Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Монгол улсын гео эдийн засгийн орчин ба Европтой тогтоосон харилцаа

Монгол-Германы чуулганы VIII Бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд тус чуулганы тэргүүний хувьд талархлаа илэрхийлье. Монгол-Германы чуулганы үйл ажиллагааг байнга дэмжин, энэ удаагийн Бага хурлыг хамтран зохион байгуулж байгаа Конрад Аденауэрийн сангийн удирдлагад мөн талархлаа илэрхийлье.
ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд манай чуулганы VIII Бага хурлын нээлтэд хүрэлцэн ирсэнд Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён С.Баяр Танд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Таны айлчлалд амжилт хүсье. Монгол Улсын гео эдийн засгийн орчныг тодорхойлж, ялангуяа Европ, түүний дотор Европ дахь манай гол түнш Герман улстай тогтоосон хэлхээ холбоог эдийн засгийн ач холбогдлын талаас нь үнэлэн дүгнэх, Монгол-Германы харилцаанд уул уурхайн салбар, тодорхойлж хэлбэл Германы тэргүүний техник, технологи болон Монголын эрдэс түүхий эдийн баялагт тулгуурласан харилцан ашигтай хамтын ажиллагааг Монгол-Германы хооронд хөгжүүлэх асуудлаар бид өнөөдөр санаа бодлоо солилцохыг зорьж буй юм.  

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Монгол-Германы иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж байна. Монгол Улсын гео эдийн засгийн орчны агуулга, хүрээ өргөжиж, манай улс дэлхийн болон бүс нутгийн орлогын үйлдвэрлэлд оролцох, түүнээс хуваалцах боломж нэмэгдэж байна.
Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлт дунджаар 10 орчим хувьтай байсан. Энэхүү эрчимтэй хөгжлийн гол үндэс нь уул уурхайн салбар буюу дэлхийн зах зээл дээрх эрдэс түүхий эдийн хэрэглээний өсөлт байлаа. Үүний нөлөөгөөр Монгол Улсын уул уурхайн салбар дэлхийн томоохон гүрнүүд, үндэстэн дамнасан томоохон корпорациудын сонирхлыг татаж эхэлсэн юм.

Гео эдийн засгийн энэхүү өөрчлөлтийн улмаас манай хөрш ОХУ, БНХАУ хоёрын хувьд Монгол Улс дахь уламжлалт нөлөө, сонирхлоо шинэ нөхцөл байдалд уялдуулах шаардлага гарсан байх.
2008 онд эхэлсэн дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал  бидний хувьд сүүлийн хэдэн жил уур уурхайн түүхий эдийн үнийн өсөлтөд тулгуурлан бий болсон эдийн засгийн өсөлтдөө дүгнэлт хийх, улмаар ирээдүйн хөгжлийн чиг стратегиэ зөв тогтоох, хөрш орнуудын эдийн засгийн сонирхлын чиг хандлагыг харгалзан үзэх, түүний давуу болон сөрөг талуудыг зөвөөр тооцон үзэх, Зүүн Ази, Төв Ази, Европ, Хойд Америктай эдийн засгийн хувьд хамтран ажиллах чиглэлээ геополитикийн гэхээсээ илүү гео эдийн засгийн орон зайд зохицуулахад илүү анхаарах шаардлагатай болжээ гэж үзэж байна.

Нөгөө талаас, далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, үндэсний боловсруулах үйлдвэрлэл сул хөгжсөн манай улсын хувьд гео эдийн засгийн бодлого тодорхойлоход  хөрш улсуудын хөгжлийн чиг хандлага чухал нөлөөтэй хэвээр байна. Дэлхийн өнөөдрийн санхүү, эдийн засгийн хямрал, түүний дараа тогтох дэлхийн санхүүгийн шинэ тогтолцоонд манай хоёр хөрш өмнөхөөсөө илүү хамрагдаж, чухамдаа дэлхийн санхүүгийн тогтолцооны салшгүй хэсэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.

ХЯтад

БНХАУ-ын хувьд гадаад зах зээл нь хямралд орсноор экспорт нь буурч, улмаар эдийн засгийн хямралд өртөж буй боловч нөгөө талаар газрын тос, байгалийн хийн зэрэг гол эрчим хүчний импортын үнэ ханш нь мөн буурч, энэхүү хямралын нөлөөг харьцангуй зөөллөж байна. Мөн Хятадын дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх замаар экспортод чиглэгдсэн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний зах зээлийг дотооддоо шилжүүлэн бий болгох арга хэмжээг эрчимтэй авч байна. Мөн , зэс зэрэг импортын түүхий эдийн үнэ буурсан нөхцөлд энэхүү түүхий эдийг их хэмжээгээр нөөцлөх, түүнчлэн  Рио Тинто зэрэг дэлхийн түүхий эдийн томоохон корпорацуудад хувьцаагаа нэмэгдүүлж, зарим уурхай зэргийг худалдан авч байна.

