Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Монголын нэг өдөр

 

 


Гишүүд уулзав. Биднийг Баабар “найс гай”-нууд гэж доромжилсныг уншсан уу...хэмээн бухимдан шивнэлдэх ажээ. Бухимдсан хэрнээ хашгирсангүй, зүгээр шивнэлдэв, жаахан инээмэр болоод тарцгаав. Тэгээд Ордны хонгилоор тайван, элит алхаагаар холдон одов. Амаржаргал, Мөнх-Оргил, Тэмүүжин, Болд, Энхболдууд, Лундаажанцан, Оюун, Энхбат, Алтай, Гантөмөр, нэг Батсуурь, Баяр, Батболд, Гончигдорж, Хүрэлбаатар, Наранхүү, Занданшатар, Баярцогт, Сайханбилэг, Чулуунбат, Зоригт нар, нэг Баярсайхан, Одбаяр хэмээн Баабар тэднийг нэр заажээ. Угаасаа элит учир хамаагүй шурдхийж гүйхгүй, чанга хашгирч ерөөсөө сураагүй, зүгээр л өрөө өрөөндөө ороод сураг тасрав аа.

 

Зургийг Б.Цолмонбаяр


Эрэлхэг эр:
-Тэр 21.000 төгрөгөөр чинь юу авах юм бэ. Тэрийгээ овоондоо аваачиж өргө. Гараад ир таануус, хэдийг ард түмэнд нэмж өгөхөө хэл. (Талбайд багшрах адуун сүрэг эзнээ дэмжин янцгаав)

Эрэлхэг гишүүн:
-1072 ширхэг хувьцаа зүгээр ав. Компаниудад Тавантолгойн хувьцааг өгөхгүй.

Ерөнхий сайд:
-Засгийн газрын тогтоол гараад, нэг иргэндээ 536 ширхгийг өгнө гээд амлачихсан за...

Эрэлхэг эр:
-Гараад ир чи

Ерөнхий сайд:
-Зоригт, Баярцогт та хоёр оч. Би та хоёр шиг хүн болгонд загнуулаад явж чадахгүй.

Айдаггүй сайд:
-Танаас тайлбар авна гээд байна, Ерөнхий сайд аа

Ерөнхий сайд:
-Яадийн, та хоёр очоод тайлбарла. Оюутолгойн гэрээг та хоёр байгуулаа биз дээ. Угаасаа та хоёрыг бүх хүн загнах ёстой гээд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт албан бусаар орж байгаа гээ биз дээ.  (Үүдээ түгжив)

Айдаггүй сайд:
Ерөнхий сайд аа...хаалгаа

Ерөнхий сайд:
Чи нэг мөр загнуулаад, уур хилэнг өөр дээрээ аваад гарчаач. Чамайг огцруулах гарын үсэг угаасаа цугларч байгаа гэсэн.
Энэ хооронд ордны найс гай нар өрөө өрөөндөө чимээ имээ багатайхан инээж суулаа. Зурагтаар адууны хомоол энэ тэр харуулж, Төв талбай ийм муухай бохир болжээ хэмээн сурвалжлагч бүсгүй шинэ мэдээлэл цацах аж. Төдөлгүй цагаан хоолой цангинан, хэн нэгэн хангинатал мэдэгдэл уншив. “Хүйтэн цемент дээр морьд олон хоногоор өлдөж, улдан зогссоор байгаа тул тэднийг Төв талбайгаас гаргахыг шаардаж байна, шаардаж байна” гэв. Эрэлхэг эрс тэрхүү шаардагчийг хайсан ширүүн харцаар Төв талбайг шилбүүрдэв. Цагдаагийн ногоон фургон дотор цагаан хоолой тэвэрсэн хүн суугаад, “Ээжээ машин хөмрүүлээд хаях вий дээ, ээжээ хурдан эндээс холдох юмсан, хотын даргаас болж би яг үхлийн ирмэгт ирээд байна ш дээ” хэмээн сүржигнэх аж. Хөөрхий хөдөлгөөнийхөн цагдаагийн муу фургоныг яав л гэж. Засгийн газрын тухай асуудал л тэдний толгойд байгаа шүү дээ. Морьд нь ч тэднийг дэмжин, иинхоо хэмээн янцгаах нь сүртэй.

