Орчуулсан Сандуйжавын Сайнбилэг
Манай их хөршүүд болох Орос Хятадын харилцааны олон асуудлыг өрөөсгөл бусаар авч үзсэн Оросын шинжээч Сергей Михеевийн шинжилгээний дорвитой нийтлэлийг интернэтэд тавигдсанаар нь толилуулж байна. Ноён Сергей Михеев “Хятадын аюул” гэх асуудлыг нэлээд өргөн хүрээнд авч үзжээ. Орос Хятад, Хятад Монголын харилцаанд ижил төстэй талуудаас гадна эрс ялгаатай, онцлогтой зүйлүүд ч мэдээж байгаа. Харин Хятадтай холбоотой зарим асуудлаар Оросын шинжээчтэй санал нийлэхгүй байж болох ч энэхүү нийтлэл нь “Бид хөршөө хэр сайн мэдэх вэ?”, “Хятадтай харилцах бодлого ямар байх ёстой вэ?”, “Бид өөрсдийгөө хэр сайн мэдэх вэ?”, “Хятад сургамж бидэнд хэрэгтэй юү?” гэх мэт олон асуултанд ямар нэг хэмжээгээр хариулт болох, зарим талаар сургамжтай, санаа авууштай байж болох юм.
Сүүлийн үед Хятадтай өрнөж буй хамтын ажиллагааны идэвхжил нь энэ түншлэл бидэнд ер нь хэрэгтэй юү, энэ нь эцэстээ манай Алс Дорнод, улмаар Сибирийг бүхэлд нь хятадууд колончлоход хүргэх үү? зэрэг асуултууд ширүүн маргаан дахин дэгдээгээд байна.
Сонирхолтой нь энэ маргаан Хятадын боломжит аюулын талаарх Барууны “зовнилтой” дуу нийлж байгаа юм. Үүний зэрэгцээ Хятадын хөгжлийн өнөөгийн загвар ч бүхэлдээ шүүмжлэлд өртөж байна. Оросын хувьд энэ мэтгэлцээнд пиар, ор үндэсгүй айдас болон бодит байдал хоорондын зааг чухам хаагуур байгааг тодорхойлох нь чухал юм.
Цагаачдын түрэмгийлэл
Манай Алс Дорнод дахь хятадуудын эдийн засгийн чимээгүй “түрэмгийлэлд” иргэд маань ихээхэн санаа зовниж буйгаас яриагаа эхэлье. Манай оронд албан ёсоор болон хууль бусаар оршин сууж буй хятад иргэдийн тоо жилээс жилд өсч байгаатай хэн ч маргахгүй байх. Өөрөөр хэлбэл “түрэмгийлэл” ямар нэгэн хэлбэрээр үнэхээр байгаа. Гэхдээ энэ нь Бээжингийн албан ёсны стратеги уу, аль эсвэл хар аяндаа болж байгаа үзэгдэл үү гэдэг нь ихээхэн чухал асуудал юм.
Хятадад умардаас өмнөд рүү, ялангуяа өмнөдийн эрэг орчим руу шилжин суурьших дотоодын шилжилт хөдөлгөөн эртнээс их байсаар ирсэн. Учир нь өмнөдөд амьдарч, мөнгө олох нь илүү хялбар байдаг. Эдийн засгийн хувьд илүү хөгжсөн хотууд, бүс нутаг нь өмнөд болон зүүн өмнөдийн Шанхай, Ханжоу, Нанкин, Гуанжоу, Сянган (Хонконг), Аомынь (Макао), Фужоу, эцэстээ Тайвань (де-факто бие даасан боловч үнэн хэрэгтээ болон түүхийн хувьд Хятад л гэсэн үг) байгаа нь учиртай. Хятадуудын гадагш шилжин суурьших хөдөлгөөн бас л өмнөд рүү буюу Малайз, Сингапур, Индонез руу голлон чиглэдэг уламжлалтай. Чухам эдгээр орнуудад хятадуудын хамгийн том нэгдлүүд (диаспорууд) байдаг.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.