Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагчийн олон улсын шалгаруулалтыг эцэслэх асуудлаар одоо Ерөнхийлөгчийн байр суурийг хүлээж байна” хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хэлэв. 2011 оны долдугаар сарын 02 -ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг The Mongolian Mining Journal сэтгүүл өнгөрсөн сарын дугаартаа нийтэлсэн. Түүнээс хойш яг нэг сарын хугацаанд Монголын олон нийт төдийгүй урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцсон гадаадын сонирхогчид ч аливаа шинэ мэдээлэл аваагүй байна.
Сонгон шалгаруулалтын эцсийн дүнгийн талаар мэдээлэл авах оролдлого бүрийд Засгийн газрын Ажлын алба ерөнхий, бүрхэг тайлбар хэлж ирлээ. Зөвхөн Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас буюу ганц сувгаар Тавантолгойн талаарх мэдээлэл цацна гэсэн чиг авчээ. Дэлхийн нүүрсний ашиглагдаагүй хамгийн том орд болох Тавантолгойг тойрсон сонирхол асар их байгаагийн учир ийнхүү элдэв янзын мэдээллийн урсгал тарааж, бодлогын асуудлыг тарамдахгүй гэж хичээснийх биз.
Тавантолгой ордын эргэн тойронд бодлогын гол хоёр баримт бичиг бий. 2010 оны тавдугаар сард гарсан Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж ба тэмдэглэл эхнийх нь. Удаах нь мөн өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоол. Эдгээрийг MMJ сэтгүүл тухай бүр нь бүрэн эхээр нийтэлснийг манай уншигчид сайн мэднэ. Дээрх хоёр бодлогын баримт бичигт тулгуурлан өнгөрсөн хугацаанд Засгийн газрын Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж ирсэн.
Өдгөө нэг зүйл тодорхой байгаа нь Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл, УИХ-ын 39 дүгээр тогтоол тус бүрт ойлгомжгүй, бүрхэг санаанууд туссан явдал юм. Баруун Цанхид зөвхөн нэг Консорциум үйл ажиллагаа явуулна гэхийн хамт Монгол улсын хөршүүд ба гуравдагч түншүүдийн ашиг сонирхлыг тэнцүү байлгах гэх мэт чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл зөвлөмж болгон гаргасан билээ. Тэрхүү Зөвлөмжийг баримтлахын үүднээс Засгийн газрын Ажлын хэсэг таван улсын ашиг сонирхолд таацуулсан ганц Консорциумыг үүсгэх санаатай үргэлжилсэн хэлэлцээрүүд хийсэн юм. Гэвч ийм супер нэгдэл энэ дэлхий дээр байдаг билүү ?
Орос, Хятад, АНУ, Япон, БНСУ-ын сонирхлыг нэгэн дор, тэгш хангах тийм хуваалт гэж байж болох уу? Байлгалаа гэж бодоход Тавантолгойн нүүрсийг ухаж, тээвэрлэж, боомтоор нэвтрүүлэн, зах зээлд зарах, õóäàëäàí àâàõ субект нь ГАНЦ этгээд байх нь Монголд ашигтай гэж үү? Монголын төрөөс гаргаж буй бодлогын баримт бичгүүд дотроо зөрчил агуулсан, түүнд нь нийцүүлэх ажлыг Засгийн газар бас л өөрийнхөөрөө ойлгон хийдэг, үр дүнд нь төвөгтэй нөхцөл үүссээр байна. Тавантолгойн хэлэлцээр төвөгтэй нөхцөлд болсны нэг гэрч нь Засгийн газрын Ажлын хэсэг энэ оны дөрөвдүгээр сараас зөвхөн ОХУ, Хятад, АНУ-ын талтай хэлэлцээр хийж эхэлсэн явдал. Өөрөөр хэлбэл, Япон, БНСУ-ын компаниудыг хаалганы гадна түр хүлээлгэж, ОХУ, Хятад, АНУ өөрсдөө тэдэнтэй давхар тохироо хийã хэмээн хэлэлцээрийн ширээ тойрсон этгээдүүдийг даруй хоёроор цөөлжээ. Тавантолгойн хэлэлцээрт энэхүү цомхотгол орсны эцэст том гурван гүрний хувьд илүү ашигтай нөхцөл үүссэнийг тэмдэглэе.
