Харин зах зээлийн эдийн засгийн үл таних орчинд монголчууд орж ирэх үест “дотац болоод ахан дүүгийн найрсаг тусламжуудыг” олон улсын түвшинд арай боловсронгуй хэлбэрээр “буцалтгүй тусламж“ хэмээн нэрлэдэг болохыг анх сонссон билээ. Өнгөрсөн зууны ерээд он бол монголчуудын хувьд “буцалтгүй тусламжийн“ цаг үе байлаа. Энэ хүртэлх бидний ойлголт энгийн хялбар байв. “Хөрөнгө оруулагч хэмээгч нь өглөгийн эзэн, буяны сангийн захирал ажгуу“.
Монгол нутагт зах зээлийн харилцаа төлөвшихийн хэрээр хөрөнгө оруулагчийн тухай бидний ойлголт аажмаар өөрчлөгдлөө. Ингээд хоёрдугаар үе шатанд монголчуудын олж харсан төсөөллөөр бол хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэн, таатай нөхцөлөөр урин залах учиртай хүмүүс болсон юм. Тэдэнд Монгол улс татварын таатай орчин бэлтгэн, тэд бас бидэнд хөнгөлөлттэй зээл ихээр олгож байсан өдрүүд саяхан.
Япон улсаас Монголд үзүүлдэг тусламжийн тусгай хөтөлбөрийн хугацаа тун саяхан дуусав. Шинэ хөтөлбөр боловсруулах ажил эхлээд байна. Монгол улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын албаны хүмүүс энэ талаар хөндөн ярилцжээ. Өөрөөр хэлбэл Монгол улс нь хөрөнгө оруулагчид, доноруудтайгаа шинэ түвшинд харилцах өдрүүд ирээд байна.
“Эрх тэгш харилцаа, хамтын ажиллагаа“ хэмээх зарчмыг бид тунхаглахтай зэрэгцээд, хөрөнгө оруулагчдад монголчуудын хандах гуравдугаар шат эхэлжээ.
Товчхондоо, хөрөнгө оруулагчтай Монгол улсын хуулийн хүрээнд харилцана гэсэн хатуу томъёолол дөнгөж мэндлээд байна. Татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэхгүй гэсэн чигээрээ байр суурь Монголын нийгэмд эдүгээ моод болжээ. Чухам ийм уур амьсгалын дунд УИХ-ын хаврын чуулганы хуралдаанууд өрнөжээ. Лиценз эзэмшигчдийг цэгцлэх, нэн ялангуяа ураны лиценз эзэмшигч жижиг компаниудыг зах зээлээс шахах, үүний тулд зохих хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ажлууд шат дараатай хийгдэв. Ус, модны эх үндсийг уурхайн хар ажлаас хамгаалах учиртай хууль мэндлэв. Эцэст нь Оюутолгойн ордод байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дэх татварын хөнгөлөлтүүдийг хүчингүй болгох зарчмыг Парламент томъёолов. Төгсгөлд нь, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын НӨАТ-ын буцаан олголтыг багасгажээ.
Нэг үгээр, Засгийн газар ба УИХ-аас энэ оны сүүлийн хагаст гаргасан шийдвэрүүд нь хөрөнгө оруулагчтай “Монгол улсын хуулийн хүрээнд хамтран ажиллана“ гэсэн зарчмыг томъёолоод байна.
Монголд хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөж байна. Энэ дүгнэлтийг хийхдээ “зөв“ эсвэл “буруу“ гэсэн хүчтэй савлагаанд бүү автаарай. Гагцхүү өнөөдөр хийж буй энэ өөрчлөлтүүд хэр урт настай, цаашид хэр тогтвортой мөрдөгдөх вэ гэсэн гол шалгуур бидний өмнө байна. Парламентын гаргасан шийдвэрүүдийн хоёр талд Монголын нийгэм хуваагджээ. Парламентын зөв ба буруу хэмээн мэтгэлцэн , хоёр талд туйлшраад байна.
Тэгвэл, “үр ашигтай татварын тогтолцоо“ хөрөнгө оруулагчдад, мөн Монголын төрд аль алинд нь хэрэгтэй. Талуудын сонирхлыг шингээсэн алтан дундаж байж гэмээнэ хамтын ажиллагааны үр ашиг гарна. Тиймээс долоо ба наймдугаар сар нь хэлэлцээ ба мэтгэлцээнээр дүүрэн байна. Байр сууриудыг ойртуулах гарц хайсан халуун зун үргэлжилж байна. Гарц олохгүй бол гацаа гарахгүй.