Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Түүхий нүүрсийг “хорхог” болгох нүргээн

Үүрийн цолмон анивчсаар бүдгэрч, гэгээ татахын алдад “Тавантолгой” нисэх буудалд газардлаа. Говьд өссөн хэрнээ үүр цайхдаа ийм үзэсгэлэнтэй байдгийг ер анзаараагүйгээ гайхав. Өргөн талын захаас зэсэн өнгөт улбар наран туяагаа цацсаар аажмаар мандах нь үлгэрийн мэт сайхан харагдана. Наран  мандахаасаа жаргах хүртлээ говь нутагт илчээ харамгүй өгдөг нь асар их баялагтай байхын үндэс ч юм уу гэж бодогдлоо. Тослог бор толгод  биесээ түшин зүүрмэглэж, хаа нэгтээ ботго гунганахаас өөр анир чимээ үгүй говь нутагт “төмөр шувуу” бууж, машинууд давхилдаад дуу шуугиан ихтэй, нойрмоглох завгүй байна. “Төмөр шувууны” газардах талбай 115 га газар. Цогтцэций сумаас зургаан км зайд оршдог. Тун тохилог буудал байна. Онгоцны буудал баригдсанаар уудам говьд содон чимээ нэмжээ. Өөр ямар шинэ дуу нэмэгдсэнийг сонсохсон гэхээс яаран, машиндаа суугаад “чих тавив”. 


Уурхайн дуу

 Уурхайн дуу энд 1996 оноос эхлэн нүргэлсэн. Өмнөговь, Дундговь, Дорноговь гээд аймгуудын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн Тавантолгойн нүргээн төдийлөн чанга бус, сонстох төдий байсан гэж хэлж болно. Гашуунсухайтын боомтоор  2004 оноос эхлэн Хятад улс руу нүүрс экспортолдог болсноор уурхайн чимээ чангарсан. Харин одоо “Ухаа худаг” ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулан, сүр хүчит дуу хадааж эхэлжээ.
Уурхайд нэвтрэхээсээ өмнө бүгд хамгаалалтын шил зүүж, тусгай малгай, хантааз өмслөө. Гаднаас ирсэн бидэнд л ийм хувцас өмсгөж байна уу гэж бодтол үгүй юм. Уурхайчид цөм хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан сахидаг нь нүднээ ил. Дуу шуугиант уурхай хааяа нам жим болдог нь техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах үе аж.  Багахан л доголдол гарвал уурхайн ажлыг зогсоож, бүх зүйл хэвийн болсон цагт эхлүүлэх хатуу зарчмыг “Ухаа худаг”-ийнхан чанд баримтална.
“Үндэсний компаниуд консорциум болоод гарааг нь сайн эхэлчихлээ. Төрийн өмчийн компани бас үйл ажиллагаагаа цаг алдалгүй эхлүүлж ашиглах хэрэгтэй. 2009 онд төрийн өмчийн компани ажлаа эхлүүлчихсэн бол ийм дайны уурхай болчихсон байхгүй юу” гэж УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн чангахан хэлсэн нь уурхайн дууг илүү хүчтэй нүргэлүүлэх хэрэгтэйг сануулах шиг. Мөн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Антентай орой” гэх толгой  дээр гараад уудам талыг ширтэн зогсохдоо “70 мянган га газартай, зургаан тэрбум нөөцтэй том баялгийн дээр нь бид зогсож байна, түргэн хугацаанд Их хуралтайгаа хамтраад Засгийн газар шийдвэрээ гаргаад, энэ газрыг хөдөлгөөнд оруулах, зөв зохистой ашиглах явдал туйлаас чухал байна” хэмээсэн юм. Уурхайн дуу улам чангарахын дохио сайдын ярианаас сонсогдлоо. Урьд мэддэг уурхайн сул дуу өөрчлөгдөж, шинэхэн, тод өнгөөр цуурайтаж байна.
                                    

Үйлдвэрийн дуу

-Бид нүүрсээ түүхийгээр нь зардаг. Удахгүй баяжуулаад зарна.
-Хэзээ?
-2010 оны сүүлээр.
-Заа....,   найз охин бид хоёрын дунд өрнөсөн бяцхан яриа. Тэр худлаа гэж бодсон, бүтэхгүй юм ярьсан гэж үзвэл “заа” гэж хоолойгоо шахаж хэлдэг юм. Миний үг үнэн гэдгийг түүнд батлах хэд хэдэн зургийг үйлдвэрийн шав тавих ёслолын үеэр хальсандаа буулгаж амжсан нь яамай.
 Нүүрс зөөдөг “аварга”   хоёр машиныг зэрэгцүүлэн зогсоож тайзыг орлуулаад, морин хуурын уянгалаг  аялгуу эгшиглүүлэн ёслолын нээлт эхлэв. Нээлтэд зориулж Тэргүүн шадар сайд болон УИХ-ын гишүүд үг хэлж Баяжуулах үйлдвэрийн ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн. Улаан торгон туузыг Шадар сайд хайчилснаар нүүрс баяжуулах үйлдвэрийн шавыг тавив. Австралийн “Сэджман” компанийн зураг төслөөр баригдах энэ үйлдвэр 2010 оны арван хоёрдугаар сард ашиглалтад орж цэлгэр говьд шинэ цуурай хадааж, жилд таван сая тонн нүүрс баяжуулна. Энэ тоо цаашид уурхайн олборлолтын хүчин чадлаас хамаараад нэмэгдэх хандлагатай. Баяжуулах үйлдвэрлэл явуулахад усны хэрэгцээ нэн тэргүүнд шаардлагатай. Энэ талаар “Энержи Ресурс” компаниас онцгой анхаарч, сүүлийн хоёр жил судалгаа хийсний  дүнд үйлдвэрээс 20 км зайтай Наймантын хотгор хэмээх газраас гүний ус татаж ашиглахаар болсон байна.
“Түүхий махаа бөөндөж зарснаас шорлог болгоод худалдвал илүү үнээр зарж, ахиу ашиг олдгийг захын наймаачид хүртэл мэддэг биз дээ. Үүнтэй ижил түүхий нүүрсээ угааж “хорхог” болгоод гаргавал өндөр үнэд хүрэх нь дамжиггүй” гэж уурхайн ажилчид ярилцах нь сонсогдсон. Маргаангүй үнэн.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.