Дэлхий дахин эдийн засгийн тодорхойгүй олон асуудалтайгаар шинэ оныг угтлаа. Мэргэжилтнүүд энэ үеийг санхүүгийн хоёр дахь их хямралын үе хэмээн тодорхойлоод буй. Олон улсын эдийн засгийн энэ хүндхэн байдалтай зэрэгцэн 2012 онд дэлхийн 59 улсад сонгууль болно. Үүнээс 26 улс Төрийн тэргүүнээ сонгох учиртай. Тиймээс энэ он улс төр, эдийн засгийн хувьд ч томоохон өөрчлөлт шинэчлэлээр дүүрэн байх нь гарцаагүй.
Э.Оджаргал
Ердөө нэг жилийн дотор Евро бүсийн орнууд өрийн хямралд бүрэн автаж, евро хэмээх валют цаашлаад Европын холбоо оршин тогтнох эсэх нь баталгаагүй болов. Өрийн хямралын асуудлаар олон талт чуулга уулзалтыг удаа дараа зохион байгуулсан ч аврах төлөвлөгөөг гаргаж чадсангүй. 2011 он европчуудад маш хүнд жил байлаа.
Шинэ он тэдний хувьд мөн л таагүй эхэлж байна. Оны эхний сарын “13-ны баасан” гаригт Standard & Poor’s агентлаг Евро бүсийн есөн улсын зээлжих эрхийн рейтингийг бууруулах шийдвэр гаргав. Өнгөрсөн оны намраас олон улсын хөрөнгийн захууд Франц улсын рейтинг буурна хэмээн таамаглаж байсан нь биеллээ олж, “ААА” рейтингтэй дэлхийн таван шилдэг улсаас нэг нь хасагдахад хүрэв. Энэ рейтинг 1975 оноос хойш Францын санхүүгийн гол тулгуур багана болж иржээ. Европын томоохон эдийн засагтай тус улс араасаа Европын санхүүгийн Тогтворжуулалтын сан / EFSF /-г “чирч” мөн л зээлжих эрхийн рейтинг нь нэг шатаар буурсан. Европын санхүүгийн тогтворжуулалтын сан нь өөрийн хөрөнгөгүй бөгөөд Голланд, Герман, Финлянд, Люксенбург зэрэг “ААА” рейтингтэй дөрвөн улсын баталгаагаар олон улсын захаас бага хувийн хүүтэйгээр мөнгө босгодог. Энэ хөрөнгийг Европын холбооны эдийн засгийг тогтвортой байлгах зорилгоор санхүүгийн хүндрэлтэй Евро бүсийн бусад оронд зээлээр олгох юм. Гэсэн ч сангийн нийт хөрөнгийн хэмжээний асуудлыг хэлэлцсээр өнөөг хүрч байна.
Хэтэрхий тодорхойгүй байдал нь Европын холбоог задрахад хүргэж болзошгүй. Ийм таамаглалыг хөрөнгө оруулалтын банкууд ч, олон улсын шинжээчид ч гаргаад байгаа юм. Германы Deutsche Bank 2012 оны дэлхийн эдийн засгийн томоохон арван үйл явдлын нэгдүгээрхийг Грек улс Европын холбооноос гарна гэж тодорхойлжээ. Японы Nomura банк нь Европын холбооны задрал 2012 оны геополитикийн хамгийн том эрсдэл байх болно гэж үзжээ. Магад ийм байдалд хүрэхгүй байх цорын ганц найдвар нь Европын Төв банк /EТБ/ юм. Өнөөдөр хөрөнгө оруулагчид тус банкны үйл ажиллагаа, аливаа шийдвэрийг тун анхааралтай ажиглаж буй. ЕТБ энэ оны анхны хурлаараа нэг хувийн голлох хүүгийн бодлогоо өөрчлөхгүй хэмээн шийдвэрлэв. Тус банк нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гурван жилийн хугацаатай мөнгө хуримтлуулах төслөө зарлаж, хоёр удаа нэг хувийн хүүтэйгээр Евро бүсийн банкуудад гүйлгээний мөнгө оруулахаа мэдэгдэж, банкуудад 489 тэрбум еврогийн зээл олгосон. ЕТБ энэ сард гурван жилийн хугацаатай зээлийн хоёр дахь тендерээ зарлана.