Өөр нэг сүрт цуглаан Өмнөговийн Цогтцэцийд зэрэг шахуу эхэлжээ. “Уурхайн ажилчид халуун усанд орж байхад биднүүс  яагаад танай халуун усанд очиж орж болдоггүй юм бэ, ажилчид чинь зааланд сагс тоглоод байхад бид нар юү вэ бөмбөг ч байхгүй...” гэцгээн сүрт шаардлага тавих аж.

Нутгийн ард:
-Миний уушги устсан, нүүрсний тоосонд идэгдээд юм үлдээгүй

Найс гай компани:
Нүүрсний замаас холдож нүүх зардлыг өгье, худаг гаргаж, хашаа саравч үнэгүй бариад өгье.

Нутгийн ард:

Хэдийг?

Найс гай компани:
5 сая төгрөг.

Нутгийн ард:
Тэр таван саяа овоондоо очиж өргө. Хоёр жилийн өмнө та нар таван сая гэж байсан. Тэр хооронд дэлхийн зах зээл яаж хямарсныг би монгол ухаанаараа тооцоолж чадна. 50 саяыг өг.

Найс гай компани:
-Май аа

Нутгийн ард:
-50 саяыг чинь уушгиныхаа нөхөн төлбөрт авлаа. Гэхдээ манайх нүүхгүй. Нүүрсний зам дагуу гуанз ажиллуулж цаашдаа амьдарна.

Найс гай компани:
-Уушгинаас тань дурсамж ч үлдэхгүй шүү дээ.

Нутгийн ард:
-Дараа жил 100 саяыг бэлдэж байгаарай. Хот руу эмчилгээнд явна.

Нутгийн ардын дүү:
-Би бас эмчилгээнд явна шүү.

Найс гай компани:
-Чамд яагаад мөнгө өгөх ёстой юм. Чи эндхийнх биш, өөр сумаас ирээ биз дээ.

Нутгийн ардын дүү:
-Одоо би энд зогсож байна, за. Цаашдаа ч манай ураг төрлийнхөн  бүгд энд ирнэ.
Эрэлхэг сайд ирэв. “За энд төмөр зам тавих л юм бол Тавантолгойн нүүрсийг тоос сорогч шиг хятадууд залгичих юм байна даа. Хойшоо зам татвал ядаад удаан сорно, Оросын вагонууд даац муутай, зөндөө олныг явуулж байж жаахаан нүүрс гадагшлуулна. Үлдсэнийг нь үр хойчдоо үлдээх юм шүү”

Айдаггүй сайд:
-7 тэрбум тонн нүүрс шүү дээ. Одоогийнх шиг эндээс жилд 10 сая тонн нүүрс Хятад руу гаргалаа гэхэд 700 жил хэрэгтэй юм шиг байна.

Эрэлхэг сайд:
-За... ссс би тоондоо муу. Юу гэж аравхан саяыг жилд экспортолдог юм. Австрали шиг жилд 50-60 саяыг гаргана гээд бод. Юү вэ... 118 жил зөөх юм байна, хамаагүй цөөхөн жил гарч байгаа биз дээ. Чи яг гадаадын тагнуул аа. 118 жилийн дараа үр хүүхэд маань юу идэж уухийн, айн. Одоо энэ хайрган замыг ч бас хаа. 1100 километр төмөр зам баригдтал битгий нээгээрэй.

Айдаггүй сайд:
-Эднүүс хатуу хучилттай зам бариад , 8 сард дуусгах гэж байгаа.

Эрэлхэг сайд:
-Хэн зөвшөөрлийг нь өгсөн юм?

