Өсөн нэмэгдэх роялти буюу алдааг араас нь засах татварын шинэ төрөл бий болох гэж байна. 68 хувийн татварын дүү, үнийн өсөлтийн татварын жижигрүүлсэн хувилбар. Ирэх оны эхний өдрөөс ахынхаа араас манай татварын системд дуу чимээтэй мэндлэх эд ээ.
Алдааг араас нь залруулах гэсний учир нь Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр ид явагдаж байх үед энэхүү өсөн нэмэгдэх роялтийг 68 хувийнхаа оронд орлуул, шинээр төрүүл, гэрээнд хавчуул гэхчлэн зааварчилгааг Их хурлаас Засгийн газарт өгсөөр ирсэн юм. Гагцхүү Засгийн газрын Ажлын хэсэг шинэ татварыг Гэрээнд нэмж чихэх нь байтугай бусад татвараа хөнгөлөх, бууруулах хувилбарууд дунд хөрөнгө оруулагчид шахагдаад, бараагүй билээ.
Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны араас залгуулан “Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр”-ийн систем Монголын уул уурхайн салбарт нэвтрэх чимээ дуулдлаа. Дэлхийн олон оронд энэхүү татвар нэвтэрсэн. Голчлон хоёр хэлбэрээр уг татварыг ногдуулдаг. Хөгжиж дэвшсэн боломжийн улсуудад бол уул уурхайн компанийн ашгийн түвшинтэй уялдуулж авдаг. Харин манайх шиг жижиг орнууд жаахан хашир хэлбэрийг нь сонгодог. Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэмжээ, борлуулалтын дүн гэх зэргээс нь хамааруулж, тухайлбал Африкийн олон орон энэхүү татварыг тоо цифртэй уяж тогтоодог. Ашигтай нь уячих юм бол том компаниуд үйл ажиллагааныхаа өгөөжийг нэмэгдүүлэхгүй, элдвээр зальдаад байх магадлалтай учраас буурай улс орнууд тоймтойгоор нь тоон үзүүлэлтийг татвартаа тусгадаг. Монголчууд бол бүр найдвартай арга зам нэвтрүүлэх гэж байгаа ба энэ нь тухайн ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэтэй шууд холбоод өгчихнө. Үнэ ханш өсөөд ирвэл тогтоосон хувиар татвараа авна. Ийм утгаараа 68 хувийн татвартай ихэрдүү эд. Гэхдээ “ах” шиг суга татаж, мөнгө хүүлэхгүй ээ. Сангийн яамны мэргэжилтнүүдийн тооцоогоор 68 хувийн татвараас хэд дахин нигүүлсэнгүй татвар гэжээ. Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нэг тонн цэвэр зэсийн үнэ 7000 ам. доллар байхад 2448 ам. доллараа 68 хувийн татварт өгдөг байсан бол “дүү” татварт нь 280 ам. доллар төлөх аж.
Шинэ татвар
“Ах” татварыг зэсийн үнийн өсөлтөд ногдуулъя гэсэн хуулийн төслийг Н.Батбаяр гишүүн 2006 онд Их хуралд оруулсан юм. Зөвхөн зэсэд 68 хувийн татвар тавибал оросууд уурлана хэмээн МАХН-ын бүлгийн гишүүд маш их эмээсэн учраас алтанд ч бас үнийн өсөлтийн татвар ногдуулах цахилгаан шийдвэрийг чухамдаа МАХН-ын бүлэг санаачилсан билээ. Тэгвэл өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны татварыг зэс, алт төдийгүй молибден, төмрийн хүдэр, гянтболд, жонш, нүүрсэнд ногдуулахаар Сангийн яамныхан төсөл боловсруулжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд энэ хаврын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шинэ татварыг албан ёсжуулах гэнэ.
Нэмэлт, өөрчлөлт батлагдвал өнөөдөр мөрдөгдөж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны 5 хувийн төлбөр цаашдаа нэмэгдэнэ. Нэг тонн зэс 8000 ам. доллараас дээшээ гарвал шинэ татварын томъёолол ёсоор нөөцийн төлбөрт нийтдээ 10 хувийн татвар төлнө. 8000 ам. доллараас доошоо бол татвар бас жаахан багасаад ирнэ. Харин унци алт 1300 ам. доллар ба түүнээс дээш гарах үест одоогийн 5 хувь дээрээ дахин 5 хувийн татвар нэмэгдэнэ гэсэн үг. Энэ мэтээр дэлхийн зах зээлийн үнийн өсөлттэй шууд холбосон татвар юм. Сонирхолтой нь уг татварыг коксжих нүүрсэнд мөн л ногдуулах ба тонн нь 70 ам. доллараас давсан үед нөөцийн татвар максимум хэмжээндээ хүрэх гэнэ. Харин чулуун нүүрсэнд энэхүү татварыг ногдуулах эсэхээ Сангийн сайд жаахан бодоод, эргэлзээд байгаа бололтой. Ашигт малтмал бүрт өөр хэмжээгээр татвар ногдуулж байгаа утгаараа дэлхийн уул уурхайн салбарын жишгийг дагасан хувилбар юм.