Одоогоор Олон Улсын Валютын сан/ОУВС/, ЕТБ хамтран евро бүсийн өрийн хямралыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Өрийн сүлжээ улам даамжирч байгаа тул ОУВС холбооны гишүүн орнуудаас нэмэлт 500-600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хүсээд байгаа. Тус сан нь 2012 онд нийт нэг их наяд орчим ам.долларын санхүүгийн зарцуулалт хийнэ хэмээн тооцоолоод буй. ОУВС нь өнөөгийн байдлаар 358 тэрбум ам.долларын нөөц хөрөнгөтэй. Өрийн хямралаас гарах арга замыг эрэлхийлсээр байгаа ч Евро бүсийн санхүүгийн хүндрэл улам гүнзгийрсээр байна.
Гэтэл Орос улс экспортын 52 хувийг Европ руу, импортын 38 хувийг мөн л Евро бүсээс авч байна. Эдийн засгийн хувьд сайнгүй байгаа ч хойд хөрш 2012 онд санхүүгийн томоохон ажлуудыг төлөвлөөд байгаа. Жилийн хоёрдугаар хагас гэхэд Дэлхийн Худалдааны Байгууллагын /ДХБ/ бүрэн эрхт гишүүн болсон байна. Нэр хүндтэй энэ байгууллагын гишүүн болохын төлөө импортын гаалийн татвараа бууруулж, экспортын гаалийн татвараа хязгаарлахаа оросууд амласан. Гэрээ хэрэгжиж эхлэх хугацаанд экспорт, импортдоо баримтлах үнийн саналаа гурван жилээр урьдчилан зарлах юм. Оросын импортын гаалийн татвар дунджаар одоогийн 14,7 хувиас 10,8 хувь болж буурна гэж жишээ болгон ДХБ-д элсэхэд бэлтгэх санхүүгийн тайландаа дурьджээ.
Монгол улсын хувьд оросуудтай холбоотой гурван гол асуудал бий. Энэ нь нефтийн бүтээгдэхүүний импорт, махны экспорт болон виз юм. Тиймээс одоогийн махны экспорт болоод түлшний импортод үзүүлэх өндөр татвар багасах нь манай улсад таатай боломж бий болгоно.
Гэвч 2012 онд Оросын нефтийн үнэ огцом өснө гэж байгаа. Энэ нь тус улс нефтийн бүтээгдэхүүний стандартаа дэлхийн хэмжээнд нийцүүлэх зорилгоор технологийн шинэчлэл хийхэд ихээхэн зардал гаргасантай холбоотой аж. Өнгөрсөн жил Оросын дотоодын зах зээл дэх бензиний үнэ 15,3 хувиар өсчээ. Энэ онд 8-10 хувиар өсөх хандлагатай байна. ДХБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор нефть, байгалийн хийн экспортын гаалийн татвараас орох ашиг орлого нь нэлээд танагдана. Гэхдээ экспортын гаалийн татвар нь бусад салбаруудын гаалийн татвараас харьцангуй бага хувиар буурах юм билээ. Одоогийн байдлаар тус улсын бензиний экспортын гаалийн татвар нэг тонн тутамд 357,7 ам.доллар байна.
2012 онд дэлхийн эдийн засагт томоохон байр суурь эзлэх гүрнүүдийн геополитикийн бодлого, дэлхийн мөнгөний их урсгалыг жолоодох эрх мэдлийн төлөөх нэгдлүүдийн талаар үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ММJ сэтгүүлийн № 001 /039/ дугаарыг үзнэ үү.