Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас

2011 оны эхний сайн үзүүлэлт гарлаа. Зэсийн үнэ 9700 ам. доллар болж өсчээ. Алт, нүүрс, төмрийн хүдрийн зах зээлийн ханш өндөр хэвээр байна. Манай улсын экспортын бүтээгдэхүүнүүд эрэлттэй, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд эерэг гарав. Валютын нөөц 2 тэрбум ам.доллар давсны учир монгол төгрөг дэлхийн хамгийн өсөлттэй мөнгөн тэмдэгтээр тодорчээ. “Төрсөн” цагаасаа хойш төгрөг маань ингэж магтуулж үзээгүй билээ. Хятад улсын эдийн засгийн өсөлт 10 хувьтай гарлаа гэх мэдээтэй өрсөлдөөд Монголын эдийн засгийн өсөлт зургаан хувийг  даваад давхиж яваа статистик цацагдлаа. Арван оныг аюулын сайн даваад, шинэ оны ажилдаа монгол түмэн амралтгүй шахам яараад орчихов оо.

Манай уул уурхайн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 2010 онд 342.3 сая ам. доллар болж, өмнөх жилийнхээсээ найм дахин өсөв. Туулай жилд хөрөнгө оруулалт үүнээс хэд дахин нэмэгдэнэ. Их бүтээн байгуулалтын техник, эдийн засгийн үндэслэлүүд гарч эхэллээ. Шинэ төмөр замын 1100 километрийн трассыг олон нийтэд танилцуулсан ба ирэх гуравдугаар сард нарийвчилсан ТЭЗҮ бэлэн болох аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Улсын бүртгэлийн газарт оны сүүлээр бүртгүүлж, дуудуулах алдраа ашгүй нэг баталгаажуулж авав. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын биржид гаргах ажлын бэлтгэл эхэлснийг Төрийн өмчийн хороо яаравчлан зарласан билээ. Арваннэгэн оноо угтсан баярын ширээ хуучраагүй байхад ар араасаа хөвөрсөн хэвлэлийн хурлууд ийнхүү үргэлжилж, том том бүтээн байгуулалтын өмнөх чимээ анирыг зарлаж байна. Энэ бүх яаруу давчуу хэмнэлийг ажихул гарч буй 2011 оны эдийн засгийн шийдвэрүүдийн хувь заяа улс төрийн ээлжит давлагаанаас эмээж байгааг мэдэрч болно. УИХ-ын сонгуулийн өмнөх 2011 он бол манай улсын эдийн засаг шинэ өсөлтийг үзүүлэх гарааны он мөн. Үүний хамт их улстөржилтийг дагуулах жил юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.