Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас


Монгол улс саваа бэлдээд л байна. “Саалиа бэлдэхээр саваа зэх” гэх маягийн зүйр цэцэн үг моодонд оржээ. Уул уурхайн салбараас орж ирэх ашиг орлогыг цаасан дээр хуваарилж, шинээр байгуулсан янз бүрийн сандаа “хийж” эхлэв.

Энэ бол өнгөрсөн сарын турш Монголын Парламентын хийсэн гол ажил. 2010 онд эдийн засаг , нийгмийг хөгжүүлэх төсвийн тухай хууль батлагдлаа. Өмнөх жилүүдэд баталсан төсвөөс ялгаатай нь  Хүний хөгжлийн сангийн, Монгол улсыг Хөгжүүлэх сангийн, Нийгмийн халамжийн сангийн төсвийг улсын төсөвтэй зэрэгцүүлэн хэлэлцсэн юм. Халамжийн чиглэлийн мөнгийг Хүний хөгжлийн санд хуваарилах гэх мэтээр төсвийнхөө урсгал чиглэлийг ялимгүй өөрчилжээ. Товчхондоо төсвийн шинэтгэл энэ удаа хийж чадсангүй.

Төсвийн менежментийг өөрчлөхөөс аргагүй болсон гэдгийг монголчуудын олонх ойлгож байгаа боловч энэ чиглэлээр дорвитой алхам хийгээгүй байна. Ирэх жил шинэчлэл хийнэ гэсэн амлалт  өгөв. Тогтворжуулалтын сан­гийн тухай хуулийг  Засгийн газар 2010 онд багтаан боловсруулахаар болов. Мөнөөх л уул уурхайн салбараас орж ирэх мөнгөнд зориулагдсан сан. Зэсийн үнийг тухайн  оны ханшаар биш, олон жилийн дунджаар бодож төсөвт тусгах, илүү гарсан орлогыг уг санд төвлөрүүлэх зарчмаар явах юм. Байгалийн баялаг бүхий улс орнуудын Тогтворжуулалтын сан бүрдүүлдэг туршлагыг дагах гэнэ.

Шинэ он гаргаад хэлэлцэгдэх нэлээд хэдэн хууль олны анхаарал татаж байгаа бөгөөд эднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төв банкны тухай хуульд оруулах өөрчлөлт, Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг MMJ энэ дугаартаа онцлон нийтэллээ. Төсвийн өнөөгийн менежментийг өөрчлөхгүйгээр, банкны салбарыг үндсээр нь эмчлэхгүйгээр Монгол улсын эдийн засагт зөв хандлага тогтохгүй юм. Эдийн засаг эрүүл болоогүй цагт уул уурхайн салбараас орж ирэх орлого Монгол улсыг хөгжилд биш, шинэ өвчлөлд хүргэнэ. Тэр өвчин “Голланд” гэсэн тодотголтой байх вий хэмээн эмээж байна.

Юутай ч бид саваа зэхлээ. Амны билгээс ашдын бэлгэ хэмээх монгол түмний ухаант үгэнд итгэж байна. Хорвоогийн хуанли бүтэн эргэж, 2009 он улиран одох гэж буй энэхэн мөчид амжилтын мөрүүдээ эргэн харах таатай. Монгол улс стратегийн орд газраа ашиглах анхны гэрээг ёсчлон баталж, ирээдүйгээ илүү итгэлтэй харах эрхтэй болсон юм. Геологийн алба үүсч хөгжсөн 70 жилийн тэмдэглэлт ой энэ жил тохиожээ. Уул уурхайн салбар үйл явдлаар дүүрэн он байлаа. Хямралын салхи ташуурдсан хэцүүхэн жилийг бид гэтлэн давж буй хэдий ч маргааш өглөөний гэрэл гэгээг гээгээгүй явна. Айсуй жил бүтээн байгуулалт, урам зоригоор дүүрэн гэдэгт итгэлтэй байна.

MMJ Тантай хамт 2009 оныг түүчээлэн алхав. Таны сонирхол, асуулт, бодол санаа манай хуудсанд үлджээ. Шинэ оны тань амжилт бүтээл, асуудалтай хамт бид дахин зэргэцэн алхах гэж байна. Сэргэлэн жавар хацар хайрсан өвлийн энэ өдөр Танд, танай гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе. Гацуур мод гоёлоо зүүлээ. Гэрэл чимэг нь баяртай аслаа. Шинэ оны мэнд дэвшүүлье!