The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакциас эрхлэн бэлтгэдэг телевизийн “Хөгжил” хөтөлбөрийг Эрхэм уншигч Танд танилцуулахдаа таатай байна.
Уул уурхайн салбарыг зөвхөн ашиг орлогын авдар сав мэтээр хардаг, тэгсэн атлаа болсон болоогүй шүүмжлэл дайралт, хардлага хаягладаг болсон ийм үед манай багийн нэвтрүүлэг бодит тусгалтай, эрүүл өнцөгтэйгээрээ ялгарах нь дамжиггүй. Уул уурхайн салбараас ашиг хүртэхийн тулд түүний эрсдэлтэй үйл ажиллагааг ойлгох, асар их хөрөнгө оруулалтын зардлыг хүлээн зөвшөөрөх, дэлхийн хандлага хаана байгааг танин мэдэх хэрэгцээ Монголын нийгэмд нэн чухал байгаа юм. Олон талын байр суурийг тэнцүү сонсох хэрэгцээ ч өндөр байна. Тиймээс “Хөгжил” хөтөлбөр нь уул уурхайгаас мөнгө саадаг бусад нэвтрүүлгээс өөр агаад сэтгүүлчдийн мэргэжлийн баг бэлтгэж буйгаараа ч ялгарах биз ээ.
Mongolian Mining Journal сэтгүүлийн баг түүнчлэн www.news.mn сайт дээр “Уул уурхай” нүүр эрхлэн бэлтгэж байгааг салбарынхан хамгийн түрүүнд олж харсан буй за. www.gogo.mn сайтад мөн “Эдийн засаг” нүүр хуудас ажиллуулаад сар илүү болов. Уул уурхайн ажлын байрны зарыг 150900 дугаарт өгсөн мессежээр хүлээн авч, хамгийн өргөн хандалттай сайтуудаар цацаж байгаа билээ.
Монголд хөрөнгө оруулагчид хамгийн олноор хуран чуулдаг Discover Mongolia арга хэмжээний Мэдээллийн түнш байгууллагаар MMJ энэ жил үргэлжлүүлэн ажиллана. Тиймээс уул уурхайн салбарынхан, хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч Та бүхэн Discover Mongolia 2011-ийн Зохион байгуулах хорооны үйл ажиллагаа, тодруулга ярилцлагууд зэргийг манай теле хөтөлбөр, сайтын нүүр хуудсууд, сэтгүүлийн дугаараас өргөнөөр хүлээн аваарай.
Монгол оронд уул уурхайн үйл ажиллагаа хөлөө олон цэгцэрч, төрийн бодлого шийдвэр нэг мөр зангидагдах зам дээр зогсч байна. Компаниуд хариуцлагатай болж, нийгэм маань буруу зөвийг ялгаж салгахыг оролдох болжээ. Ийм үед бодитой, эрүүл мэдээллийн эрэлт өндөр хэмээн итгэдэг.
Хуртай, нартай сайхан зун эх оронд маань иржээ. Хариуцлагатай шийдвэрүүдийг Монголын Парламент гаргах өдрүүд ч ирлээ. Ирээдүйдээ итгэхийг монгол хүн бүр хүсч байна.
Л. Болормаа