“Монголчууд бид чадна”, “Монгол инженерүүд ямар ч бүтээн байгуулалтын том том төслүүдийг бие даан гүйцэтгэх чадвартай болсноо харууллаа”... Энэ бол Өмнийн цэнхэр говь нутаг дахь шинэ цагийн бүтээн байгуулалтуудын нэг Ухаа худаг цахилгаан станцын нээлтийн үеэр хөөрч, догдолсон олны үг байлаа.
Үндэсний “М-Си-Эс интернэйшнл” группийн удирдлагаар Монголын шижигнэсэн, залуухан монгол инженерүүдийн барьсан анхны, 18 мегаваттын хүчин чадал бүхий Цахилгаан станц гэдгээрээ энэ үйл явдал манай улсын эрчим хүчний салбарын шинэ үеийг эхлүүллээ гэж хэлж болно.
Манай улсад сүүлийн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд шинээр цахилгаан станц баригдаагүй. Тэгвэл урьд өмнө хэрэглэж байгаагүй шинэ технологийг Монголд анхлан нэвтрүүлсэн зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг даван туулсны эцэст Ухаа худагийн Цахилгаан станцын зураг төсөл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг 10 сар, барилга угсралт, туршилт тохируулгийг 15 сарын хугацаанд буюу бүхэлдээ 25 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулжээ. Уг нь, үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн, цаг агаарын таатай нөхцөлтэй улс орнуудад ийм цахилгаан станцыг 24-30 сарын хугацаанд барьдаг аж.
Энержи Ресурс компанийн захиалгаар барьсан Цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс интернэйшнл” ХХК ажиллаж, төслийн гүйцэтгэгчээр эрчим хүч, барилга, угсралтын 80 гаруй компанийн 1500 орчим инженер, техникийн ажилчид оролцжээ.
Цахилгаан станцын нээлтийн ажиллагаанд “М-Си-Эс” группийн ерөнхий захирал Ж.Оджаргал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УМХЕГ-ийн дарга Р.Содхүү болон нийгэм, соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэд, орон нутгийн удирдлагууд оролцсон юм.
Цахилгаан станц нь нүүрсийг бүрэн шатаах циклонтой, агаар орчинд азотын исэл үүсгэхгүй нам температурын буцламтгай үед шатаах зуух, хүхрийн исэл үүсгэхгүй байх нэмэлт хүхэргүйжүүлэх тоноглолууд, утааны хийтэй хаягдах дэгдэмхий үнсийг 99-ээс дээш барих боломжтой цахилгаан шүүлтүүрүүд, ус хамгийн багаар хэрэглэх агаарын хаалттай хөргөлтийн систем зэрэг шилдэг технологиудаас бүрджээ. Энэ бүхэн нь цаашид баригдах эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдийн хувьд жишиг болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Юутай ч Цогтцэций сум болон ойролцоох бүс нутгийг найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдлээ. Тус станц төвийн эрчим хүчний системд холбогдохоос гадна ирээдүйд баригдах томоохон чадлын цахилгаан станц болон нүүрс боловсруулах үйлдвэрүүдийн барилгын ажлыг эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх ажээ.
Г.Идэр