Сүүлийн үед гарч байгаа Татварын хуулийн өөрчлөлтүүдийн талаар Та ямар бодолтой байна вэ?
Татварын алба 1991 онд анх байгуулагдахад би тэнд орж ажилласан хүн. 1991 - 2007 онд Татварын бүх хуулийг боловсруулахад, батлуулахад оролцсон. 2007 оноос “Бороо гоулд” компанид ажиллаж байна.
Татварын асуудал дээр гурван зүйлийг хөндөж яримаар байна. Олон улсын практикаас , уул уурхай нэлээн хөгжчихсөн Африк, Австрали, Канад, ОХУ зэрэг орнуудын жишгээс харахад татварын орчин маш чухал асуудал юм. Манай улс 2007 онд гэнэтийн ашгийн татвар нэрээр 68 хувийн татварыг уул уурхайн салбарт бий болгосон. Ингэснээр хайгуул хийж байсан маш олон компани манай улсаас гараад явчихсан. Тооцоо хийгээд үзэхээр эцсийн бүтээгдэхүүнээс 68 хувийн татвар төлсөн тохиолдолд , дээр нь НӨАТ, ААНОА гээд бараг 80-аад хувийг нь ашгаас нь аваад явчихаар уул уурхайн компаниуд үйлдвэрлэл явуулах, ажиллах аргагүй болж байгаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж манайх одоогоор 5 хувийн татвар авдаг. Тухайлбал, “Бороо гоулд” компани гадаадад алт гаргахдаа нийт алтныхаа дүнгээс 5 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлдөг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уул уурхайн бүх бүтээгдэхүүнд ижилхэн 5 хувь гэж тавих нь буруу юм. Дэлхий нийтийн жишгээс харахад ашигт малтмал бүрт өөр хэмжээгээр ногдуулдаг. Тухайлбал алтанд 7.5 хувь ч гэдэг юм уу, 10 хувиас доош хэмжээгээр татвар ногдуулдаг.
Үүнээс гадна 68 хувийн гэнэтийн ашгийн татвараа халчихаад, оронд нь нөөц ашигласны төлбөрийг нэмж болох талтай. Энэ талаар би судалгаа хийж үзсэн л дээ.
УИХ хаврын чуулганаа завсарлуулахаас өмнө НӨАТ-ын тухай хуулийг өөрчилж баталлаа. Өөрчлөлтийн гол агуулга нь , уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнд татвар 0 хувьтай. Хэрэв эцсийн бүтээгдэхүүн биш бол НӨАТ-аас чөлөөлсөн. Алтны хувьд эцсийн бүтээгдэхүүн бол бөгж, ээмэг, алтаар хийсэн эдлэл байх нь. Алтыг гулдмайлаад , эцсийн бүтээгдэхүүн болохгүй. Нүүрс ч ялгаагүй. Тавантолгойгоос ургашаа Хятад руу зөөж байгаа нүүрс эцсийн бүтээгдэхүүн биш.
Одоо энэ хуулийн дагуу өмнө нь НӨАТ-тай авсан бүх бензин, эсвэл гадаадаас өндөр үнэтэй авсан хүнд даацын машинууд, тэрхүү худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцааж авахгүй болгож байна. Урд нь импортоор оруулж ирэхдээ төлсөн 10 хувийн НӨАТ шингэсэн 150 мянган ам.долларын машин байлаа гэж бодъё. Энэ худалдан авалтад 15 мянган ам.долларын НӨАТ төлчихсөн байгаа шүү дээ. Түүнийгээ компаниуд буцаан авч чадахгүй боллоо гэсэн үг.
Нийгмийн даатгалын тухай хуулд 2008 онд мөн л өөрчлөлт оруулаад, гадаадын ажиллагсдаас НДШ заавал авах заалт оруулсан. Гэтэл тухайн хүн Монголд хоёр, гурван жил л ажиллана.Тэгээд нийгмийн даатгалын 10 хувийг цалингаасаа төлж байгаа юм. ”Бороо гоулд” компани гадаад ажиллагсадтай. Тэд ”10 хувь төлнө гэдэг чинь танайх нийгмийн даатгалаа хувь хүний орлогын татвартай адилхан болгожээ” гэж хэлж байгаа юм. Монгол ажилчид нийгмийн даатгалаа 10 хувиар төлж байгаа. Хуульд оруулсан өөрчлөлт ёсоор гадаадын хүн 20 хувийн татвар төлөх болж байна.
