Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Монголын хүлээлт

Монголчууд бүхэлдээ  хүлээл­тийн горимд шилжсэн мэт. Хөгшид нь тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдэхийг, залуус нь “Шинэ Улаанбаатар”-ын хэрэгжилтийг хүлээн шинэ байранд орохыг, төрийн албан хаагчид цалин пүнлүү нэмэгдэхийг, нийт иргэд нь нэг сая төгрөг өгөхийг хүлээж сууна. Энэ хүлээлтийг биелүүлэхийн тулд төрийн түшээд маань бас эдийн засаг, ДНБ-ийн үсрэнгүй өсөлтийг тэрүүхэндээ хүлээсээр... Банкны автомат машинаас мөнгө авахад “Гүйлгээ хийгдэж байгаа тул түр хүлээнэ үү” гэдэг шиг эдийн засаг өсөх гэж байгаа тул түр хүлээнэ үү гэсэн үгсийг эрх баригчид   хэлж байна.

2008 оны хямралаас гарлаа гэдэг жил буюу ердөө  өнгөрсөн жил эдийн засгийн бодлогыг тодорхойлогч байгууллагууд эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн тухай ярьж эхэлсэн. 2013 оноос “Их өсөлт”-ийн жил эхэлнэ гэсэн стратеги хүртэл боловсруулж, УИХ-ын гишүүдэд танилцуулж байв. 2015 он хүртэл эдийн засаг жил болгон 14-15 орчим хувиар /энэ жил 20 хувиар өсөх хүлээлт бий/  өсч, нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар болж Малайз, Индонез, Тайванийн хэмжээнд очно. 2020 онд 12 мянган доллар, 2021 онд нийт ДНБ 41 тэрбум ам.долларт хүрнэ... Сайхан л хүлээлт. Магадгүй хагас жил гаруйхны дараа болох сонгуульд эрх баригчдын өгөх амлалт нь дээрх хүлээлт ч байж мэдэх юм. Тэд бэлэн мөнгө амлахгүй гэдэг тохиролцоонд хүрсэн болохоор сонгогчдодоо асар их өсөлтийг амлахыг байг гэх газаргүй.

Энэхүү үсрэнгүй өсөлтөө уул уурхайн салбарын өсөлт, төмөр зам, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил дээр тулгуурлан тооцоолсон. Харин эдгээр салбарын үйл ажиллагаа төлөвлөсөн шиг нь явж байна уу?
Уул уурхайн салбар хурдацтай өсч байна. Ганцхан нүүрсээр жишээ авахад   олборлолт, экспорт нь  жил тутам  2-3 дахин өссөн бөгөөд ойрын хэдэн жилд ч энэ өсөлт үргэлжлэх төлөвтэй. ҮХШХ-ны   судалгаагаар 2014 он гэхэд 60 сая тонн нүүрс олборлох тооцоотой. Гэхдээ үүнийг нэлээд хоцрогдсон, багаар тооцсон мэдээлэл гэж болмоор. Учир нь компаниудын   гаргаж байгаа сүүлийн мэдээллүүдийг харахад ирэх 2-3 жилд нүүрсний олборлолт, экспорт эрс нэмэгдэх төлөвтэй байна.

Тухайлбал Тавантолгойн ордын Зүүн Цанхиас 2012-2014 онд жилд 15 сая тонн, нийтдээ 3 жилд 45 сая тонн нүүрс худалдаж авна гэдгээ “Чайналко” мэдэгдсэн. Энэ нь гэрээт олборлогчоор сонгогдоод байгаа “Макмохан” ирэх жилээс 15 сая тонныг олборлож эхэлнэ гэсэн үг. Үүн дээр Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагч ирэх жил орж ирлээ гэхэд мөн л богино хугацаанд жилд 15 сая тонныг олборлож экспортлохоор яригдаж байгаа. Нэг ёсондоо 2014 гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 30 сая тонн нүүрс экспортлогдоно гэсэн үг.

Үүн дээр “Энержи Ресурс” 2014 онд 15 саяыг олборлож экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр Тавантолгой  ордоос 2014 онд 45 сая тонн нүүрс экспортод гарна.  Тавантолгойгоос гадна Нарийнсухайтын ордоос  мөн л 15 сая тонн нүүрс хоёр жилийн дараа экспортолно гэж МАК-ийнхан ярьж байна. МАК-ийн хувьд 190 сая тонн нүүрсний нөөцтэй Хөөтийн ордоо удахгүй ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн Овооттолгойгоос ойрын хоёр жилд 8-15 сая тонныг экспортолно гэдгээ “Саусгоби Сэндс” компани мэдээлсэн. Ингээд бодохоор хоёрхон жилийн дараа гэхэд Өмнөговийн нүүрсний ордуудаас 75 сая тонн нүүрс экспортлогдох төлөвлөгөөтэй байна.

