Улс орны ирээдүйг тодорхойлох томоохон шийдвэрүүд гаргахад 2010 он хамгийн тохиромжтой цаг үе билээ. 2009 оны хонхон дуутай хамт улс төрийн сонгуулиудын буухиа түр алсалж байна. Дэлхийн эдийн засагт сэргэлт ажиглагдан, түүхий эдийн үнэ ханш өсч эхэллээ. Хэрэглээ энэ хорвоод цуцалтгүй нэмэгдэх аж. Дэлхийн хүн ард сая нэг уужуу амьсгалж эхлэв үү дээ.
Ийм таатай хандлага дор Монгол орон энэ зууны эхний аравны ард гарна. Хэдийгээр эдийн засгийн хямралын шувтарга бидэнд ташуурын амт өгч буй боловч ирэх цагийн хандлага Монгол түмнийг босоод сэргээд ирэхийг дохиолдог. 2010 оны хоёрдугаар сараас манай эдийн засагт, бизнесийн салбарт идэвхжилт гарах хүлээлт бий юм. Улс төрийн элдэв нөлөөлөл багатайгаар эдийн засгийн баримжаа бүхий эрүүл шийдвэрүүд мэндэлж мэдэх 2010 оны гараан дээр энэхүү тоймыг өөдрөг өнгө аясаар тэмдэглэхийг хүсч байна.
Юуны түрүүнд шинэ оны гол үйл явдлаар Тавантолгойн коксжих нүүрсний орд газрын олон улсын шалгаруулалтыг нэрлэе. Зургаан тэрбум тонн нүүрсний, тэр дундаа дөрвөн тэрбум тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй энэхүү орд газар маань дэлхийн хэмжээнд яригдах чансаатай юм. Тиймээс ч Тавантолгой нь “гео эдийн засаг” хэмээх цоо шинэ томъёоллыг Монгол улсын түүхэнд бодитойгоор бий болгож байна. 2010 он улс төрийн сонгуулиудаас алсхан жил хэмээн олзуурхаж буйн учир нь Тавантолгойн олон улсын шалгаруулалтад бэлтгэхэд манай дотоод дахь хэл амаа олсон нэгдсэн байр суурь нэн чухал байгаагийнх.
Тавантолгойн ордын эхний шалгаруулалт 2009 оны хоёрдугаар сард явагдсан бөгөөд тэр нь сонголт хийхээсээ илүүтэй, танилцах уулзалтын хэмжээнд өрнөсөн юм. Тендерт оролцохыг хүссэн гадаадын 11 компанийн төлөөлөгчид манай Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэгтэй Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд цуврал уулзалт хийсэн. Тэдгээр нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээртэй давхцан явагдаж байсан учраас манай хэвлэлийнхний анхааралд төдийлөн өртөөгүй билээ.
Одоо хоёрдугаар шатны шалгаруулалтыг компаниуд хүлээж байна. Оросын консорциумын бүтэц энэ хооронд задарсан ба бусад улсынх өөрчлөгдсөнгүй. Энэ шалгаруулалт манай олон нийтийн ойлгож буй шиг дугтуй задлах зарчмаар явагдахгүй. Техникийн болон үнийн санал бүхий хоёр дугтуй задалдаг уламжлалт тендер биш юм. Хэн өндөр үнэ хэлсэнд нь бус, хэн Монгол улсын гео эдийн засгийн түнш байх вэ гэдгийг дэлхий дахинд зарлах шалгаруулалт болно. Үүгээрээ Тавантолгойн тендер нь олон улсын хэмжээний асуудал мөн. Монгол улсын гадаад бодлого дахь эдийн засагжсан хандлагын эхний дуут дохио мөн. Өөрөөр хэлбэл, тендерийн шалгаруулалтын хоёрдугаар хэсэг дээр манай тал өөрсдийн үзэмжээр шийдвэр гаргана. Орд газрынхаа 51 хувийг эзэмшигч “Эрдэнэс МГЛ” хамтрагч буюу үлдсэн 49 хувийг эзэмшигчээ зарлана. Энэ нь гадаад бодлогын маань шинэ хандлагыг давхар олон улсад нээж тавих алхам болох билээ.
Тавантолгойн ордын олон улсын шалгаруулалт нь Оюутолгой ордод Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас хамаагүй адармаатай ажил хэмээн өмнөх Ерөнхий сайд бэрхшээн хэлж байсан нь эндээс үүдэлтэй. 2010 оны туршид манай улс төрийн шийдвэр гаргах түвшинд дотоод эв нэгдэл бат цул байж гэмээнэ олон улсын шалгаруулалт төдий чинээ амжилттай болно.
Хоёрдугаар шалгаруулалтыг гадаадын компаниуд зүгээр хүлээгээд суусангүй. Шалгаруулалтад оролцох 11 компанийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдсэн юм. Бүгд өөрийн улсынхаа төр, засгаас дэмжлэгтэй ажиллаж байна. Монгол оронтой найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлээ Япон, БНСУ, Америк, ОХУ, Хятад, Энэтхэгийн төр, засгийн өндөр дээд хэмжээний төлөөлөгчид өнгөрсөн нэг жилд илэрхийлэв. Хамгийн сүүлийн уулзалтууд Москвад манай Их хурлын даргын айлчлалын үеэр, түүнчлэн Бээжинд манай Эрдэс баялгийн сайд айлчлах хүрээнд болов. Одоо БНСУ-ын төр, засгийн дээд хэмжээний айлчлал Монголд болох гэж байна. Энэтхэгийн Засгийн газар манай улсад хямралыг даван туулахад зориулсан 25 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээ нэн даруй шилжүүлэв. Нэг үгээр гадаадын том компаниуд шат дараалсан бодлоготой алхмууд хийсээр байна. Төр, засаг нь тэднийгээ хүчтэй дэмжиж байна.
Харин Тавантолгойн хоёрдугаар шалгаруулалтын бие халаалтыг олигтой хийхгүй суугаа ганцхан улс байгаа бөгөөд тэр нь Монгол өөрөө юм. Хэрвээ үйл явцын хурд энэ хэмнэлээрээ үргэлжлэх бол тендер оны шувтарга хүртэл тэс хөлдүү гацаж мэднэ. 2010 оны дөрөвдүгээр сард Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн нөхцөлүүдийг хангаж дуусган, албан ёсоор “Оюутолгой” ХХК Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхлэх учиртай. “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгоно. Ингээд хөрөнгийн эрх шилжүүлэх техник ажлууд хийгдэнэ. Магадгүй тэр болтол дараагийн том ордын тендер таг чимээгүй хүлээгдэж болзошгүй. Гэхдээ манай Засгийн газарт хийх ажил байхгүй болоод баярын ширээ засахыг хүлээж суугаа юм биш. Тавантолгойн шалгаруулалтын наана шийдвэрлэх, бэлтгэл хангах маш олон, дэндүү том ажлууд эгнэж байгаа.