Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас

2010 оны эхний асуултыг уншигч Танд тавья. Сүхбаатарын Батболд шинэтгэгч мөн үү? Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаад байна. Энэ нь дотоод ба гадаадын   хөрөнгө оруулалтад Монгол улсын Засгийн газар таатай орчин бүрдүүлэхээр ажиллана гэсэн үг юм. Манай улс өмнө нь цөөнгүй удаа бизнесийг дэмжих жил зарлаж байсан ба эдгээр нь тунхаглал төдий яриа болоод өнгөрсөн. Тэгвэл С. Батболдын энэ удаагийн амлалт өмнөхөөс юугаараа ялгарч байна вэ?

2009 оны сүүлээр Ерөнхий сайд уул уурхайн салбарынхантай уулзсан юм. Мөн бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан. Төдөлгүй, 2010 оныг бизнесийнхэнд ээлтэй жил болгохоо амлаад, хоёрдугаар сарын эхээр “Эдийн засгийн чуулга уулзалт” зохион байгуулахаа мэдэгдэв. Чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах үүргийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даруй даалгасан зэргээс харахул С. Батболд хоосон ам гараагүй, бодитой зүйл хийхээр төлөвлөж буй нь илт.

Үүнтэй зэргэцэн С. Батболдын хашиж асан Гадаад харилцааны сайдын албанд томилогдсон Г. Занданшатар он солигдох зааг дээр Монгол улсыг хилийн чанадад төлөөлөн суугаа Дипломат байгууллагын төлөөлөгчдөд хандан илгээлт явуулжээ. Монгол улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг дэлхий дахинд сурталчлан таниулахыг тэрбээр Элчин сайдуудаасаа онцлон хүссэн юм. 2009 оны шувтаргаар Азийн орнуудад хийсэн айлчлалынхаа үеэр тэрбээр энэхүү хөтөлбөрийг өөрийн биеэр эрчимтэй сурталчилж явсан билээ.

Дээрх үйл явдлууд нь Монгол улс дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эрх зүйн орчныг тогтвортой байлгах талд илүү анхаарал хандуулахаар чармайж эхэлснийг харуулна. Монгол улсын өрсөлдөх чадварын үзүүлэлт сүүлийн жилүүдэд маш доогуур байрт орох болж, улам бүр ухарсаар байгааг Ерөнхий сайд хэд хэдэн удаагийн илтгэлдээ  цохон тэмдэглэсэн юм. Тиймээс С. Батболд  эдийн засаг, бизнесийн орчинд цогц шинэтгэл хийх ажлыг 2010 онд хийхээр зэхжээ. Төсвийн менежментийн шинэтгэл, мөн банкны салбарт шинэтгэл хийхээ С. Батболд өнгөрсөн оны сүүлээр зарласан юм.

2007 оны арваннэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сар хүртэл Ерөнхий сайдын албыг хашсан С. Баярын засаглалын үед эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоо мэдэгдэхүйц нэмэгдэн, захиргаадалт, дарангуйллын механизм цэцэглэсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр улс төрийн шийдлээр улс орны эдийн засгийг жолоодох оролдлого хийж байсан бол шинэ Ерөнхий сайд бизнесийг дэмжин чөлөөлж байж эдийн засгаа босгоно гэсэн байр суурьтай байна. Өмнөх Ерөнхий сайдын үлдээсэн асуудлуудыг шийдэхээс тэрбээр ажлаа эхлэх бололтой. Шинэ Ерөнхий сайдын ажлын гараанд амжилт хүсье. Үр дүнг нь хөрөнгө оруулагчид анхааран хүлээж байна.