Одоо Монголын Засгийн газартай тохиролцохоосоо илүүтэй Пибоди, Шинхуа, РЖД өөр зуураа хэлэлцэх шинэ нөхцөл үүссэн гэсэн үг. Ингээд Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын хэлэлцээрт тунаж үлдсэн гурван улсын гурван том аж ахуй үүрэг оролцоогоо 40:24:18 хувилбараар хуваахаар тохиролцжээ. Үлдэх 18 хувь нь “Монголын төмөр зам” ТӨҮГ-ын мэдлийнх. Тавантолгойн нүүрсийг хойд чиглэлд тээвэрлэх 1100 километр замын хар ажлыг өдгөө энэ жижигхэн компани л зүтгүүлж байгаа. Өөрөө хөрөнгөгүйн учир арилжааны зээл авч жаал жуул ажил хийдэг. Тавантолгой дахь гадаадын томчуудын сонирхол монголчуудыг хөлдөө чирж эхлэх эхний дарамтыг “Монголын төмөр зам” нэртэй төрийн өмчийн шинэ компани үзэж байна. Гэхдээ “Монголын төмөр зам”-ын хажуугаар Орос-Монголын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” төмөр замын компанийн нэр ч дээрх 18+18 хувь дээр гэнэт гараад ирж мэднэ. Тоглоомын дүрмийг Засгийн газрын Ажлын хэсэг бус, гадаадын хөрөнгө оруулагчид санал болгож байгаа өнөөгийн нөхцөлийг нийгэм эсэргүүцэж буй юм.
40:24:36 томъёоллыг эдийн засгийн утгаар нь биежүүлэх яриа хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, АНУ-ын компаниуд хоорондоо хийхэд бэлэн байгаа. Харин Монголын олон нийт, Үндэсний аюулгүй байдлын Çөвлөл, УИХ хэлэлцээрийн эхний шатны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хандлага нь тэрхүү гурвалыг хүлээлтэд оруулсан юм.
Тэгвэл Монголын Засгийн газар олон улсын шалгаруулалтын хэлэлцээрт ямар байр суурьтай оролцож, Ажлын хэсэг өнөөдөр юуг мэдэрч суугаа вэ? Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн, нэрээ хэлэхийг хүсээгүй төрийн түшээ эрхэм “Хэлэлцээр маш хүнд нөхцөлд болсон. Зургаан том улсын хүчирхэг компаниуд төсөлд оролцохыг хүссэн. Гэтэл эднээс ганц “Пибоди” цэвэр арилжааны сонирхлоор орж ирсэн. Бусад бүх компани тухайн улсынхаа улс төрийн ашиг сонирхлыг давхар илэрхийлж байгаа нь хамгийн төвөгтэй асуудал” гэж ярьсан юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгой ордын хэлэлцээрт орсон Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Японы компаниуд бүгд Засгийн газрынхаа дэмжлэгтэй, төрийн мэдлийн хувь оролцоотой, стратегийн сонирхолтой.
Тэгвэл Тавантолгой ордын ашиглалтын зөвшөөрлийг 100 хувь эзэмшиж байгаа Монголын Засгийн газрын дараагийн алхам юу вэ? Юуны түрүүнд,Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн гурвуулаа өөр байр суурьтай байна. Ерөнхий сайд Ажлын хэсгээ сайн ажилласан гэж дүгнэсэн. Харин УИХ-ын дарга байр сууриа “Долоо хэмжиж нэг огтлох нь зүйтэй. Манай улсын эдийн засгийн энэ оны төлөв эерэг сайн байгаа учир Тавантолгойг түргэн ашиглаж, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхээр яарах шаардлагагүй” хэмээн илэрхийлжээ. Тиймээс одоо Ерөнхийлөгчийн байр суурь гол түлхүүр болон үлдэж байна. Түүний удаа дараагийн хандлагаас үзвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын хэлэлцээрийн дүнг хатуу шүүмжлэх магадлалтай. Аль нэг намын гишүүн бус Ерөнхийлөгчийн хувьд Ц. Элбэгдорж нь ирэх жилийн УИХ-ын сонгуулийн марафоныг үл тооцсон, нийгмийн шүүмжлэлийг түлхүү тусгасан байр суурийг Тавантолгойн хувьд хэлэх магадлалтай юм.
Нэгтгэн харвал, Тавантолгой орд дээр Монголын талын Ажлын хэсэг дахин ажиллана гэсэн үг. Тэр нь хэлэлцээрт шинэ нөхцөлүүд гарч ирэхийг харуулж байна. Тухайлбал, угтуулан тавих нөхцөлүүдээр дахин тохиролцохыг Монголын тал оролдоно. Тиймээс ч ”Өмнийн говь” нэртэй дэд бүтцийн бодлогын баримт бичигт хэлэлцээрийн нөхцөлийг нийцүүлэх тухай дахин хүчтэй яригдаж эхэллээ.
Эрхэм уншигч Та MMJ сэтгүүлийн наймдугаар сарын дугаараас энэхүү “Өмнийн говь” төслийг бүрэн эхээр нь үзээрэй. Манай есдүгээр сарын дугаарт уг бодлогын баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэх Хөтөлбөр нь бүрэн эхээрээ нийтлэгдэнэ.
Тавантолгой ордын шийдлийг “долоо хэмжиж нэг огтлох” байр суурь нийгэмд зонхилж буйг тэмдэглэе.