Дэлхийн хөрөнгө оруулалтын банк болон Сангууд бодлогоо өөрчилж эхэллээ. Тэдний зорилтот зах зээл нь хөгжингүй улсууд байхаасаа илүүтэй хөгжиж буй орнуудыг сонгох сонирхол өндөр болов. Яагаад тэр билээ?
Дэлхийн санхүүгийн хямралын дараа баян зах зээлүүдэд протекционизмын бодлого түлхүү ажиглагдах боллоо. Хямралаас сургамж авсан улс орнууд хөрөнгө оруулалт руу хэт шунахаа байж, дотоодын зах зээлээ хамгаалахыг чармайж эхлэв. Тэгэхээр Америк хаалгаа хаагаад эхэлбэл Хятадын их мөнгө хаашаа урсах болж байна? Европ хямралын хоёрдугаар давлагаанд дахин автаж буй үед хөрөнгө оруулалтын том сангууд зорилтот зах зээлээ хэрхэн тодорхойлох бол? Мөнгө урсах шинэ зам газрын зураг дээр тодорсныг тэмдэглэе. “Найдвар төрүүлэхүйц хөгжиж буй орнууд” руу мөнгө урсах хандлагатай боллоо. Credit Suisse Монголд хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллах сонирхлоо илэрхийлээд байна. Өмнө нь Монголын Голомт банкинд хөрөнгө оруулсан Credit Suisse одоо илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хүсч байгаа аж.
Түүнчлэн Хятадын Хөрөнгө оруулалтын корпораци (China Investment Corporation) Монголын уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэх асар их сонирхолтой. 2007 оны намар байгуулагдсан тус Сан хоёрхон жилийн дараа 2009 он гэхэд хөрш Монголынхоо хил дээр шахам орших Овоот толгойн нүүрсний уурхайн төсөлд зориулан хэдийнэ 500 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан юм. Төдөлгүй хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэн 750 сая ам. долларын санхүүжилт өгөхөө мэдэгдсэн билээ. CIC тун ч шуурхай ажиллаж буйг Та харж байна уу? Өөрөөр хэлбэл, Монголын уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэхээр барууны хөрөнгө оруулалтын банк, сангууд ба Хятадын нөөцийн сан хоорондоо өрсөлдөөд эхэлснийг анхааралдаа авахыг хүсье.
Хэдийгээр Монгол улс нь хөгжиж буй ангилалд хамаарагдах боловч эдийн засгийн өсөлтийн динамик, ирээдүй, хамгийн гол нь эрчим хүчээр өлсөн цангаж байгаа Хятадын бөөрөнд орших стратегийн нэн чухал үзүүлэлтээрээ хөрөнгө оруулагчдын хувьд нэг номерын зорилтот зах зээл юм. Тиймээс Монгол орон өнөөдөр уул уурхай , дэд бүтцийн том төслүүдийн эх орон болоод байна.
Mongolian Mining Journal дугаар бүртээ манай улсын гадаад зах зээлд санал болгож буй томоохон төслүүдийн талаар дэлгэрүүлэн нийтэлдгийг уншигч эрхэм сайн мэднэ. Өнгөрсөн жилийн дугаарууддаа бид “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газраас зарласан 400 орчим төслийн жагсаалтыг цувралаар хэвлэсэн билээ. Түүнчлэн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гадаадын хөрөнгө оруулагчдад эхний ээлжинд зарласан 26 том төслийг тайлбарын хамт нийтэлж байлаа. Зургадугаар сарын шинэ дугаартаа MMJ нь “Өмнийн говь” төслийн талаарх тайлбарыг нийтэллээ. Уг төслийг бүрэн эхээр нь манай долдугаар сарын дугаараас Та үзэх боломжтой. Энэхүү төслийн ач холбогдол нь Монголын өмнөд бүсийн ашигт малтмалын том ордуудыг тойрсон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхдээ манай Засгийн газар ямар бодлого баримтлах, нэгдсэн төлөвлөлтийг хэрхэн хийж буйг зарласнаараа нэн чухал юм. Чухамдаа дэд бүтцийн төслүүддээ хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага хөгжиж буй улсуудад өндөр байдаг билээ. “Өмнийн говь” төслийг Засгийн газрын хуралдаанаар сайшаан баталсан ба одоо УИХ-ын чуулганд танилцуулах юм.
Түүнчлэн, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо энэ зургадугаар сард “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газарт мэдүүлэх гэж байна. Монгол орон төслөөр амьсгалж буй энэ өдрүүдэд үндэсний компаниудад санхүүжилт нэн хэрэгцээтэй, тэрхүү санхүүжилтийг сайн менежменттэй аж ахуйн нэгж төвөггүй авч чадах юм. Энэ утгаараа компанийн сайн засаглалыг төрийн бодлогоор хөхиүлэн дэмжих нь чухал ач холбогдолтой.
MMJ-ийн эрхэм уншигчид сонордуулах өөр нэг таатай мэдээ бол Монгол орон Хөгжлийн нэгдсэн бодлогоо дунд хугацааны циклээр гадаадын хөрөнгө оруулагчдад зарлах гэж байна. 2010-2012 ба 2012-2016 оны хоёр циклээр хэрэгжүүлэх уул уурхайн төслүүдийн жагсаалтыг Та MMJ-ийн шинэ дугаараас үзээрэй. Эдгээрт нийтдээ 8 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн Засгийн газар мэдэгдсэн. Товчдоо, Монгол орон төслүүдээр амьсгалж, түүнийг нь санхүүжүүлье гэсэн гадаадын хөрөнгө оруулалтын банкууд манай бодлого тодорхой болохыг хүлээж сууна. Засгийн газар мөнгө босгох боломжтой төдийгүй Монголын компаниуд гадаад зах зээлээс санхүүжилт татах өндөр бололцоотой байгаа билээ. Хүлээлтийн зурвас үе үргэлжилж байна. Засгийн газар ямархуу хурд, санаачлагатай ажиллахаас энэ зурвас үе тодорхойлогдох юм.