Хуулийг өөрчлөхийн эсрэг байна. Уул уурхайн бизнес ямар их эрсдэлтэй вэ гэдгийг зөвхөн үнэ ханшийн өнөөгийн энэ их уналтуудаас харж болно. Ердөө 6 сарын өмнө “хагас жил хүрэхгүй хугацааны дараа зэсийн үнэ гурав дахин унана“ гэж хэлбэл итгэх хүн олдохгүй байх байсан болов уу. Эрдэс түүхий эдийн үнэ ханшийн болон бусад олон төрлийн эрсдэл байдаг, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг, урт хугацааны бизнес гэдэг утгаараа энэ салбарын хууль эрх зүйн орчин буюу “тоглоомын дүрэм“ маш тогтвортой байх ёстой юм. Хоёрхон настай хуулиа дахиад өөрчлөөд эхэлбэл энэ улсын ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах хүн олдохгүй ээ. Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд, УИХ-аас Засгийн газарт өгсөн удирдамж тогтоол нь нэг талаас 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу гэрээгээ байгуулах гэж байгаа мэт боловч төрийн өмчлөлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх үүднээс тодорхой хугацааны дараа хуулиа өөрчлөх юм байна гэсэн бодлыг төрүүлж байгаа учраас салбарын хууль эрх зүйн орчин тогтворгүй хэвээр байх магадлал өндөр байна.
Оюутолгойн ХОГ-нд зарим бүтээгдэхүүнд ногдуулах гэнэтийн ашгийн татварыг тусгахгүй, Монголын талын ийм саналыг хөрөнгө оруулагч хүлээн авахгүй гэсэн таамаглал байна. Үндэстэй таамаглал мөн үү? Уг татварыг орлуулах өөр төрлийн татвараар асуудлыг шийднэ гэсэн урьдчилсан тохиролцоо байгаа юу?
Шар айраг үйлдвэрлэгч компанийг “танайх архи үйлдвэрлэж экспортол, тэгэхгүй бол 68 хувийн татвар ногдуулна шүү“ гэж байгаатай үндсэндээ адил сонсогдож байгаа юм л даа. Зэсийн баяжмал үйлдвэрлэх, цэвэр зэс үйлдвэрлэх хоёр чинь хоёр өөр төрлийн техник технологи, менежмент, маркетингийн ур чадвар, туршлага шаарддаг байх аа. Нөгөө талаар, одоо чинь тэгээд “гэнэтийн ашиг“ биш “гэнэтийн алдагдал“-тай болчихоод байгаа юм биш үү? Тэгээд төр заавал “гэнэтийн алдагдал“-ын 51-ээс дээш хувийг хариуцна гээд байгааг ойлгохгүй байгаа. “Тэгвэл төдийг өгнө, юу яавал төдийг өгнө, дээр нь “гэнэтийн алдагдал“-ыг санхүүжүүлнэ“ гээд байвал манай улсын төсөв юу болох бол? Цэвэр зэс болон зэсээр эцсийн бүтээгдэхүүн Монгол улсад үйлдвэрлэх бодлого нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлд хөрөнгө оруулагчид шахалт үзүүлэх бүдүүлэгдүү хэлбэрээр яагаад хэрэгжих ёстой гэж. Бодлогын өөр хувилбарууд манайд байхгүй гэж үү.
Алтанд гэнэтийн ашгийн татвар ногдуулах босгыг 850 ам. доллараар тогтоосноор ирэх жилийн төсвийн орлогод нэмэлт дарамт авчирна гэсэн шүүмжлэлтэй санал нийлэх үү. Энэ нь эдийн засгийн хямралын үед авч байгаа эх оронч бус шийдвэр гэсэн байр суурийг юу гэж үзэж байна вэ?
850 ам.доллараар босго үнийг тогтоосон ч алтны үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдэхгүй, улмаар алтны салбараас орох татварын орлого нэмэгдэхгүй гэдэг утгаараа “нэмэлт дарамт“ болно гэж үзэж байгаа бол би санал нэг байна. Алтны үнэ цаашдаа нэлээд өсөх хандлагатай байгаа учраас алтанд ногдуулсан үнийн өсөлтийн татвараа яаралтай цуцлах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд алт олборлолт эрс нэмэгдэнэ, далд байсан бүгд ил болно, тэр хэрээрээ татварын бааз өргөжиж, татварын орлого одоогийн түвшнээс хамаагүй нэмэгдэнэ. Алтны салбарынхан төрийн “шунал“-тайгаар хараад байгаа тэр илүү орлогоо хөрөнгө оруулалтад буюу ажлын байр нэмэгдүүлэхэд л зарцуулна шүү дээ. Өөрөөр хэлбэл, шууд болон шууд бус эерэг нөлөө нь гэнэтийн ашгийн татвартай байх үеэс хамаагүй илүү байх болно. Нөгөө талаар 2009 оны төсөвт тусгасан алтны салбараас 50 гаруйхан тэрбум төгрөгний татварын орлогыг гэнэтийн ашгийн татвараар төсөвт оруулахын төлөө уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвар, нэр хүндийг бууруулж тэр хэрээрээ Монгол улсад орох байсан олон зуун сая, магадгүй тэрбум долларын хөрөнгө оруулалт, ажлын байрыг устгаж байна гэсэн үг.
Бороо гоулд, Цайрт минерал, Төмөртэй зэрэг орд дээр байгуулсан ХОГ-ээс монголчууд асар их алдагдал хүлээсэн гэдэгтэй санал нийлэх үү. Ялангуяа хөрөнгө оруулалтын ашиг тусын талаарх ард иргэдийн ойлголтод эдгээр гэрээ нь маш их хохирол авчирсан гэдэгтэй санал нийлэх үү. Ийм гэрээ байгуулсан, байгуулахыг дэмжиж лообийдсон улстөрчид хариуцлага хүлээх ёстой юу?
Асар их гэж хэлмээргүй байна. Ажлын байр, бусад бизнесийн сүлжээгээр дамжсан шууд бус эерэг нөлөөллүүд байгааг үгүйсгэмээргүй байна. Ер нь бодлогын алдаа л даа. Тэдгээр хөрөнгө оруулагчдад бол буруу байхгүй. Бид өөрсдөө л буруутай. Уул уурхайн бодлого, зохицуулалт эрдэс түүхий эдийн үнэ ханшийг нь дагаад савлаад байвал ямар их алдагдалтай байдгийг үзүүлсэн дажгүй “хичээл“. 1998 оны үед буюу Тогтвортой байдлын тэдгээр гэрээ хийгдэх үед алтны болон бусад эрдэс түүхий эдийн үнэ ханш хамгийн доод гэж хэлж болохоор түвшиндээ байсан. Тэр үед гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол улсад оруулах нь магадгүй хамгийн том зорилтын нэг байсан байх. Тийм ч учраас маш либерал хуулиуд, татварын асар их хөнгөлөлт бүхий хуулиуд “үйлдвэрлэгдсэн“. Харамсалтай л байна. Нэлээд өндөр үнэ өртөгтэй сургамж бид авч байна даа. Банкны шинэчлэл хийх гэж урьд нь 30 гаруй сая ам.долларын “төлбөртэй хичээл“ үзсэн гэдэг байх аа. Ер нь аль болох бага үнэтэйгээр энэ шилжилтийг дуусгахын тулд бусдын алдааг л давтахгүй байх ёстой юм шүү дээ.