Чили улсын эдийн засгийн онцлог: тус улс үндсэндээ уул уурхайн, түүний дотор зэс молибден зонхилсон эдийн засагтай орон юм. Уул уурхайн салбар тус улсын ДНБ-ий 33 хувийг эзэлдэг, дэлхийн цэвэршүүлсэн зэсийн 17 хувийг үйлдвэрлэдэг. Дэлхийн зэсийн нөөцийн 38 хувь нь Чилид ногддог. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10.1 мянган ам. доллар бөгөөд ДНБ-д хөрөнгө оруулалт 30 хувь, цэвэр мөнгөн хуримтлалын түвшин 22.2 хувийг тус тус эзэлдэг байна. Гадаад валютын улсын нөөц ДНБ-ий 14 хувийг, эдийн засаг, нийгмийн тогтворжуулалтын зориулалттай Засгийн газрын хөдөлшгүй мөнгөн сан буюу “Sovereign Wealth Funds”-ын хэмжээ нь ДНБ-ий мөн ийм хувийг тус тус эзэлдэг.
Тус улсын Конгресс, Засгийн газар нь эдийн засгийг макро түвшинд, түүний дотор улсын төсвийг дунд, урт хугацаанд тогтворжуулах, үндэсний санхүүгийн хуримтлалыг үүсгэн арвижуулж эдийн засгийн хараат бус байдлыг бүрдүүлэх, хямралаас сэргийлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлж хэрэгжүүлэх, эдгээртэй холбогдсон урт хугацааны бодлогын чиглэлийг үндэсний зөвшилцлөөр шийдвэрлэх талаар сүүлийн 10 жилд томоохон амжилтад хүрчээ.
Чили улсад 1970-аад оны дунд үе хүртэл төвлөрсөн эдийн засгийн тогтолцоо ноёрхож эдийн засгийн өсөлт буурч, улсын эдийн засгийн бүтцэд зөвхөн зэс молибден зэрэг цөөн нэр төрлийн эрдэс баялгийн олборлолт хэт давамгайлж, тэдгээрээс бүхэлдээ төсөв хамаардаг, эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлээс хамаарч дэлхийн зах зээлийн үнэ эдгээр түүхий эдийн хувьд тогтвортой бус болж хэт өндөр түвшинд хэлбэлзсэн үед эдийн засгийн ба төсийн тогтвортой байдлыг ихээр алдагдуулдаг (тэр үед төсвийн алдагдал ДНБ-ий 25 хувьд хүрсэн, үүний улмаас инфляци жилдээ 1000 хувьд хүрч нэмэгдэн, ажилгүйчүүдийн тоо өндөр өссөн) байжээ. Энэ нь бүхэлдээ нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэхэд хүргэсэн бөгөөд энэ байдлаас гаргах шинэчлэлийн 8 гол чиглэлийг социалист системээс 90-ээд оны эхэн үеэс шилжилт хийж байгаа зүүн Европын болон шилжилтийн эдийн засагтай бусад орнуудын практиктай ижил төстэй байдлаар, тэгэхдээ бүр 70-аад оны сүүлийн хагасаас тогтоож хэрэгжүүлсэн боловч төсвийн шинэчлэл нь зарим талаар өвөрмөц онцлогтой бөгөөд төсвийн хариуцлагын тогтолцоо, макроэдийн засгийн тогтвортой байдлыг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх талаар манай улсын Засгийн газрын зорьж байгаа зорилт, хууль эрх зүйн орчин бүрдүүлэлтийг Чили улс одоогоос 10 гаруй жилийн өмнө хэрэгжүүлсэн байна.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.