Энэ гарчгийг хараад Та гайхаж буй байх. “Тавантолгой” төсөл дээр орд ашиглах саналаа Ажлын хэсэгт танилцуулсан гадаадын 7 консорциум байгаа атал тэдний нэг нь яагаад ингэж ялчихсан юм шиг дуугарав гэж. Гэхдээ л “Шиньхуа” корпорацийн Ерөнхий менежерийн орлогч энэ үгийг хэлсэн юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн айлчлалын үеэр болсон Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн форум дээр тэрбээр үг хэлэхдээ, “Бид гадаадын компаниудаас хамгийн анх Тавантолгойг сонирхож, судалж, ашиглах боломжтой гэсэн санаачилга гаргаж байсан. Бид долоон жил хүлээлээ. Хөрөнгө санхүү, дэд бүтэц гээд бүхий л зүйл бидэнд байна. Одоо хурдан төслөө эхлүүлмээр байна” хэмээн Лин Вэн хэлсэн нь форумд сууж байсан Монголын бизнес эрхлэгчдийн ярианы сэдэв болсон юм.
Уг нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хуулийн төсөл одоо л УИХ-д орж, намын бүлгүүдээр хэлэлцэгдэж эхэлсэн. Засгийн газраас оруулсан төсөлд Тавантолгойг хоёр хувааж, аль нэг улсад гэхгүйгээр үндэсний аюулгүй байдлыг харгалзан Хятад, Орос, Япон, БНСУ гээд бүгдэд нь эрх тэгш хуваарилах саналтай байгаа. Гэтэл төсөлд өрсөлдөж байгаа Хятадын нэг компанийн төлөөлөгч юуны учир Тавантолгойг авчихсан юм шиг, ажлаа эхлэхэд нь Монгол улс саад болоод байгаа юм шиг ингэж ярих болов гэдэг сонирхолтой. Зүгээр ч нэг эхэлмээр байна гэчихсэнгүй, “Шиньхуа” корпораци Хятадын хамгийн том төмөр замын сүлжээний нэгийг эзэмшдэг, далайн хоёр боомттой, эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болж чадсан гээд Тавантолгойг ашиглах бүхий л боломж нь бүрдчихсэн гэдгийг хэлсэн. Түүний хэлсэн үгийг зүгээр нэг өрсөлдөж байгаа компанийн гоморхлын үг гэхээсээ илүүтэй Хятад улсын байр суурь гээд ойлгоход буруудахгүй. Магад Ерөнхий сайд Вэнь Зябаогийн далдуур битүүхэн сануулж буй хандлагыг Лин Вэн тодруулаад шууд утгаар нь хэлсэн байж ч мэдэх юм.
Тэд оросуудаас дутсангүй
Хятадын Ерөнхий сайдын айлчлалыг өнгөрсөн жилийн Д.Медведев, В.Путин нарын айлчлалтай адилтгаж болох юм. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх сургаар хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч, Төрийн ДУМ-ын дарга, Ерөнхий сайд нь дараалан Монголд айлчилсан нь тухайн үед дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татсан. Тэдний сонирхол нь Оюутолгойд Оросын компанийг оруулах, төмөр замын асуудлыг Орост ашигтайгаар шийдвэрлэх, бас уран байсан нь тодорхой болсон. В.Путин тухайн үедээ бас л 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл хармаалаад С.Баяртай уулзаж байв.
Энэ удаа ч Вэнь Зябао дарга өмнөх 300 сая долларынхаа зээл дээр нэмээд 500 сая сая долларын зээлийн эрх бариад С.Батболдтой уулзлаа. Бас бус оюутан үнэгүй суралцуулах, 50 сая юань буюу 10 орчим тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж зэрэг хэд хэдэн “бэлэг” өгсөн гээд байгаа. Мөн дипломат харилцаа тогтоосон 60 жилийн түүхийг дүгнээд ирэх 60 жилд хоёр улсын харилцааг сайн хөршийн харилцан ашигтай түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх талаар тохиролцоод буцлаа. Энэ бүхэн нь Монголыг, Монголын ашигт малтмалыг Хятад улс маш ихээр сонирхож буйн баталгаа. Нөгөө талаар хойд хөршийн хэвлэлийнхэн ч энэ талаар дуугүй байсангүй, Монгол Хятадыг биднээс илүүд үзэж байна гэсэн утгатай мэдээлэл цацах болсныг анзаарахгүй өнгөрч боломгүй.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.