Дэлхийн санхүүгийн хямралтай холбогдуулан өрнөдийн улсууд экспортын санхүүжилтээ дэмжих боломжоо нэмэгдүүлж байгааг Хятадын тал сайн ашиглаж байна. Өмнө нь Хятадад өгөхөөс болгоомжилж байсан буюу үнийн хувьд тохиролцож чадахгүй байсан техник, технологийг Хятадын тал их хэмжээгээр худалдан авч байгаа  нь цаашид Хятадын эдийн засагт техник, технологийн эрчимтэй шинэчлэл хийгдэх үндсийг бий болгож байна. Үүний нэг жишээ нь одоогоос яг нэг сарын өмнө хоёрдугаар сарын 26-нд Берлин хотноо болсон Герман-Хятадын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хийгдсэн олон тооны гэрээ хэлэлцээрүүд юм.
Эдийн засгийн хямралаас шалтгаалан эрэг хавийн аж үйлдвэржсэн бүсээс олон зуун мянган ажилчид Хятадын бусад бүс нутаг, тосгоддоо буцан ирж байна. Хятадын аж үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл нь олон зуун сая ажлын байрыг үгүй болгох нь мэдээж. Иймээс ажилгүйчүүдийн асуудал нь Хятадын нийгмийн хурц асуудал болох төлөвтэй.
Хятадын Засгийн газраас энэхүү байдлын эсрэг арга хэмжээ авч, юуны өмнө хойд болон баруун хойд хэсгийн харьцангуй сул хөгжсөн бүсүүдийг хөгжүүлэх, тэнд зам, төмөр зам, шинэ хот тосгод зэрэг дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулах замаар ажлын байр бий болгохыг зорьж байна.

Ийнхүү Хятадын эдийн засгийн хөгжил эрэг хавиасаа Хойд болон Баруун хойд бүс буюу Монгол Улсын хил залгаа нутгууд руу шилжих нь Монгол-Хятадын хил орчмын худалдааг нэмэгдүүлэх, хил орчмын томоохон ашигт малтмалын ордуудыг ашиглах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг шинэ шаардлага, мөн эдийн засгийн хөгжлийн хөшүүргийг авчрах болно. Энэхүү нөхцөл байдлыг харилцан ашигтайгаар шийдвэрлэхэд ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй.

Одоогийн байдлаар Монгол Улсын баруун хэсэг, Ховд хотыг дайран Орос-Хятадыг холбосон авто замын ажил ид дундаа өрнөж байна. Цаашид Монгол улсын төвийн болон зүүн бүс нутгаар ч Орос-Хятадыг холбосон авто замын төсөл яригдаж эхлэх нь дамжиггүй юм. Монгол Улсын стратегийн байрлал нь цаашид Орос-Хятадын хоорондын транзит тээврийн чухал бүс болох юм. Үүнийг бид зөвхөн транзит тээврийн орлогоор хязгаарлах учиргүй бөгөөд энэхүү дэд бүтцийн хөгжлийг ашиглан Хятад, Оросын зах зээлд гарах боломж болгон хувиргах ёстой.
Хятадын эдийн засгийн хөгжил эргээсээ гүн рүүгээ шилжих асуудалтай холбоотойгоор Монгол Улс болон Европын харилцаанд хамаатай нэгэн чухал зүйлийг би энд зориуд дурдахыг хүсч байна. Хятадын хөгжил гүн рүүгээ шилжих тутам далайн тээвэр бус, харин Монгол Улсыг дайран өнгөрч буй төмөр замын тээвэр илүү ашигтай, сонирхолтой болох магадлалтай.
Энэ чиглэлээр Германы зарим компани, ялангуяа Дойче Банн Монголын талтай идэвхтэй яриа хэлэлцээ явуулж эхэлснийг дурдахад таатай байна. Энэ оны эхнээс эхлэн Дойче Банн, РЖД буюу Оросын төмөр замтай хамтран долоо хоногт хоёр удаа “Монголын коридор“-оор галт тэрэгний замын цуваа явуулж байна. Шанхай, Бээжин, Тянжинээс хөдөлсөн цуваа 14-16 хоногийн дотор Баруун Европт ирж буй нь далайн тээвэртэй харьцуулахад цаг хугацааны хувьд ихээхэн давуу талтай юм. Монголын төмөр замын дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэхэд хамтран ажиллах талаар Монгол-Орос-Германы гурван талт яриа хэлэлцээ энэ оны эхнээс идэвхтэй явагдаж байгаа нь энэхүү тээврийн боломжийн ирээдүйг тодорхойлсон үйл явдал хэмээн үзэж байна.

ОХУ

ОХУ-ын хувьд газрын тос, байгалийн хийн үнэ буурснаас шалтгаалан экспортын орлого нь буурч, эдийн засгийн техник, технологийн чиглэлээр явуулж байсан зарим хөтөлбөрт саатал гарч байх шиг байна. Гэвч энэхүү саадыг төдийлөн хохиролгүйгээр даван туулах эдийн засгийн хүчин чадал ОХУ-д бий гэдэгт эргэлзэх зүйлгүй.
ОХУ, БНХАУ нь цаашид “Том 20“-ийн бүлгийн гишүүний хувьд дэлхийн санхүүгийн шинэ тогтолцоонд чухал байр суурь эзэлж, улмаар эдийн засгийн шинэчлэл нь амжилттай, эрчимтэй явагдана хэмээн бодож байна.
ОХУ-аас Хятад руу гаргаж буй нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх хамгийн дөт зам чухамдаа Монголын төмөр зам бөгөөд төмөр замын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадах юм.

