Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

П. Очирбат: Монголын металлург дэлхийд дэвших зам нээгдлээ

Л. Болормаа

Туузан дамжлага чичирхийлэн чимээ өгөх шиг санагдав. Үйлдвэрийн эд эс бүхэн амьсгаа орон ажиллалаа. Мөнөөх туузан дамжлагын шугамаас хар нунтаг нарийхан зам татуулан гарахыг Та зурагнаас харж байна. Энэ бол түүхэн мөч юм. Анхны Ерөнхийлөгч П. Очирбатын хэлснээр “Монголын металлург дэлхийд дэвших” эхний шан билээ.

Дэлхий коксын эрэлхийлэлд мордож буй энэ цаг дор “Монгол” брэндийн коксжсон нүүрс өрсөлдөөнд орж байна. Эх орны баялгийг түүхийгээр нь хямд гаргадаг худалдаачин сэтгэхүй өөрчлөгдөж, баялгийг өөрсдөө үйлдвэрлэдэг, түүгээрээ дэлхийн зах зээлд өрсөлддөг өдрүүд ирснийг тэрхүү чичирхийлэн амьсгалах аварга шугам ойлгуулсан юм. Энэ жил 7 сая тонн нүүрс экспортод гаргахаас 4 саяыг нь шинэ үйлдвэртээ баяжуулах аж.

Өмнөх шөнө нь говь нутаг хурд умбан цангаа тайлжээ. Хаваржин хүлээсэн бороо зуны эхэн сарын аравдаар асгарсан нь тэр. Ухаа худаг уурхайн орчимд энд тэнд шалбааг тогтчихсон харагдах нь сонин. Хурын дараах тунгалаг өглөө тэнгэрт хөх цагаан бөмбөлгүүд хөөрөөд эх орны зэлүүд тал амьсгаа өндөртэй өнжсөн юм. Өнгөрсөн жил тохойн чинээ байсан суулгац өнөөдөр “хүний дайтай” өсч өндийсөн харагдана. Ганц хоёр жилийн дотор хүний гараар хэчнээн том бүтээн байгуулалт сүндэрлэж болдгийг харагтун. Ухаа худаг коксжих нүүрсний ордын 2962 га талбайд дэлхийн стандартын уурхай ажиллаж, цахилгаан станцын бүтээн байгуулалт сүүлийнхээ эрэг шургийг чангалаад дуусч байна. Авто засвар болоод сургалтын цогц төв хэдийнэ ашиглалтад орсон харагдана.

Өнгөрсөн зун энд ирэхэд үнэмших аргагүй мөрөөдөл шиг сангадаж байсан усан сан хураар дүүрчээ. Наймантын хөндийд таван метрийн гүнтэй хоёр том сан байгуулаад, нийтдээ 56.000 шоо метр усаар дүүргэнэ хэмээн нодлин нэг залуу тайлбарлаад байхад нь итгэж чадахгүй зогссоноо энд санав. Их говийн ангасан талд ус юүлэхээр наран авхай сороод явчих вий гээд аварга усан санг зузаан “резинээр” хучсан аж. Ерөнхийдөө резин шиг л эд байна лээ, яг ямар бүтээн байгуулалт хийгдсэнийг нүдээр үзэхээс нааш ойлгох аргагүй мэт ээ. 20 километр доторх том талбайн худгуудаас газар доогуурх шугамаар ус татан байршуулсан агаад нэгэнт дүүргэсэн усан сангийн нөөцийг уурхайн хэрэгцээнд дахин ашиглана. Дахин ашиглалт 95 хувьтай гэсэн техникийн дүгнэлт гарсан байна. Их говийн чандмань эрдэнэ болсон усны ашиглалтыг алдагдалгүй шахам буюу 98 хувьтай болгохоор “Энержи Ресурс”-ийн залуус  толгойгоо ажиллуулж байна. Уул уурхайн үйлдвэрлэлд усыг дахин ашигладаг ариг гамтай зарцуулалт туйлаас чухал гэдгийг үндэсний компаниуд юунаас ч илүүтэй ойлгодог.

Нүүрс баяжуулах Монголын анхны үйлдвэрийн нээлтэд оролцохоор ирсэн эрхмүүд усан сангийн резин дээгүүр тэшүүрдэж буучихаад, буцаж гарах гэж гулсаж мацаж харагдана. Таван метр гүн сан руу цөмрөөд уначихвал яана аа хэмээн бодох зарим нь “тэшүүрчдийг” хурдхан татаад гаргаж байна. Сангийн дамжлага бүрийг хянах цэг ажилладаг аж. Говийн эрдэс ихт ус энд цэвэршиж, Цогтцэций нутгийн ардууд ундны сайн устай болох өдрүүд иржээ.

Цахилгааны хязгаарлалт хэмээх үгэнд дасал болсон Цэций нутгийнхан “тогны” бэрхшээлээс удахгүй гарна. 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын эхний ээлж долдугаар сард ашиглалтад орно. Сүүлийн хэдхэн жилд Наймантын хөндийд хоёр шинэ ойлголт нутагшжээ. Нэг нь “Монголын мэргэжилтнүүд барьж байна” гэх үг, нөгөө нь “Анхны” хэмээх тодотгол. Ухаа худаг уурхайгаас хил хүртэлх 240 километр хатуу хучилттай замыг монголчууд өөрсдөө байгуулж байна. Наймдугаар сард ашиглалтад орно. 100 тоннын даацтай машин явах замыг анх удаа монгол мэргэжилтнүүд байгуулж байгаа нь энэ. Үндэсний долоон компани хүч хавсран уг бүтээн байгуулалтыг хийжээ. Цахилгаан станцыг мөн л манай мэргэжилтнүүд босгосон бол уг станцын хөргөлтийн технологи нь олон улсын стандартад нийцсэн, экологийн аюулгүй үйлдвэрлэл аж. Нийслэлийн станцууд шиг нүүрс голох, тортог утаа баагих зовлонгүй гэсэн үг.

“Анхны” хэмээх тодотголуудаас хамгийн чухал нь энд уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй зэргэцэн уурхайн хаалтын ажлыг төлөвлөсөн явдал юм. Өнгөн хөрсний овоолго дээр олон наст ургамал тарьжээ. Хөдөө аж ахуйн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтраад хийж буй нэг ажил нь гэнэ. Наймантын хөдийд 6000 мод бут өсч өндийж байна. Ухаа худаг уурхайг тойрсон бүтээн байгуулалтад үндэсний 500 гаруй компани, тэдгээрийн ажилтан ажиллагсад оролцсон. Монголчуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Оргил мөч нь зургадугаар сарын 11-ний тунгалаг өглөө байх биз ээ. Эх орны гангийн үйлдвэрлэлд, экспортын хүчин чадалд, бүс нутгийн өрсөлдөөнд, цаашлаад дэлхийн брэндтэй болох зам мөр эхэлсний учир тунгалаг өглөөг онцолж байна. Монголчууд өөрсдийн оюунаар баялгаа ашиглаж, өөриймсөг зүрх сэтгэлээр байгалиа хамгаалж чаддаг болжээ. Говийн хур нутгийн үзэмж нэмсэн үдэш “Тавантолгой” шинэ нисэх буудлаас хөөрөв.