Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Хятад, Ороc найрамдал найрамдлаараа, харин эрчим хүчийг тусад нь


Александр Дармин

Эрчим хүчний хувьд Дундад болон Төв Ази нь ОХУ, Хятадын өрсөлдөөний талбар болж буй тухай Оросын Neftegaz.RU сэтгүүлд гарсан  сонирхолтой нийтлэлийг орчуулан толилуулж байна.  

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага дахь манай түнш, бидний “Америкийн эсрэг анд” БНХАУ нь дэлхий даяар эрчим хүчний идэвхтэй бодлого явуулж байна. Хятадууд Төв Ази, Африк, Латин Америкт   хэдэн хэдэн гэрээ контракт байгуулчихаад байгаа бөгөөд ойрын нэгээс хоёр жилийн дотор хоёр орны ашиг сонирхол зайлшгүй зөрчилдөж, хамтын ажиллагаанаас шууд өрсөлдөөнд шилжинэ хэмээн шинжээчид үзэж байна. 


Хятад дэлхийг эзэлж байгаа юу?

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эрчим хүчний импортоос хамаарах байдал эрс нэмэгдсэн бөгөөд энэ хандлага ойрын хэдэн арван жилдээ үргэлжилнэ. Гэхдээ энэ улс нь газрын тос болон нүүрсний нэлээд   хэмжээний нөөцтэй, түүнийгээ “ирээдүй хойчдоо” үүцлээд гар хүрдэггүй гэдгийг тэр болгон мэддэггүй. Хятадын эрх баригчид өөрийн нутагт ой мод огтлохыг хориглож Оросын Сибирь, Алс Дорнодоос албан ёсоор худалдан авах, ил далд зөөх замаар модны хэрэгцээгээ хангахыг илүүд үздэг. Тэд эдийн засгийн бусад бараг бүх салбартаа ингэж л ажиллаж байгаа.
 
Хятадууд бусад улс орны нутаг дэвсгэрт орших газрын тос, хий, бусад ашигт малтмалын ордуудыг ашиглахад хуримтлуулсан хөрөнгөө оруулж өөрсдийн баялгийг нөөцөлж байна. 
Онцлог  нь Бээжин эрчим хүчний салбарын бусад “тоглогчдын” оролцоо хамгийн бага байгаа орнуудад хөрөнгө оруулдаг. Ингэхдээ эрчим хүчний салбар дахь худалдах, худалдан авах бодлогыг төр нь хянадаг бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд дипломатын арга хэрэгсэл, хуримтлалын сангаа ашиглах нь цөөнгүй. Бусад оронд бол үүнийг төсөөлөх ч аргагүй. ОХУ ч дэлхийд байр суурь, оролцоогоо нэмэгдүүлж байгаа бөгөөд зарим бүс нутагт Дундад Улстай эн  зэрэгцэхүйц хэмжээнд бие даасан бодлого явуулахад бэлэн байна. Харин зарим газарт ялагдал хүлээж болох ч өөрийн хажуу бөөрөнд л лав биш... 
 

Хятад маягийн бэнчмаркинг

Хятадууд нэрд гарсан брэндүүдийг хуулбарлахдаа дэлхийд зартай. Хятад маягийн бэнчмаркинг нь угтаа төрийн нүүртэй бөгөөд энэ оронд дэлхийд гарсан дэвшилтэт аливаа шинэ зүйл, судалгаа, амжилт бүтээлийг зохиогчийн эрхээс үл хамааран Хятадын ард түмний өмч гэж үздэг. Энэ нь бүр болзошгүй дайсны тусгай албадын судалгаанд ч хамаатай. Жишээ нь хэдэн жилийн өмнө Америкийн Тагнуулын төв газрын эдийн засгийн хэлтсээс Каспийн тэнгис орчмын газрын тосны нөөцийн үнэлгээний илтгэлийг Эрчим хүчний газартаа хүргүүлсэн байдаг. Энэхүү эдийн засаг, улс төр, геологийн судалгаа шинжилгээнд америкууд олон сая доллар зарцуулсан. Тэдний тооцоолсноор тус бүс нутгийн газрын тосны нөөц 17-33 тэрбум баррел бөгөөд энэ нь багадаа Катар Улс,  ихдээ   АНУ-ын нөөцтэй тэнцэж байгаа юм. Үүнээс гадна Каспийн тэнгис орчмын орнуудын газрын тос олборлолтын хэмжээ 2010 гэхэд 3-4.7 сая баррелд хүрнэ гэж илтгэлд мөн дурдсан байв.  

Тэгвэл эдгээр тоо баримтыг АНУ-ын Засгийн газарт танилцуулахаас хавьгүй өмнө зарим нээлттэй эх сурвалжаас  хятадууд мэдээд авсан байдаг. Тэд судалгаа явуулах гэж нэг ч копейк, өршөөгөөрэй, юань зарцуулсангүй. Үүний дараа Бээжин АНУ-ын компаниудын Дундад болон Төв Азид эзлэх байр суурийг хязгаарлах чиглэлд бүхий л нөлөө, боломжоо ашигласан. Төдөлгүй Дундадын дээд удирдлагад эдийн засгийн холбогдох илтгэлийг хүргүүлсэн. Түүнд нь “АНУ-ын цэргийн оролцоо өчүүхэн бага байгаа, БНХАУ-ын хүчийг сөрөн зогсох өөр зэвсэгт хүчин байхгүй зэрэг үндэслэлээр тус бүс нутаг нь эрчим хүчний эх үүсвэрийн хувьд хамгийн их сонирхол татах чиглэл болох бөгөөд бидний нөлөөг Азид бүхэлд нь бэхжүүлэх боломжийг олгоно” гэжээ. Тэгээд л хятадууд ажилдаа орцгоосон ...

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.