-Ордуудыг ашиглаад ирэхээр усны нөөцийн асуудал нэлээн хүндэрнэ. БОЯ энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхий дөрвөн чиглэлээр нэлээд анхаарахаар төлөвлөж байгаа. Нэгдүгээрт, газрын бодлого менежментийн асуудал. Монгол улсын газар нутгийн ашиглалтын менежментийг Байгаль орчны яам гардаж хийх ёстой. Хоёрдугаарт, Монгол улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх л юм бол хэсэг хөрөнгө нь байгаль орчны хамгаалалт руу орох ёстой. Тэгэж байж өнөөдрийн манай байгаль орчны асуудалтай холбоотой санхүүгийн хямралуудыг шийдэх боломжтой. Энэ чиглэлээр хуульд тодорхой өөрчлөлт оруулаад, зохих хөрөнгө орж байх тогтолцоог бүрдүүлнэ. Гуравдугаарт, усны асуудал. Монгол оронд усны үнэлгээ зөвхөн хэрэглэгч бүхий газруудад багахан хэмжээнд байгаа. Ийм тойм төдий үнэлгээ байгаа учраас хүмүүс усыг хайрлахгүй байна. Усыг тодорхой үнэлэмжтэй болгох тал дээр нэлээн анхаарна. Тэр дундаа уул уурхайн, ялангуяа говийн бүсэд ашиглах эрхээ хүлээж байгаа олон том төсөл байгаа. Энэ төслүүд дээр усыг тодорхой төвшинд зөв ашиглаж, олборлолт явуулах тал дээр онцгой анхаарна.
Дараагийн нэг анхаарах зүйл нь байгаль орчны хяналтын асуудал яаманд нь харьяалагддаггүй. Байгаль орчинд 24 цагийн үйл ажиллагаатай онцгой хяналт байх ёстой. Ийм хяналтыг чухамдаа салбар хариуцсан яам тавих ёстой гэдэг дээр онцгой анхаарч ажиллана.
-Ашигт малтмалын салбарт ямар түншийг бид түших ёстой вэ?
-Аль нэг улсыг нэрлэх нь учир дутагдалтай. Уул уурхайгаар мэргэшсэн том компаниудтай хамтрах ёстой гэсэн чиглэл бол байгаа. Тэдний үйл ажиллагаанд хамгийн сайн технологи нэвтэрсэн байдаг. Ялангуяа нөхөн сэргээлт дээр том компаниуд л сайн ажиллаж чаддаг. Далайцтай төслүүд дээр том компаниудыг л оруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж тэр энэ улс гэж нэр заах нь утгагүй.