Нэр хүндтэй үнэлгээний компаниуд АА, А1 дүн тавьж байсан хөрөнгө оруулалтын банкууд дампууран, зах зээлийн эдийн засгийн түүхнээ дурдатгал болон хоцорлоо. ААА, А1 үнэлгээ цаасан малгай байв уу? Либерал капитализмын эрин энэ цаасан малгайтайгаа цуг арилан одов уу? Эдийн засгийн хямрал нь шинэ хүчин зүйлсийг хүлээн зөвшөөрөхийг бидэнд тулгаж байна.
Америк, Японы зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр эдийн засгийг судлан дүгнэх арга барил ард хоцорлоо. Залуу эдийн засгууд Азидаа төдийгүй дэлхий дахинд эрэлт, нийлүүлэлтийн үндсэн хэмжүүр болж эхэллээ. Үнэ ханш унах сүүлчийн цэг хаана байгааг Ази тив тодорхойлох нь. Энэ оны сүүлийн хагасаас зэсийн үнэ өсч эхлэх таамаглалыг судлаачид чухамдаа Ази дахь хэрэглээний сэргэлттэй холбон тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл их хямралын сүүлчийн буудал болсон Монгол Улс геополитикийн хувьд юу хожих вэ? Стратегийн ордуудаа ашиглах явцад эдийн засгийн гурав дахь түнштэй болно гэсэн монголчуудын хар хайрцагны бодлого хэрэгжих болов уу? Standard and Poor`s Монгол Улсын гадаад болон дотоод валютын урт хугацааны зээлжих ВВ үнэлгээг ”тогтвортой” гэсэн ангиллаас буулган, ”сөрөг” үнэлгээнд шилжүүлэн өөрчилжээ. Стратегийн ордуудыг ашиглах хөрөнгийн эх үүсвэр босгох зээлийн гадаад орчин муудлаа гэсэн үг. Хямран буй дэлхийд хятадуудаас өөр бидэнд зээл өгөх түнш одоо олдох болов уу? Нөхцөл байдал бидний санаанд ороогүй сорилтуудыг тулгаж байна. Рио Тинтогийн санхүүгийн байдал улам бүр дордсоор. ”Оюутолгой” төслийн өнөөдрийн баг маргаашийн уурхайн жинхэнэ эзэн нь хэвээр үлдэж чадах уу?
Дэлхий дахинаа шинэ хуваарилалтын давалгаа түрж, түрүүлж сэтгэсэн нь амь мэнд, зол таарвал олз шүүрэн хямралыг гэтэлнэ. Монголчууд бидний удтал шүүн маргалдсан Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг эдүгээ хямралын оргил үед хэлэлцэж байна. Нөхцөл байдлын өөрчлөлт нь эдийн засгийн гурав дахь хөрштэй болох тухай бидний мөнхийн эрмэлзлэлийг бүдгэрүүлэх вий гэсэн болгоомжлол байна аа.
Монгол Улсын төсвийн алдагдал улам бүр нэмэгдэж, энэ оны эхний тодотголыг нэн даруй хийхээс аргагүй болжээ. Төсвийн бүтэц дэх төрийн зардлыг эрс багасгах зөвлөмжийг Олон улсын валютын сан бидэнд эелдгээр өгөөд, нүүр буруулсан байна. Ийм нөхцөл дунд Монгол улсын Засгийн газар дэд сайдуудын орон тоог баяр ёслолын байдалтай батлав. Хэмнэх гамнах тухай яриа тунхаглал болоод замхрав. Эдийн засагт дутагдаж буй санхүүгийн дэмжлэгийг хоёр их хөршөөсөө гуйх аянд манай удирдагчид морджээ. Оройтсон хожимдсон алхам бүр маань маргаашийн өдөр хувь заяаны цохилт болон бидний амьдралд тусч байгаа билээ. Эдийн засгийн хямралыг давах бодлого төлөвлөгөөгүй цөөхөн улсын нэг нь Монгол. Хуримтлалын сан дахь сүүлчийн хөрөнгөө манай төр гаргаад байна. Америк, Япон, Европын орнууд эдийн засгаа аврах мөнгийг тэрбум тэрбумаар нь зах зээлд цутгаж байгаа. Гэсэн ч тэр их хөрөнгийн үр дүн дорвитой мэдрэгдсэнгүй. Энэ удаагийн хямрал шинэ хуваарилалтыг тулгаад байх шиг санагдах юм.
Америк зэрлэг капитализмдаа идэгджээ. Харин зэрлэг капитализм Монголын төрд нүүрлэчихсэн юм. Хариуцлагагүй, үрэлгэн, хяналтгүй төр бодлогын алдаа хийсээр байна.
Хямрал холуур тойрно гэсэн суртал ухуулга дуусаагүй байтал глобалчлал гэрт минь ороод ирчихсэн байж шүү.
Лунтангийн Болормаа
Үүсгэн байгуулагч, эрхлэгч