Бусад компаниудыг үүнд тооцсонгүй. “Хүннү коал” гэхэд ирэх жилээс 90 сая тонны нөөцтэй Цант-Уул ордоосоо олборлолт эхэлж, 2013 онд 3 саяыг экспортод гаргана хэмээн мэдээлсэн. Өөр бусад жижиг уурхай  ч ирэх жилээс олборлолтод шилжихээр яригдаж байгаа. Нүүрснээс гадна 2014 гэхэд Оюутолгой, Цагаансуварга зэрэг алт, зэс, молибденийн том ордууд олборлолтод хэдийнэ шилжчихсэн байна.

2014 он гэхэд ийм их нүүрс, ашигт малтмал олборлож экспортолно гэсэн тооцоо байгаа ч харин тээвэрлэх дэд бүтэц байхгүй байна. Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл “Энержи Ресурс”-ын барьсан авто зам бий. Тэр замаар одоо “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” гурвуулаа нүүрсээ зөөж байна. Жилд 15 сая тонныг тээвэрлэх хүчин чадалтай замыг засч тойглоод ч 45 саяыг тээвэрлэнэ гэдэг юу л бол. Дээрх гурван компани дахин хажуугаар нь зам тавихаар яригдаж байгаа ч хөрөнгө мөнгөнөөс эхлээд хоорондоо тохиролцож чадахгүй зүйл нэлээд бий. Ингээд бодохоор хоёр жилийн дараа Өмнөговьд хэдэн сая тонн нүүрс тээвэрлэлтээ хүлээгээд хэвтэх нь. Тэд төмөр зам хурдхан ашиглалтад орохыг маш их хүсч хүлээж байгаа. Ганц зүйл үнэн байгаа нь төмөр зам хурдан ашиглалтад орохгүй бол тэр их нүүрс экспортод гарна гэдэг үлгэр гэдгийг компаниуд дуу нэгтэй хүлээн зөвшөөрнө. Хэрвээ нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүнүүд экспортлогдохгүй бол тэндээс төр засгийн хүлээж суугаа тэрбумаар хэмжигдэх доллар орж ирэхгүй. Тэгэхээр Д.Зоригт сайдаар толгойлуулсан уул уурхайн салбарынхан Х.Баттулга сайдыг хэр хурдтай ажиллаж байгааг нүд салгахгүй ажиглан суугаа биз.

Хоёр жилийн дотор 1100 км төмөр зам тавина гэж ам бардам ярьж явсан Х.Баттулга сайдын ажил нэг л ахицгүй байх шиг. Өөрөө ч үүнийг хүлээж зөвшөөрсөн байсан. Шалтгаан нь нөгөө   хөрөнгө мөнгө. Эхний ээлжийн 1100 км төмөр зам тавихад 3 тэрбум орчим ам.доллар, нийтдээ нэг, хоёрдугаар ээлжийн 1800 орчим км төмөр зам барихад 5.5 тэрбум орчим ам.доллар  шаардлагатай. Сайд   энэ мөнгийг   хүлээж суугаа. 2012 оны зун барилгын ерөнхий гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж, бүх санхүүжилт нь хийгдэж дуусах төлөвлөгөөтэй. Ирэх жилийн намраас барилгын ажил эхэлж, 2015 онд дуусна гэж байгаа.

Төмөр замын энэ “цахилгаан” төлөвлөгөөг бараг тасалчихаад байгаа асуудал нь хөрөнгө оруулалт. Төмөр замынхан өнөөдөр “хөрөнгө оруулалт хийхийг сонирхогч”-оос өөр зүйлгүй л сууж байна. Уг нь салбар эрхэлсэн сайдын ярьж байгаагаар бол энэ жил эхлээд 2014 онд дуусах учиртай “Шинэ төмөр зам” төслийн эхний ээлжийн 1100 км төмөр зам нь хэд хэдэн эх үүсвэрээс санхүүжигдэх ёстой. Эхний ээлжинд Хөгжлийн банкны бондоор санхүүжигдэх бол дараа нь “Монголын төмөр зам” компанийн олон улсын бирж дээр гарах IPO, дээр нь Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар сонгогдох компани төмөр зам руу хөрөнгө оруулалт хийнэ. Бас “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-гоор босгосон мөнгөнөөс багагүй хэсгийг нь хүртэнэ. Х.Баттулга сайд “Шинэ төмөр зам” төсөлтэйгээ хамт энэ санхүүжилтүүдээ хэзээ орж ирэхийг хүлээж байгаа.


Үргэлжлэлийг The Mongolian Mining Journal-ийн  №011 дугаараас уншина уу.