Айдаггүй сайд:
-Засгийн хуралдаан дээр шийдээ биз дээ.

Эрэлхэг сайд:
-Таануус яг тагнуул аа...

Найс гай компани:
-Хайрган зам ч гэлээ нам зогсолт хэзээ ч хийдэггүй юм шүү дээ. Бид 21 тэрбум гаргаж энэ хайрган замыг тавьсан юм. Долоо хоног болгон засаад явдаг.

Эрэлхэг сайд:
-Яасан жоохон мөнгө вэ

Найс гай компани:
-Хатуу хучилттай зам барихад манайх 150 тэрбум төгрөг гаргаж байгаа.

Эрэлхэг сайд:
-Хатуу хучилттай зам сонин биш байна. Зөвшөөрлийг нь хэн өгсөн нь сонин байна. Хэн өгснийг нь гаргаад биччих сэтгүүлч байвал Сингапур явуулна шүү.

Найс гай компани:
-Засгийн газар манайтай Концессийн гэрээ байгуулсан.

Эрэлхэг сайд:
-Засгийн газар нэг л таалагдахгүй байгаа шүү.

Найс гай компани:
-Манайх Цагаан хаданд нөөц байхгүй. 8 сар хүртэл экспорт тасарч байна.

Эрэлхэг сайд:
-1-2 сарын нөөц байгаа гэсэн шүү.

Найс гай компани:
-Ажнай Цагаан хаданд тийм нөөцтэй гэсэн.

Эрэлхэг сайд:
-Танайх нөөцгүй нь хамаагүй. Ажнай нөөцтэй байгаа бол тэрүүгээр нь дээшээ мэдээл. Та нар Ажнайгийн лицензтэй талбайн үзүүрээр хатуу хучилттай замаа тавих гэж оролдсон гэлүү.

Нутгийн ард:
-Ажнай манай нутгийн унаган атал баялгаа ухаж 10 жил зарахдаа ганц километр зам татаагүй дээ. Тэгсэн мөртлөө зам тавьж байгаа компаниудыг миний лицензтэй талбайг шүргэлээ гээд ажил хийлгэхгүй юм.

Аймгийн удирдлага:
-Аяар байгаарай. Жил болгон та нарт Тавантолгой ХК  50.000 төгрөг нутгийн хишиг гэж өгч байгаа шүү.

Нутгийн ард:
-Тэгж байхаар нутгийн хүмүүсээ ажилд авчихвал болоо юм биш үү. Хятадуудаар нүүрс ухуулаад, хятадуудаар зөөлгөөд сууж байдаг нутгийн Ажнай байдаг юм уу. Тавантолгой Транс ХХК чинь Ажнай хүүгийн компани, тэгээд Тавантолгой ХК-ийнхаа 20 хувийн эзэн, Тавантолгой ХК-ийнхаа ТУЗ-ийн дарга, хэнд ч захирагддаггүй нутгийн онгон дагшин болсон байна шүү, тэр чинь.

Аймгийн удирдлага:

-Дуугүй суу гэсэн шүү. Орон нутгийн төсөвт өгдөг хэдэн төгрөгөө Тавантолгой ХК татчих юм бол миний цалинг хэн тавих юм. Чи ч яахав Найс гай компани дээр очиж уушгиа ярьж байгаад жилд 50 сая салгадаг хүн. Намайг олон юм яриад Тавантолгой транс руу шагайх юм бол үгийн зөрүүгүй зодно шүү дээ. Тэдний хамгаалагч нарыг хараа биз дээ.

Цогтцэций сумын удирдлага:

-Саяхан 3000 хүн амтай байсан, энэ компаний гайгаар манай сум арван мянган хүнтэй боллоо, одоо яахийн...Саарал утаа сумын тэнгэрийг бүрхлээ яахийн...

Азийн хөгжлийн банк:
-Сумынхны яндангийн утаа хотынхоос илүү өтгөн болсон байна шүү. Сум хөгжүүлэх мастер план гаргаад өгсөн шүү дээ. Яагаад зөнд нь хаячихаад байгаа юм бэ.

