Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас

Монголын Засгийн газар яг одоо АНУ, Европ, Азийн санхүүгийн зах зээлийг судлах өргөн тандалт хийж байна. Зорилго нь Засгийн газрын бонд гаргах явдал. Энэ нь манай улсын түүхэнд анх удаа хийх гэж буй шинэ алхам юм. Дэлхийн санхүүгийн захаас мөнгө босгох энэхүү ажлыг аль нэг компани олон улсын бирж дээр IPO хийх үйл явцтай адилтгаж болно.

Товчдоо, “Монгол” гэсэн кодтой шинэ IPO санхүүгийн зах дээр юу юугүй арилжаалагдахаар бэлтгэл ажилдаа оржээ. Ялимгүй ялгаа нь бонд хэлбэрээр санхүүжилт татна. Түүнчлэн, Монголын Засгийн газрын бонд гэсэн шууд тодотгол зүүхгүй. Манай улсын зээлжих зэрэглэл олон улсад харьцангуй сул байгаагаас үүдээд “Монгол улсын Хөгжлийн банкны бонд” гэсэн өөр малгай хаяг дор санхүүгийн шинэ механизмыг турших гэж байна. Засгийн нэрээр гаргах бондоос тэрхүү Хөгжлийн банкны бонд илүү үнэд хүрэх магадлалтай хэмээн Сангийн сайд С. Баярцогт тайлбарлажээ.

Монголын бондыг зуучлан худалдаалахыг хүсэгчид тун олон байна. Дэлхийн Хөрөнгө оруулалтын томоохон банк, сангууд толгой дараалан шахам ийм хүсэлтээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны бонд гадаад зах зээлд эрэлттэй байх магадлал өндөр. Засгийн газар нь Хөгжлийн банкны бондоо 300-500 сая ам.доллараар үнэлэх юм. Харин АНУ, Европ, Азийн санхүүгийн захын алинд илүү үнэ хүрэхийг тандах ажлууд төгсгөлийн шатандаа ийнхүү оржээ.

2011 оны санхүүгийн жилд хийхээр төлөвлөсөн өөр нэг шинэ үйл явц бол дотоодын зах зээл дээр мөн л бонд гаргахаар Засаг төлөвлөжээ. Дотоодод хуримтлал бий болж байгаа хэмээн бодлого тодорхойлогчид үзэж байна. Бонд найдвартай болохыг Засгийн газар өөрөө батлан даана. Олон улсад ч, дотоодод ч ийм баталгаа шошготойгоор бонд гаргана. Бас л шинэ алхам гэсэн үг. Өмнө нь Монголын Засгийн газар арилжааны зээлд аливаа баталгаа гаргаж байгаагүй. Одоо жил бүр Засгийн газар ойролцоогоор 2 их наяд төгрөгийн зээлд баталгаа өгнө. 2011 оны санхүүгийн жилд 1 их наяд 985 тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргана хэмээн Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын өмнөхөн хэлэлцлээ. Одоо тэрхүү том дүнг нь УИХ баталгаажуулах учиртай. Өөрөөр хэлбэл жил бүрийн баталгааны хязгаарыг Парламентын шийдвэрээр хүчин төгөлдөр болгоно.
Ирэх  2012 оны хувьд Засгийн газрын гаргах баталгааны хэмжээ 1 их наяд 720 тэрбум төгрөг. Ер нь л монголчууд  их наядаар, бүр “багадаа” тэрбум төгрөгөөр  тооцоо хийдэг, төлөвлөдөг шинэ зуршилтай болчихоод байна. Жил бүр дунджаар 2 их наяд төгрөг босгож, бүтээн байгуулалтын ажлуудаа санхүүжүүлэх зорилт дэвшүүлсэн ба 8-10 жилийн хугацаанд энэ мэтээр нийт 18.2  их наяд төгрөгийн бүтээн байгуулалтыг Монгол газар нутагт хийхээр төлөвлөжээ. 18 их наядаар босгох ажлуудын жагсаалт гэвэл 106 төсөл, 400 гаруй хөтөлбөр. Жагсаалтуудыг УИХ-аар нэгэнт хэлэлцэн баталсан билээ. MMJ сэтгүүл ч уншигч Танд тэрхүү жагсаалтыг тухай бүр нь дэлгэрэнгүй хүргэсэн. Бүх санхүүжилт мөнөөх Хөгжлийн банкаар дамжина. Баталгааг нь Засгийн газар өгнө. Санхүүгийн зуучлалын ажлыг одоохондоо олон улсын хөрөнгө оруулалтын банк, сангууд хийнэ. Яваандаа үндэсний чадварлаг санхүүгийн тоглогчидтой болно хэмээн Засаг найдаж байна. Монгол орны ойрын арав орчим жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын дүр төрхийг бүдүүвчлэн зураглахад ийм.

