Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас

Уул уурхайн эдийн засаг гэсэн ойлголт бидний амьдралд шинээр орж ирлээ. Шинэ нэр томъёо, содон үйл явдлууд Монголд өрнөж байна. Стратегийн орд газруудын түрүүчийг ашиглах эрх зүйн баримт бичгийг үзэглэсэнтэй зэрэгцээд Монгол орон зэрлэг буйд байдлаа орхиж эхлэв. Эдүгээ бид дэлхийн уул уурхайн салбар дахь хууль ёсны нэг тоглогч болжээ.


Одоо уул уурхайн эдийн засаг, шинэ технолог, хөрөнгө оруулалт дамжин урсах банк санхүүгийн эрүүл цусан хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, чадавхтай боловсон хүчин, Хөгжлийн банк, Концессийн хууль, Тогтворжилтийн сан, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг уул уурхайн үйлдвэрлэлийг дагалдан гарах бүхий л харилцаа, ойлголтууд манай амьдралд нэвтрэн орно. 


Монгол улсын Засгийн газраас уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон албан ёсоор зарлалаа. Энэ өдрүүдэд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудал болгон хөгжлийн том том төслүүдийн бэлтгэл ажлыг хангасан шийдэл болж байгаа. Тиймээс ч MMJ Засгийн газрын хуралдаанаас гаргасан тэмдэглэл шийдвэрүүдийг уншигчдадаа хүргэсээр байна. Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулагдах Хүнд аж үйлдвэрийн цогцолборын талаарх хуралдааны эхний шийдвэр ба холбогдох тодруулгыг MMJ өмнөх дугаартаа нийтэлсэн бол аравдугаар сарын дугаартаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан бусад томоохон төслүүдийн жагсаалтыг хэвлэлээ.


Ялангуяа    дэд бүтцийн төслүүд, тэр дундаа төмөр замын шинэ шугамыг тойрсон элдэв асуудал, төрөөс гаргаж буй шийдвэр, энэ талаар манай нийгэмд нөлөө бүхий хүмүүсийн байр суурь, олон улсын санхүүгийн байгууллагуудын байр суурийг MMJ үргэлжлүүлэн нийтэлсээр байна.


Эрхэм уншигч Та Концессийн хуулийн төслийг шинэ дугаараас маань үзэж болно. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх эхний асуудлуудын нэгд энэхүү хуулийн төсөл багтсан билээ. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулийг монгол хэл дээр бид ¹007 дугаартаа нийтэлсэн. Энэ дугаартаа англи орчуулгыг нь тавьж байна. Ураны орд газар эзэмших тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх ажил ойрын өдрүүдэд эрчимтэй явагдах учраас MMJ Цөмийн энергийн  газрын Лицензийн хэлтсийн даргын албан ёсны тайлбарыг нийтэллээ. Дашрамд дуулгахад, Засгийн газрын ойрын өдрүүдийн хуралдаанаар тус агентлагийн бүтцэд өөрчлөлт хийх гэж байна. Газар хэлтсүүдийн зохион байгуулалт шинэчлэгдэх ба орон тооны хувьд ч өмнөхөөс нь бэхжүүлэх шийдвэр удахгүй гарах аж.


Уул уурхайн салбарт бодит ажлууд хийгдэх гэж буй энэ мөчид MMJ технологийн тухай ярилцах  хуудсаа ямагт нээлттэй үлдээнэ. Салбарын мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд Та бүхэн манай хуудсаар дамжуулан санал бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Төр, засгийн шийдвэр гаргагчдад мэргэжлийн хүмүүсийн байр суурь туйлаас үнэ цэнтэй байх үе эхэлжээ.


Энэ ялдамд, Монгол оронд геологийн салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн баярын мэндчилгээг салбарын хамт олонд дэвшүүлье. Геологич та бүхний өмнө нь бүтээн босгосон их хөдөлмөр , бүтээн байгуулалтын суурь дэвсгэр дээр өнөөгийн шинэ эхлэлүүд өндийн дэвжиж буйг бахархалтайгаар тэмдэглэхэд таатай байна.