Б.ЦАЦРАЛ
"Хонконг амьдрахад үнэтэй газар" хэмээн ноён Лоренс Фок бидэнд танилцуулав. “Гэхдээ бирж дээр хувьцаагаа арилжихыг хүссэн хүнд бол хямдхан шүү” гэж дараа нь бас сануулав. Энэ эрхэм Хонконгийн Хөрөнгийн биржийн Маркетинг хариуцсан захирал. Түүний хэлснээр дэлхийн хэмжээний бусад биржтэй харьцуулбал эдний зах зээлд хувьцаа гаргах үйл явц хамаагүй өртөг багатай аж. Өөрөөр хэлбэл Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлж анхны хувьцаагаа арилжих хүртэлх бэлтгэл ажилд компаниуд харьцангуй бага мөнгө зарцуулдаг гэсэн үг. Энэ бол давуу тал.
Хятадад гурван арав, Монголд харин балжинням, дашням давхцан хуримын хөлд дарагдаж, найранд халамцаж хоносон хүмүүсийн хүргэн бэрийн тухай хууч шинэхнээрээ байх аравдугаар сарын 11-ний үдэд Монголын сэтгүүлчдийн баг Хонконгийн хөрөнгийн биржээр зочлон шилэн хаалтны цаанаас арилжаа хэрхэн явж байгааг сонирхож зогслоо. Аврах албаны ажилтнуудынх шиг час улаан хантааз өмссөн брокерууд тус тусынхаа дэлгэцийг ширтэн завгүй суух чив чимээгүй танхимд өдөр тутам тэрбумаар хэмжигдэх мөнгөн урсгал урсаж буй. Ноён Фокийн мэдээлснээр тэр урсгалын мөнгөн дүн дунджаар 7.9 тэрбум ам.доллар. Хонконгийн биржийн нэг өдрийн арилжааны эргэлт. Энэ үзүүлэлт Лондонгийн бирж дээр 8.0, Торонтод 5.1 байгаа гэнэ. “Энэ хүмүүст өдрийн хоол идэх завсарлагааны цаг байдаг уу?” хэмээн хэн нэгэн нь биржийн хэвлэл мэдээллийн ажилтан Мария Лоу хатагтайгаас хэрэгт дурлан шивнэсхийн асууж байх мөчид нам гүмийг эвдэн хонх дуугарлаа. 16 цагтай уралдан чимээгүй орчныг сэрээдэг энэ хонх өдрийн арилжаа дууссаныг зарлана. Брокеруудын өмнөх факсын аппарат шиг жижигхэн төхөөрөмжүүд зүрхний бичлэг хийх мэт өдрийн арилжааны дүнгээ нэгтгэн зайгүй ажиллаж эхлэв. Яг хоёр өдрийн дараа хонх дуугарахад энэ аппаратууд сайн муу мэдээний алийг нь бидэнд дуулгах бол гэж өөрийн эрхгүй бодогдов. Тэр өдөр Монголын үндэсний компани анх удаа Хонконгийн бирж дээр хувьцаагаа зарж эхэлнэ.
Санхүүгийн мэргэжилтнүүд өнөөдөр Хонконгийн биржийг өрнө дорнын уулзах цэг хэмээн томъёолж байна. “Нэг улс, хоёр систем” бодлого энэ чухал орон зайг эзлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг биржийн танилцуулгад дурджээ. Өрнө дорнын өөр өөр соёлтой хүмүүс энд санхүүгийн хэлээр ярилцаж, хамтран түншилж, харилцан ойлголцож, тасралтгүй урсах их хөрөнгийн урсгалыг түүчээлж байна.
Монголын сэтгүүлчдэд өгсөн эхний мэдээллээрээ Лоренс Фок арлын жижигхэн хот-улсын биржийг эдийн засгийн эрх чөлөөгөөрөө дэлхийд тэргүүлдэг гэлээ. Хөрөнгө санхүүгийн урсгалд ямар нэг хориг, шалгуур тавьдаггүй нь өөр нэг онцлог нь. Гадаадын иргэд, компаниуд эндхийн хөрөнгө оруулагчдын 62-оос доош хувийг эзэлж байсан тохиолдол сүүлийн арван жилийн түүхэнд нь лав байхгүй. Тэрхүү гадны хөрөнгө оруулагчдын 40 шахам хувийг америкчууд эзэлнэ. Тэдний араас англичууд жагсана.
Өнгөрсөн зургадугаар сард Хонконгийн бирж уул уурхайн компаниудыг бүртгэх шалгуураа хамаагүй зөөллөн өөрчилсөн ч зөвхөн олборлолт дагнан хийдэг компанийн хувьд хаалттай хэвээр үлджээ. Магадгүй үүнээс нь болоод Торонтогийн бирж арлын орны “анд”-аа өрсөлдөгч хэмээн үздэггүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Гэлээ ч Хонконгийн ирээдүй том. “CIBC World Markets” группын дэд ерөнхийлөгч Уоррен Жилманы хэлснээр Хонконг дэлхийн уул уурхайн санхүүгийн гол цөм болох бүрэн боломж, басхүү чадавхтай. Тэрбээр энэ дүгнэлтийг Хонконгийн “Конрад” зочид буудалд болсон Уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулганы аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаан дээр хэлсэн юм. Харин түүний дараагийн илтгэгч, бидний танил ноён Фок Монголын уул уурхайн корпораци Хонконгийн бирж дээр хувьцаагаа арилжиж эхэлсэн тухай мэдээгээр илтгэлээ эхлэв. Энэ жил уул уурхайн ердөө тавхан гадаадын компани Хонконгийн биржид шинээр бүртгүүлжээ. Тэдэн дундаас хамгийн амжилттай цойлох магадлалтай гэж мэргэжилтнүүдийн онцолж буй нь манай үндэсний компани. Үлдсэн дөрвийнх нь үнэ уруудаж, эргээд сэргэснээ дахин буурч, эсвэл арилжаагаа хойшлуулах зэргээр биржийн худалдааны таагүй түүхийг дор дороо бичиж байгааг эх сурвалжууд мэдээлсээр байгаа. Уул уурхайн компаниудын арилжааны өдрийн дундаж эргэлт энд 674 сая ам.доллар.
Монголын компанийн арилжаа эхэлснийг дэлхийд алдартай Mining Journal сэтгүүлийн эрхлэгч Крис Хинд Хятадын аварга зах зээлийг Монголын арвин баялагтай холбон бат бөх гагналаа хэмээн дүгнэн бичжээ. Олон хүн Хонконгийн биржийг хөгжлийнхөө түүхийг ид бичиж эхэлж байна гэдэгтэй санал нийлж байгаа. Харин Крис Хинд Хонконгийн бирж, түүнтэй тун амжилттайгаар түншилж эхэлсэн Монгол Улс хоёрыг ирэх цөөн жилийн эргэлтэд эрийн цээнд хүрч, хөгжлийнхөө өндрийг авна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.