Цогтцэций сумын удирдлага:
-Худлаа мастер план яриад. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг хүрэлцэхгүй, төвөөс төсөв нэмэхгүй, одоо би яахийн.

Аймгийн удирдлага:
-Нүүрсний зам наймдугаар сар хүртэл хаасан за, төсвийн орлого гүйцэд ирэхгүй. Тэр баян компаниасаа мөнгө аваад цэцэрлэг, сургууль, эмнэлэг, театр, халуун усны газар, цагдаагийн байр бариул. Нүүрсний зам дагуу Замын цагдаагийн пост байгуулаад, шинэ машин дөрвийг аваад өгсөн  байна лээ. Ямарт нь мөнгө өгөөд, ямарт нь өгдөггүй юм. Өөр гоё гоё юм бариулмаар байвал би хэлээд өгье. Цаадуул чинь цахилгаан станц, нүүрс угаадаг үйлдвэр барьж байгаа баячууд. Сумын захиргааны үүдэнд усан оргилуур хийлгэмээр байвал хэлээрэй. Ер нь бүх ажлаа компаниар хийлгэж болно. Нүүрсний зам дагуух хоолон гэрүүдийн ариун цэврийн асуудлыг ч тэр компани хариуцах ёстой шүү.

Энэ зуур Төв талбайд эрэлхэг эр зогссоор байлаа. Тэр их олон зүйлийн талаар өнгөрсөн хугацаанд агаарт зогсонгоо эргэцүүлсэн билээ. Нийгэмд тэмцэгч хэсэг ба тэдний тэмцлийн дүнд 1072 ширхэг хувьцаатай авах энгийн иргэн гэсэн хоёр субъект л байдаг юм байна даа гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энгийн иргэн зайлуул ажилгүй учир гэртээ суугаад хүлээж байх ба тэмцэгчид ийнхүү зүтгэсээр ядарсан ард олноо хоолтой нь залгуулах юм. Харин найс гайнууд чимээгүй, томоотой, хэлгүй. Баабар их зөв хэлж дээ. Тэр амьдралдаа анх удаа Баабарыг магтав. Гэнэт эрэлхэг эрийн утас хангинав. Ийм сайн чанарын утас хаанаас авав хэмээн бусад эрэлхэгүүд хардуужин гээд лоозонгийн араар орсон нь тэр ээ. Ар гэрээс нь аваал гэргий нь хүүхдийн хоол унд, гэрэл цахилгааны төлбөр нэхэн утасджээ. Гэтэл мань эр энд, хүйтэн салхин дор гэр бүлийн тэр эмэгтэйд 1072 хувьцаа үнэгүй өгүүлэх гээд тэмцэж байхад шүү дээ, а яа яа. Гэргийгээ жаахан өрөвдөөд бодлоо, миний тэмцлийн үр дүн юү вэ гэж.

Ерөнхийлөгч асан эрэлхэг эр:
-Олигархиудаас төрөө цэвэрлэнэ.

Ерөнхийлөгч асан титэмтэй эр:
-Өөрийгөө бүү өргө, бусдыг бүү доош хий. Уяа урт тусмаа, үг богино тусмаа сайн. Их хийх гээд муу бүү хийгээрэй. Алдаж байж ухаажина.

Шударга Ерөнхийлөгч:
-Шударга ёс тогтооно.
Гурван Ерөнхийлөгч түүнд ингэж хариулсан юм. Лав өнөө орой хоолны мах авч чадах эсэхээ мань эр сайн ойлгосонгүй. Нөгөө компани руу очоод ямар нэг аймаар шаардлага тавиад үзвэл яах бол хэмээн өөрийн эрхгүй бодогдов. Ажил хийж сур гэж хэлэх л байх даа. Олигархиудын компанид ажиллахаар чинь онигоотой ч юм уу.