Тиймээс Төлөөлөн удирдах зөвлөл ашиг сонирхлоо хэрэгжүүлэх арга хэрэгслээ болгох гээд байдаг тал бий. Мөн давуу эрхийн хувьцааг эзэмшигч нь энгийн хувьцаа эзэмшигчдээс тvрvvлж ногдол ашгаа авдаг төдийгүй компани татан буугдах, дампуурах vед энгийн хувьцаа эзэмшигчдээс тvрvvлж хөрөнгөө авах эрхтэй. Ер нь хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээ гэдэг бол оруулах хөрөнгийн тухай ярих асуудал. Давуу эрхтэй хувьцаа гаргана гэдэг хувьцаат компанийн өөрийнх нь шийдэл байдаг болохоос гадны хүний тулгалт байх ёсгүй. Давуу эрхийн хувьцаа, энгийн хувьцаа гаргах гэдэг чинь хэн нэгний дур зоргын асуудал биш. Тийм учраас миний хувьд хөрөнгө оруулагчид адил эрхтэй хувьцаа эзэмших нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
Москвагийн банк хоорондын Валют арилжааны биржтэй хамтын ажиллагааны гэрээнд та саяхан гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийгдэх гэж байна вэ?
Монголын хөрөнгийн бирж гадаад харилцаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд Москвагийн банк хоорондын Валют арилжааны биржтэй үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Нэгдүгээрт, хоёр орны хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхтэй холбоотой мэдээ мэдээлэл солилцож, хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулагчдыг оролцуулах юм. Монголын хувьцаат компаниудын хувьцааг Оросын хөрөнгийн бирж дээр гаргах, Оросын хувьцаат компаниудын хувьцааг Монголын Хөрөнгийн бирж дээр борлуулах тухай асуудал бас яригдаж байна.
Дараагийн ажил нь, хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулж, эдийн засгийн хамтийн ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Мөн IT сүлжээг сайжруулж, Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх, туршлага солилцох асуудлаар ярилцсан. ОХУ-ын энэхүү бирж нь үндсэн гурван төрлийн арилжаа явуулдаг, дэлхийн томоохон биржүүдийн нэг юм. Тэгэхээр Монголдоо үнэт цаас, валют, таваарын арилжааг дэлхийн стандартад нийцсэн байдлаар явуулахад шаардагдах программ, IT системийг нь бид судалж байна. Монголын хөрөнгийн бирж тэдний валют арилжааны программыг ашиглаад, олон улсын санхүүгийн томоохон байгууллагуудтай валютын шаардлагатай арилжааг шууд хийх боломжтой болно. Монголд одоогоор бүтээгдэхүүний арилжаа хийгдэхгүй байгаа. Ноос ноолуур, арьс шир, түүхий эд, мах, сүү гэх мэт гол нэрийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр худалдаалах том боломж нээгдэх юм. Энэ системийг ашиглаад үнэт металлын дуудлага худалдаа ч хийж болно.
Улс орнууд үйлдвэрлэл, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаагийн хэрээр аливаа маргааныг арбитрын журмаар шийдэх асуудал улам чухал болж байна. Улсууд арбитрын аргыг сайн дурын үндсэн дээр хэрэглэдэг учраас түүний шийдвэрийг заавал даган биелүүлэх үүрэг хүлээдэг юм. Энэ нь маргаан таслах уг үйл ажиллагааны давуу тал гэж хэлж болно.
Мэдээж арбитрт хандахаас өмнө талууд хоорондоо тохиролцож болох ч амьдрал дээр талуудын хооронд үүсч болох зөрчлийг хэлэлцээрийн журмаар арилгах боломж тэр бүр байдаггүй.
Урт хугацааны үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, шинжлэх ухааны судалгаа, төсөл, барилга байгууламжийн асуудал дээр хорших явцад маргаан гарч болзошгүй учраас үл ойлголцлыг шийдэх арбитрын харьяаллыг зайлшгүй тогтоож өгөх хэрэгтэй болдог. Маргааныг түргэн шуурхай, шударга шийдвэрлэснээр улс хоорондын хамтын ажиллагаа, найрсаг харилцаанд бэрхшээл үүсэх явдлаас ч сэргийлдэг.
Арбитр төрийн шүүхээс ялгаатай нь түүнийг талууд харилцан тохиролцож сонгодог. Маргааныг хянах хугацаа бага. Учир нь арбитрын шийдвэрийг давж заалддаггүй. Барууны орнуудад өмгөөлөгчийн зардалд асар их хөлс төлдөг. Харин маргааныг арбитраар шийдүүлэхэд ийм зардал гаргах шаардлагагүй болох юм. Мөн арбитрчдыг тухайн салбарын мэргэжилтнүүдээс сонгодог тул маргааныг шударга шүүхэд тодорхой түлхэц болж өгдөг байна. Арбитрын шүүхийн хуралдааныг ихэвчлэн хаалттай явуулдаг. Тэгэхээр зарчмын хувьд төрийн шүүхээс хамаагүй давуу талтай.
Лондонгийн Олон Улсын Арбитрын Шүүх 1883 онд байгуулагдсан бөгөөд өдгөө хамгийн урт түүхтэй олон улсын байгууллага юм. Лондон Хотын Шүүхийн Нийтийн Зөвлөл хуралдан, үндэстэн дамнасан арилжааны маргааныг хил хязгаар харгалзахгүйгээр шийдвэрлэж байх тогтоол гаргасан нь олон улсын арбитрын шүүх байгуулагдах үндэс болжээ. Тухайн үед хуулийн хэрэгжилт хаана удаашралтай байна, тэнд шуурхай үйлчилгээг үзүүлж, хаана үнэтэй байна тэнд хямд байж, хуулийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгосон хэмээн олон нийт таашааж байлаа.