Засгийн газар санхүүжилт татахаас гадна үндэсний компаниуд маань олон улсын зах зээлээс ихээхэн хэмжээний хөрөнгө босгож сурч байна. Зөвхөн 2010 оны үзүүлэлтээр Монголын компаниудын гадаад зах зээлээс босгосон зээлийн хэмжээ 1.3 тэрбум ам.доллар хүрэв. Цаашид энэ тоо улам бүр өсөх хандлагатай  учир Монголбанк гадаад зээлүүдийг яаравчлан бүртгэх ажлаа идэвхжүүллээ. Гадаад зээлээ бүртгүүлээгүй аж ахуйн нэгж ба хувь хүнд захиргааны хариуцлага хүлээлгэнэ хэмээн зарласаар байна.

Эдийн засаг дахь энэ их идэвхжлийг дагаад халалт үүсэх хүлээлт бий. Их халалтаас эмээсэн Сангийн сайд “илүүдэл” мөнгөө дэлхийн сайн эдийн засгуудад байршуулахаар зэхэж байна. Бас л энэ үйлсэд олон улсын туршлагатай зуучлагчдыг ажиллуулах гэнэ. Нэг үгээр монголчуудад бодох хийх ажил их, суралцах зүйл ч асар олон.

MMJ сэтгүүл шинэ  дугаартаа Хөгжлийн банкны тухай  санамсаргүй хөндөөгүй, харин байнгын сэдэв байх учиртайг онцлов. Сэтгүүлч Э.Сайхантуяагийн анализ англи ба монгол хэл дээр хэвлэгдэж байна. Хөгжлийн банк гэдгээ монголчууд өөрсдөө хэрхэн ойлгож, суурийг нь тавих үйл явц ямар дүр зурагтай байгааг нийтлэлээс уншаарай.

Түүнчлэн, их бүтээн байгуулалтын аравны эхний жил болох 2011 онд нэн даруй хийгдэх ажлуудын чимээг MMJ уншигчдадаа хүргэв. Төмөр замын шинэ трассын ажил төлөвлөсөн хугацаандаа хараахан эхэлж амжихгүй тухай болон нарийвчилсан ТЭЗҮ, түүний эргэн тойронд гарч буй бэрхшээлүүдийн талаарх байр сууриудыг сэтгүүлч Г. Идэрхангай дэлгэрэнгүй хөндлөө. Байр сууриудыг харьцуулан харна уу. Хойд чигт татах төмөр замын шинэ трассын ажлын явцаас үүдэн хоёр ба гуравдугаар ээлжийн төмөр замын шугамын ажлууд, түүнийг дагаад манай улсын экспорт, гадаад худалдааны эргэлт, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн хурдац хамаарах учраас энэ сэдэвт MMJ байнга анхаарлаа хандуулсаар байх болно.

Шинэ он бол нүүрсээр овоглосон жил. Австралийн эдийн засагтай холбоотой мэдээллүүд, үр дагавар, түүнийг дагаад Монголын нүүрсний орд газруудын хувьцааны ханш хэрхэн өөрчлөгдөж буй талаарх мэргэжлийн багийн хийсэн дэлгэрэнгүй анализыг MMJ уншигчдадаа хүргэж байна. Монголд орд газар эзэмшдэг компаниудын хувьцааны ханшийн өөрчлөлт, шинээр хөрөнгийн зах дээр Монголоор овоглон гарч буй үнэт цааснуудын талаарх хамгийн эхний бөгөөд мэргэжлийн дүн шинжилгээ бүхий тайлбар материалыг эрхэм уншигч Та зөвхөн The Mongolian Mining Journal-аас цаашдаа ч авах болно.

Уул уурхайн салбарынхандаа зориулсан мэргэжлийн уламжлалт булангууд, уурхайн сурвалжлагууд, аюулгүй ажиллагааны, технологийн шинэ мэдээллүүдээ MMJ улам бүр нэмэгдүүлсээр байна.

Эх оронд өрнөж буй бүхэн дэлхийтэй холбогдох болсон энэ цаг үед уншигч Таны бодол санаа ч манай сэтгүүлийн чухал нэгэн хэсэг байсаар байх болно. MMJ-д хандан бичээрэй. Хөгжилд хүрэх зам хамгийн дөт байг.

Хүндэтгэсэн Лунтангийн Болормаа
bolor@mongolianminingjournal.com