг Рио Тинто Хятадын “Чалко”-той хамтран 2015 оноос эхлэн хэрэгжүүлэх эрхээ Гвинейд багагүй найр тавин байж хэвээр хадгалж үлдсэн нь хэвлэлээр шуугиан тарьсан билээ. Төслийн хүрээнд жилд 70 - 170 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөжээ. Хүдрийн дийлэнхийг Хятадын гангийн зах зээлд нийлүүлэх төлөвтэй байна.

Энэхүү гэрээ нь Гвинейн ард түмний хувьд өмнөхөөсөө илүү их ашигтай болж чадсан нь тэмдэглэхүйц явдал байлаа. Хэдийгээр хөрөнгө оруулагчид болон хэвлэл, судалгааны байгууллагууд уг алхмыг улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл биеллээ оллоо хэмээн шүүмжилж байсан ч, Гвинейн төр засаг “Рио Тинто”-той хоёр талд ашигтай нөхцөл бүхий гэрээ хийж болдог жишээг харуулж чадсан нь хэнд ч тодорхой билээ.

 

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹009 дугаараас уншина уу