Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас


Цө­мийн эрчим хүчийг ашиглах талаар тө­рөөс баримтлах бодло­­гыг хуульчлан гаргах гэж байна. Нэг үгээр, Монгол улсын ирээдүйг тодорхойлох том бодлогууд шийдвэрлэх түвшиндээ ирлээ. Түшмэд оюунаа чилээн, түмэн олныхоо эрх ашгийг хамгаалсан нэгдсэн шийдэлд хүрэх цаг иржээ.  
Өдгөө УИХ-аар хэлэлцэгдэх хууль болгон олон нийтийн анхаарлын төвд байгаагийн учир шалтгаан нь энэ юм. Цөмийн эрчим хүчний тухай, Усны сав, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай, Концессийн тухай хуулийн төслүүд нь чухамдаа ашигт малтмалын олборлолттой холбоотой, орд газруудын ашиглалттай уялдан гарах харилцааг зохицуулах хуулиуд юм. Тиймээс ч MMJ дугаар бүртээ холбогдох хуулийн төслүүдийг нийтэлж байна.

Шийдэл хүлээсэн энэ зуны эхний асуултыг яах аргагүй Монгол улсын шинэ Ерөнхийлөгч өөрөө тавьж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч том бодлогуудын торгон үзүүрт ямар шийдэл хэлэх бол? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга тэрбээр сүүлийн мөчид ямар үг хэлэх бол? Ялангуяа Тавантолгойн шалгаруулалтын эцсийн мөчид геополитикийн шийдэл хэрхэн гарах вэ? Хамгийн гол асуулт нь, төрийн түвшиндээ монголчууд зангидсан гар мэт нэгэн цул байж чадах уу? Шийдэл хүлээсэн энэ зуны гол асуулт ийм билээ.

Монгол улсын Ерөнхий­лөгчийн “Авлигатай тэмцэх бодлогыг“ Монгол улсын Ерөнхий сайд дэмжих, харин Монгол улсын Ерөнхий сайдын “Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг“ Монгол улсын Ерөнхийлөгч дэмжих гэсэн харилцан тохиролцоо байж болохыг шинжээчид дурдаж байна. Эдийн засгийн том шийдвэрүүд дээр нэг байр суурьтай байхын тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар улс төрийн түвшинд үндсэн зөвшилцөлд ийнхүү хүрч болзошгүй.

Монголын төрд үүрлэсэн  авлигатай тэмцэх бодлогын торгон үзүүр нь МАХН-ын хуучин институцийг нураан, шинэчлэх эхлэл болж мэднэ. Харин стратегийн орд газруудыг ашиглах асуудлаар Монголын том улс төр нэг дуугаар дугарч чадвал тэр нь хөгжлийн эхлэл болно. Их шинэчлэлийн өмнөх халуун зун хэмээн энэ өдрүүдийг нэрлэе.