Дэлхийд нийгмийн даатгалыг хоёр аргаар шийддэг. Нэг арга нь гадаадын байнга оршин суугч биш, түр ажиллаж байгаа хүнээс НДШ авдаггүй. Хэрэв авбал нутаг руугаа явах үед нь энд төлсөн татварыг буцааж олгодог. БНСУ-д ажилладаг монголчуудын нийгмийн даатгалын шимтгэлд тэнд өгсөн төлбөрийг нь манай НДЕГ БНСУ-аас аваад , эндээ тухайн хүнд буцаан олгодог. Манайд ийм систем байхгүйгээс гадаадын өндөр мэдлэг боловсролтой нарийн мэргэжлийн хүмүүс Монголд ирж ажиллах нөхцөлийг Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр хааснаас ялгаагүй болсон.
Манай уул уурхайн салбарт татварын орчин ямар байгаа вэ?
Миний дээр өгүүлсэн гурван зүйл үгүй байсан бол татварын орчин Монголд таатай гэж болох байлаа. Учир нь 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн хуулиар аж ахуйн нэгжүүд 10 хувь, харин 120 аж ахуй нэгж 25 хувийн татвар төлдөг болсон. ААНОАТ-ын хувь хэмжээ БНХАУ-д 33 хувь байдаг. Швед, Финлянд зэрэг улсад энэ татварын дээд хязгаар нь 55 хувь. Тэгэхээр Монголд аж ахуй нэгжийн орлогын албан татвар тийм өндөр биш. Өөрөөр хэлбэл манай улс татварын таатай нөхцөлтэй. Нийгмийн даатгалын шимтгэл ч мөн таатай нөхцөлтэй. Дэлхийн дунджаар бол нийгмийн даатгалын шимтгэл 20-25 хувьтай байдаг. Татварын ийм өөрчлөлтүүдийг хийсэн бодлого нь Монгол өөрөө жижигхэн орон. НӨАТ гэхэд Францад 18 хувь, Германд 25 хувьтай , АНУ-д НӨАТ буюу худалдааны татвар гэж муж болгон тусдаа хувиар татвар авдаг. Эндээс харахад манай татварын гол төрлүүд боломжийн хэмжээнд тогтоогдсон. Зөвхөн нэмэгдэл болгож гаргаж ирсэн дээрх гурван асуудал уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудад хүндрэл учруулж байна.
“Бороо гоулд“ компани Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан учраас НӨАТ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлт нөлөөлөхгүй, буцаан авалт үргэлжлэх байх. Танай компани ямар хэмжээний буцаан авалт авдаг вэ?
”Бороо гоулд” компани нь Монгол улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээг 1998 онд хуулийн дагуу байгуулсан. Тухайн үед Монгол улсад татвар ямар хөнгөлөлт чөлөөлөлттэй байсан тэр жишгээр гэрээ байгуулсан ба гэрээ хүчин төгөлдөр байх хугацаа буюу 2013 он хүртэл тэдгээр хөнгөлөлтийг эдэлнэ.
Хүмүүс янз янзын зүйл ярьдаг л даа. ”Бороо гоулд” 30 тонн алт аваад гарчихсан ч гэх шиг. Хууль нь тийм л байсан. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын хувь хэмжээ 0 хувьтай байсан. 0 хувьтай байна гэдэг чинь алтаа гаргачихаад бид буцаан олголтоо авах л ёстой болж байгаа юм. ”Бороо гоулд” улиралд 2.4 тэрбум төгрөгийн буцаан авалт авдаг. НАӨТ-ын тухай хуульд нэмэлт , өөрчлөлт хэдий оруулсан ч гэсэн Тогтвортой байдлын гэрээ ёсоор тус компани буцаан олголтоо авна.