Монгол улсын Засгийн газар гадаадын зах зээлээс мөнгө босгох хамгийн зөв арга замыг судалж байна. Бүр идэвхтэй тандаж эхэллээ. Засгийн газар төдийгүй үндэсний компаниуд дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавих эрмэлзэл тээж явна. Найман зууны түүхтэй нүүдэлчин түмэн дахин дайлаар мордох гэж буй нь энэ юм. Энэ удаа илд зэвсэг агссангүй. Эх нутгийн баялаг юугаа үнэ цэнд хүргэх том тоглоомонд ухаан сорих санаа агуулжээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлд хүрэх энгийн арга замуудын талаар MMJ шинэ дугаартаа илүү дэлгэрүүлэн бичлээ. Өнөөхөндөө тэдгээр шат дамжлага монгол хүмүүнд сорилт болох нь дамжиггүй. Манай Засгийн газарт ч ”мэддэггүйд эрээн цоохор” мэт ойлгомжгүй байгаа. Тэгээд, дэлхийн хөрөнгийн зах зээлд гарахын тулд гадаадын зөвлөхгүйгээр монголчууд хөдлөх аргагүй гэж үү? Яаран ингэж битгий ойлгоорой.
The Mongolian Mining Journal-ийн хуудаснаа Монголын олон улсын санхүүгийн корпорацийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнийн ярилцлага хэвлэгдсэн нь тохиолдлын зүйл биш ээ. Түүний ярилцлагаас монголчууд дэлхийн хөрөнгийн зах зээлд хүрэх өөрсдийн асар өндөр боломжийг, гадаадын мэргэжлийн хүмүүсээс ч авах сурах зүйлтэйг, ерөөс хөрөнгө санхүү босгох энэ дэлхийн түгээмэл алтан дүрмийн талаарх энгийн ойлголтуудыг эрхэм уншигч Та авна. Ухарч шантрах биш, харин ч ухаан заран өөрсдөө цаг алдалгүй орох ёстой сэдэв өнөөдөр чухамдаа хөрөнгийн зах зээл болоод байна.
Монголын компаниуд үнэт цаасаа олон улсын зах зээлд гаргах шат дамжлагуудын талаарх танин мэдэхүйн материалуудыг бид шинэ дугаартаа нийтэлж байна. Түүнчлэн MMJ-ийн дараагийн дугааруудад Монголын Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргах үйл ажиллагааны талаар болон олон улсын хөрөнгө оруулалтын банк, сангууд Монголын уул уурхайн томоохон төслүүдэд урт хугацаатай, өндөр хэмжээтэй зээл олгох хүсэлтээ хэрхэн илэрхийлж буй тухайд дэлгэрэнгүй нийтлэх юм. Дэлхийн хөрөнгө оруулалтын банкуудын “зорилтот зах зээл” хэмээх томъёололд Монгол улс хэдийнэ оржээ. Байгалийн баялаг маань санхүүгийн эргэлтэд орох өдрүүд ойрхон ирэв. Манай улсын хөгжлийн нэн сонирхолтой үе эхэлж байна. Сонирхогч төдийгүй, гар бие оролцогч байх эсэх нь ухаантай монгол хүн Танаас шалтгаалах өдрүүд билээ.