Европын холбоо

Монгол Улсаас Европтой тогтоосон эдийн засгийн харилцаа өнөөдрийн байдлаар тийм ч хангалттай биш байна. 2009 оны эхний байдлаар Европын Холбооны 25 улсаас Монгол Улсад нийт 172.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй нь бусад улстай харьцуулахад ихээхэн чамлалттай үзүүлэлт юм.
2008 оны байдлаар Европын Холбоотой хийж буй худалдаа Монгол Улсын нийт худалдааны 12.6 хувийг эзэлж, Хятад, ОХУ-ын дараа гурав дахь том худалдааны түнш болж байгаа бөгөөд 2007 онтой харьцуулахад худалдааны хэмжээ гурав дахин өссөн байна.

2008 онд Монгол- Европын Холбооны гишүүн улсуудын хооронд нийт 728.5 сая ам.долларын худалдаа хийснээс Монгол Улсын экспорт 434.6 сая ам.доллар болж, 2007 онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн байна. Манай импорт 293.8 сая ам.доллар болсон байна. Манай импортын бараг 1/3 нь буюу 93.3 сая ам.долларын импортыг Герман улсаас авсан байна.
Европын Холбооноос Монгол Улсад олгосон GSP+ гаалийн хөнгөлөлттэй нөхцөлөөр Монголоос 7200 нэр төрлийн бараа гаалийн татваргүй нэвтрэх боломжтой болж, уг хөтөлбөрийг 2009-2011 онд мөн хэрэгжүүлэхээр сунгасан нь хоёр талын худалдааны харилцаанд ихээхэн чухал ач холбогдолтой юм. Монгол улсаас өнөөдрийн байдлаар ноолуур, ноолууран сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн, өлөн болон анхан шатны боловсруулалт хийсэн малын арьс, шир, молибдений баяжмал зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд гаргаж байна.
Харин Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж, боловсруулах үйлдвэр хөгжих тутам Европоос техник, технологи худалдан авах нь нэмэгдэнэ.

Цаашид уул уурхайн олзворлох, боловсруулах техник, технологи болон хүнс, малын гаралтай түүхий эд боловсруулах салбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн хувьд Монголын зах зээл сонирхолтой байх болно. Ялангуяа байгаль орчинд халгүй, уул уурхайн тэргүүний техник, технологийн хувьд Монголын зах зээл ихээхэн сонирхолтой зах зээл болох магадлал өндөр байна.

Нөгөө талаас , Европын боловсруулах аж үйлдвэрт нэн шаардлагатай кокс, зэс болон бусад ашигт малтмалын баяжмал, түүхий эдийг нийлүүлэх боломж Монгол Улсад бүрэн байна. Тухайлбал, Тавантолгойн коксжих нүүрсийг ашиглаж Германы технологиор кокс үйлдвэрлэж, Германд экспортлох боломж байна. Энэхүү боломжийг өдий хүртэл ашиглаагүй хоёр үндсэн шалтгаан байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын уул уурхайн олзворлох салбар, ялангуяа баяжуулах, боловсруулах салбар төдийлөн хөгжөөгүй байгаагаас өртөг шингээгүй түүхий эдийг Европ хүртэл тээвэрлэх боломжгүй байлаа. Хоёрдугаарт, тээврийн асуудал шийдэгдэхгүй, хүндрэлтэй байлаа. Энэ байдлыг одоо өөрчлөх боломж бүрдэж байна хэмээн дүгнэж болно. Нэгдүгээрт, Монгол Улсын уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн замд орж байна. Бид ашигт малтмалын түүхий эдийг юуны өмнө эх орондоо боловсруулж, өртөг шингэсэн болон эцсийн бүтээгдэхүүн болгох зорилт тавьж байна. Ингэснээр ашигт малтмалын бүтээгдэхүүнийг Европ хүртэл тээвэрлэх эдийн засгийн үндэс бүрдэнэ.
Хоёрдугаарт, Хятадын эдийн засгийн хөгжил гүн рүүгээ шилжсэнээр төмөр замын тээвэр сонирхолтой болж буй болон төмөр замын тээврийн салбарт Монгол-Орос-Германы талууд идэвхтэй хамтран ажиллах болсноор төмөр замын тээврийн тарифыг бууруулах, тээвэрлэх хугацааг богиносгох боломж бүрдэж байна.
Гео эдийн засгийн энэхүү шинэ нөхцөл, боломжийг Европын түншүүд, түүний дотор манай Герман түншүүд өргөнөөр ашиглана хэмээн итгэж байна. Дүгнэж хэлэхэд, Монгол Улсын гео эдийн засгийн орчин нааштай өөрчлөгдөж буй бөгөөд ялангуяа Европтой харилцах харилцаанд шинэ үе эхэлж байна хэмээн  дүгнэж болохоор байна.

Анхаарал тавьсанд баярлалаа