Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл байгуулах тухай Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор байгуулагдсан Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн Нарийн бичгийн даргаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Дааданхүүгийн Батбаатар ажилладаг. Түүнийг Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тулгамдсан бэрхшээлийг шийдвэрлэх асуудлаар боомтын хурлын танхимд төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй ярилцах үеэр дараах тодруулгыг авлаа.
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлнэ гэж ярьсаар бараг хоёр жилийн нүүр үзлээ. Энэ асуудал яагаад өдий болтол шийдэгдэхгүй байна?
Хоёр боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоход шаардлагатай орон тоо, бэлтгэл ажлыг манай талаас хангалттай базаасан. Харин Хятадын тал хариу өгөхгүй уг ажил удаашраад байгаа юм. Хил залгаа аймаг хошууны захирагчаас тодруулахнээ хүн хүчний хүрэлцээ муу байна гэсэн шалтгаан хэлдэг.
Засгийн газрын 102 дугаар тогтоолоор баталсан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж, Концессийн зүйлийн жагсаалтад оруулсан. Уг ажил ямар шатандаа хэрэгжиж байгаа вэ?
Шивээхүрэн боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө саяхан Техникийн зөвлөлгөөнөөр ороод батлагдчихсан. Техникийн зөвлөлгөөнөөр батлагдана гэдэг нь ерөнхийдөө асуудал шийдэгдэх тийшээ хандсан гэсэн үг. Урин дулааны улирал дуусч байдаг. Аж ахуй нэгжүүд дахиад дулааны улирлыг хүлээвэл хугацаа их алдана. Тэр хэмжээгээрээ улсын төсөвт орж ирэх мөнгө төгрөгт хүртэл алдагдалтай байж таарна шүү дээ. Хувийн хэвшлийнхэнтэй ярилцаад ямар ч байсан барилга, замаа барих бэлтгэлээ хангая. Тэгээд хөтөлбөр Засгийн газрын хуралдаанаар бүрэн батлагдаад дуусангуут ажлаа эхлээд явъя гэсэн шийдвэрт хүрлээ. Гашуунсухайт боомтын тухайд Тавантолгой ордоос хилийн зурвас хүртэл 256 км хатуу хучилттай замыг “Энержи Ресурс” компани бариад хүлээлгэж өгөхөд их дөхсөн. Харин боомтын ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн асуудал хүндрэлтэй яваа. Энэ асуудал ойрын нэг, хоёр сардаа шийдэгдэх болов уу гэж найдаж байна. Гашуунсухайтыг хөгжүүлэх ажил дээр холбогдох Яамны сайдууд онцгой анхаарал хандуулж байгаа. Учир нь “том” Тавантолгой олборлолтоо явуулаад эхэллээ. Эхний тээвэрлэлт хийгдсэн. Энэ ажил нь жигдрээд ирэнгүүт хүссэн хүсээгүй боомтын нэвтрэх чадварыг маш яаралтай нэмэгдүүлэх шаардлага тулгарна. Асуудлаа шийдэхгүй бол эргээд бусад ажилдаа садаа учруулах юм.
Боомтуудын нэвтрэх чадварыг дээшлүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна?
Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны хурд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны хурдаа гүйцэхгүй байна. Нүүрсний компаниуд том том техник төхөөрөмж оруулж ирээд ажлын бүтээмжээ дээшлүүлээд байдаг. Гэтэл өдөр бүр нэмэгдэж байгаа тэр их экспортын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боомт яг хэвэндээ. Ажил нь үхэр тэрэг шиг л удаан явж байна. Боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний асуудал хоёр жил гаруй л яригдлаа. Олон ч удаа ярьж зөвлөлдлөө. Аж ахуй нэгжүүд ч бас өөрсдөө идэвх санаачлага гаргаж байна. Энэ ажил яг төрийн захиргааны байгууллагын түвшинд очихоороо хүндрэлтэй болчихоод байгаа юм. Ер нь шулуухан хэлэхэд яам тамгын газрыг хэлээд байна. Яам тамгын газрын нөхдүүдийн маань ажлын уялдаа холбоо тааруу байдаг бололтой. Зарим тохиолдолд үнэхээр хууль зохицуулалт нь хүндрэлтэй байгаа учраас ингэж удааширдаг тал бий. Хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулбал улсын төсөвт орох орлого ч өсөх ёстой. Гэтэл хамаг ажил боомт дээр ирээд л гацчихаж байгаа юм. Иймэрхүү хүндрэл бэрхшээлүүдийг хаа хаанаа сайн мэдэж буй боловч энэ ажил маань нэг л явж өгөхгүй байгаа нь туйлын зовлонтой.
Нүүрс олборлож байгаа компаниуд хэр хариуцлагатай ажиллаж байна вэ?
Хэдийгээр ижил үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн жижиг гэлтгүй үл ойлголцох, маргах асуудал аж ахуй нэгжүүдийн хооронд байдаг юм байна. Тэд хоорондоо уялдаатай ажиллаж байж л хариуцлагаа тэгш хүлээнэ шүү дээ. Тэр бүгдийг зохицуулах үүргийг хүлээсэн хүн нь би. Боомт дээр ажилладаг төрийн 4 байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөллийг цуглуулж хуралдлаа. Нүүр нүүрээ харж байгаад үл ойлголцсон асуудлаа шийдлээ. Төрийн байгууллага хувийн хэвшил бүгд хоорондоо уялдаатай ажиллаж, тус тусынхаа үүргийг сайн биелүүлбэл ажил аяндаа зөв голдиролдоо ороод явчихна. Жишээ нь гаалийн бүртгэлийн систем нь техникийн доголдлоос болоод удааширч зарим тохиолдолд ажиллахгүй болоод байсан. Үүнд аж ахуй нэгжүүд тал талаасаа хөрөнгө гаргаад 3 хоногийн дотор засч янзлахаар боллоо. Уул уурхайнхан зөвхөн ухаад сэндийчээд байна уу гэвэл үгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгж байгаа мэдээлэл ихэнхдээ уул уурхайхан ухаад сэндийчээд хаячихлаа, хэдхэн нөхөд баяжаад явчихлаа л гээд байдаг. Үнэндээ бодит байдал яг тийм биш юм. Аж ахуй нэгжүүд ажилчдынхаа нийгмийн асуудал болон байгаль орчиндоо асар их хөрөнгө хүч хаядаг болсон. Манай улсын төсвийн ихэнхийг уул уурхайхан л бүрдүүлж байна шүү дээ.
Ярилцсан О. Хосцэцэг (Шивээхүрэн боомт)