Амлалт
УИХ-ын хаврын чуулган эхэлж буй энэ өдрүүдэд дандаа чухал асуудлууд дараалаад хэлэлцэгдэх гэж байхыг яана. Монгол улс уул уурхайн салбартаа төрөөс баримтлах бодлогогүй яваа билээ. Ашигт малтмалын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ, тэр болтол уул уурхайн чиглэлийн элдэв долоон хуулийн төсөл түрүүлж хэлэлцэхгүй шүү гэсэн “зарчмын байр суурь” дээр салбарынхан нэгдэж, саявтар нэгдсэн чуулган зохион байгуулж байлаа. Уг байр суурийг баталгаажуулсан үгийг Ерөнхий сайд С.Батболд бас илэрхийлэв. “Тавантолгой ордыг ашиглах концепц эхлээд гарна. Концепц гарсны дараа уул уурхайн салбарын хууль тогтоомж тэрхүү концепцэд нийцэж буй эсэхийг, хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн үү гэдгийг нягтална…” гэхчлэн тэрбээр асуудлыг тодруулж өгсөн юм. Нэг үгээр, Тавантолгой ордыг ашиглах зарчим, төмөр замын маршрутуудыг , тэгээд Ашигт малтмалын салбарт төрөөс баримтлах бодлогоо зангидсаныхаа дараа салбарын харилцааг зохицуулж буй зарим хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах юм. Тухайлбал, дээр дурдсан татварын өөрчлөлт, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Бичил уурхайн хуулийг хэлэлцэх ба мөн нөөцийн үнэлгээ хийх журмыг шинэчлэх гэж байна. Нөөцөд одоогийнхоос илүү мэргэжлийн түвшинд үнэлгээ хийдэг болох гэнэ. Уул уурхайн хууль нэртэй шинэ төсөл боловсруулах Ажлын хэсэг ч бас байгуулагдах магадгүй.
Монголын уул уурхайн салбар ном дүрмэндээ ороод, дэлхийн жишиг рүү дөхөх эрх зүйн харилцаа бүрдэх гээд, Оюутолгой ордын гэрээ байгуулахдаа алдсан зүйлүүддээ одоо туршлага суугаад… гэхчлэн сайн сайхан төсөөллүүд бий болох шахаж байна. Гэвч өсөн нэмэгдэх роялтитай зэргэцээд улам том мөнгө бэлнээр нь ав гэж бас юу яриад эхлэв ээ? Монгол улсын тэргүүлэх салбар, тулах цэгээс татвар, өгөөж хэлбэрээр орж ирэх мөнгөн урсгал дахиад бодлогын алдааны төлбөрт уусан алга болох гэж байна. “Хоёр сая таван зуун мянган төгрөгний амлалтаа биелүүлэх гэж уул уурхайн салбарт дахин шинэ татвар бодож олох ажил битгий хийчихээсэй” хэмээн УИХ-ын гишүүн С.Оюун Уул уурхайн нэгдсэн чуулга уулзалтын индрээс саяхан хэлж байсан юм. Энэ салбар төрийн бодлогогүй, тохиолдлын, гэнэт баталдаг хуулиудын зоргоор “зохицуулагдаж” яваа. Стратегийн орд газартаа Хөрөнгө оруулалтын анхны гэрээ байгуулаад бид удаагүй байна. Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ нь жишиг гэрээ биш юм. Гэрээ төгс байж чадаагүй учраас дараагийн орд газар-Тавантолгойн ашиглалтын гэрээнд Монголын төр маш хатуу нөхцөл тавих гэж байна. Эдгээрийг Ерөнхий сайд зургаан зарчмаар багцлаад, “угтуулан тавих нөхцөл” хэмээн зарлалаа. Оюутолгой ордын гэрээнд хангалттай тусгаж чадаагүй нэг зүйл болох Монголын компаниуд, иргэд төслөөс ахиухан өгөөж хүртэх болзлыг Тавантолгойн оператор компаниудад тавихаа С.Батболд хамгийн түрүүнд зарлалаа.
Тавантолгой
Тавантолгой ордыг ашиглах оператор гадаадын компаниудад “Энэ төсөлд Монголын аж ахуйн нэгжүүд оролцоно” гэсэн угтвар нөхцөл хэлэв. Үндэсний эрх ашгаа дээдэлсэн шалгаруулалт хийнэ гэдгээ мөн онцлов. Үндэсний эрх ашиг гэснийг Ерөнхий сайд тодруулаад, ОХУ, Хятад, АНУ, БНСУ, Япон улсын тус бүрийнх нь Засгийн газрын нь дэмжлэгтэй консорциум нэгдлийг сонгох болно гэдгээ нээлттэй хэллээ. Тавантолгойн шалгаруулалтад оролцохоор өдийг хүртэл явж ирсэн улс орон ба компаниуд ийнхүү гуравдугаар шатны яриа хэлэлцээрт цөөрөн, шигшигдэн орж ирэх нь тодорхой болов. Ингэхдээ ОХУ, БНСУ, Япон улсуудын гурвал ба Хятад, АНУ-ын компаниудын нэгдэл хэлбэрээр Тавантолгойг тэнцвэртэй хуваан ашиглуулах арга замыг үндэсний эрх ашигт нийцсэн хувилбар хэмээн Засгийн газар үзэх бололтой. Оператор компаниудад угтуулан тавих нөхцөл дунд “урьдчилгаа төлбөр” гэсэн танил нэр томъёо бий. “Оюутолгой төслийнхөөс ахиуг авна” гэх харьцуулалт ч сонсогдож байна. Урьдчилгаа төлбөрийг Ерөнхий сайд тодруулж тайлбарлахдаа, Орос, Хятад улсуудад транзит тээврийн үнэ тарифаа бууруулах болзол тавина, ОХУ-д мах экспортлох хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэхчлэн илэрхийллээ. Харин америкуудад Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя, манай залуусыг АНУ-д сургах боломж нээнэ үү гэхчлэн саналаа хэлэх юм. Урьдчилгаа төлбөрт зөвхөн мөнгө нэхэхгүй гэсэн үг. Тавантолгой ордод оператороор ажиллах хүсэлтэй гадаадын компаниудын төлөөлөлтэй Засгийн газрын Ажлын хэсэг гурав дахь буюу сүүлийн шатны уулзалт хийхдээ ийм тодорхой болзлууд тавих маягаар яриа хэлэлцээ өрнөх нь. Үүнээс өмнө болсон хоёр удаагийн уулзалтаар гадаадын сонирхогчид өөрсдийн саналаа илэрхийлэх, манай тал тэдгээрийг сонсох, харьцуулах маягаар явж ирсэн юм.
Ерөнхий сайдын хэлсэн угтуулан тавих нөхцөл дээр говийн бүсийн дэд бүтцэд оруулах хоёр тэрбум ам. долларын хөрөнгийг гаргах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэр байгуулах, орчин үеийн технолог үйлдвэрлэлд ашиглах гэсэн шаардлагууд мөн цогц хэлбэрээр тусна. Том орд дээрээ том бодлого баримтлах тухай Монголын Засгийн газрын байр суурь ийнхүү нээлттэй боллоо.
Ард түмэн
Уул уурхайн салбартаа том тоглогч болж эхэлсэн учраас ард түмэндээ их мөнгө өгнө хэмээн Засгийн газар бас нэг зар түгээв. 70, 120 мянга, сүүлийн хувилбараар шууд 500 мянга болж сагсуурсан энэ их бэлэн мөнгө хэний халааснаас гарч байгаа юм бэ? Ашигт малтмалынхаа салбарыг бодлоготой хөгжүүлнэ, стратегийн ордуудаасаа их ашиг олно гэсэн бүхий л алхам, хүчин чармайлт нэг удаагийн бэлэн мөнгө тараалтад хийсэн одох гэж байна. Уул уурхайн салбарт хэчнээн том бодлого төлөвлөсөн ч улс төр бодлогогүй явбал хөгжил дэвшил ирэхгүй. Өнөөдөр хүмүүс яагаад жагсах гээд талбайд гарч байна вэ. Нэг сая таван зуун мянгыг авна гэж талбайд очсон тэнэг байхгүй. Харин амныхаа зоргоор амлаж, ард түмнийг битгий басамжил аа гэж хэлэхийг хүмүүс хүсч байна. Эмч, эмнэлгийн ажилтны цалинг нэмэх хөрөнгө байхгүй гэдэг боловч хүн болгонд хагас саяыг өгнө гэж зурагтаар яаран зарлах нь ямар утга учиртай юм бэ.
Монгол улсын эдийн засаг өсөн нэмэгдэх боломж буян заяаны ачаар нээгдсээр байна. Гагцхүү Монголын улс төр явахаа байсныг, сайн мөнгийг муу удирдах цондон нүүрлэсээр байгааг хэлэх гэж ард иргэд талбайд очих нь лавтай. Ард түмний ард хэн байгааг илрүүлэх гэж муйхарлаж байхаар амьжиргааг нь тогтвортой болгох бодлогод ухаан сийлмээр юмсан. Урь унадаггүй энэ хаврын шамарга адил ухаан суудаггүй манай төр яасан ч баян юм бэ.