Канадын хөрөнгө оруулалттай “Khan Resources” нь дэлхийн зах зээл дээр бага үнэлгээтэй компанид тооцогдох ч хувьцаа эзэмшигчид нь “Дорнод Уран” ордод маш их найдвар тавьж буй. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших энэ орд Монголын хамгийн их нөөцтэй орд буюу 24 мянган орчим тонн ураны нөөцтэй. Олборлолт явуулахад газрын хөрсний бүтэц нь харьцангуй хүнд хэдий ч нөөцийн хэмжээ нь цаашид улам өсөх магадлалтай гэж мэргэжилтнүүд үздэг.
Энэхүү ордод түшиглэн байгуулсан “Төв Азийн уран” компанийн 58 хувийг “Khan Resources”, үлдсэн 42 хувийг Монгол, Оросын Засгийн газар эн тэнцүүхэн эзэмшдэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийгээд ордыг ашиглахад бэлтгэх үйл ажиллагааны зардлыг “Khan Resources” компани зуун хувь дааж ирсэн бөгөөд 2012 онд дуусгахаар төлөвлөөд байгаа. Нийтдээ 22 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “Дорнод Уран”-ы ордод хийжээ. Цаашид хөрөнгийн зах зээлээс хөрөнгө төвлөрүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн төлөвлөгөөтэй. Төлөвлөснийхөө дагуу Торонтогийн хөрөнгийн бирж дээр “Дорнод Уран”-ы ордын хөрөнгө оруулалтыг босгох зорилгоор 54 сая ам.долларын хувьцаа гаргасан. Өдөрт 3500 тонн хүдэр тээрэмдэн, боловсруулах уурхайд жилдээ 4.5 сая тонн фунт ураны исэл үйлдвэрлэх замаар 15 жилийн хугацаанд үйлдвэрлэл явуулах хэтийн төлөвлөгөө байгаа.
Гэтэл УИХ-аас Цөмийн энергийн тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмыг баталснаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсад олгосон ураны хайгуулын болон ашиглалтын бүх лицензийн бүртгэлийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн билээ. Энэ ажилд “Khan Resources” компанийн “Дорнод Уран”-ы ордыг ашиглах лиценз ч хамрагдсан юм. “Khan Resources” ямар ч хуулийн үндэслэлгүйгээр лиценз эзэмших эрхийг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоож, алдагдалд оруулсан гэсэн үндэслэлээр шүүхэд хандаад өдийг хүрэв. “Төв Азийн уран” компанийн нэхэмжлэлтэй холбоотой шүүх хурал удаа дараа хойшлогдсоны эцэст өнгөрсөн долдугаар сарын 19-ний өдөр боллоо. Шүүх хурлаас Цөмийн энергийн газрын шийдвэрийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн шийдвэр гарсан байна.
Монголын ураны салбарын бодлого, төлөвлөлтийг зохицуулах эрх бүхий Цөмийн энергийн газар болон “Khan resources” компанийн хоорондох маргаан шүүх хурлын энэ шийдвэрээр эцэслэсэн хэрэг биш юм. Дараагийн шатны шүүх хурал 2010 оны наймдугаар сарын 2-ны өдөр болохоор товлогдсон билээ. Тус шүүх хуралдааны албан ёсны шийдвэрийн талаар сэтгүүлийн дараагийн дугаарт мэдээлэх болно.
Өнөөдрийн байдлаар “Khan Resources” компанийн хувьцааг ОХУ болон Хятад улсаас худалдан авахаар хөрөнгийн тодорхой хэмжээний санал тавиад байна. Мөн Японоос ч хамтран ажиллах санал ирээд байгаа юм билээ. Япончууд оросуудтай Монголын ураны салбарт хамтран ажиллахаар өнгөрсөн онд тохиролцсон ч ажил хэрэг нь удааширсаар буйг “Дорнод Уран” компанитай холбож ойлгохоос аргагүй. Зургадугаар сарын 20-нд болсон Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын XIV ээлжит хуралдаанд оролцсон ОХУ-ын Тээврийн яамны сайд И.Е.Левитин ураны ордыг ашиглах хоёр улсын Засгийн газрын хамтарсан Монгол 51, ОХУ 49 хувийг зөвшөөрсөн тухай дурдан, “Дорнод Уран” компани байгуулах тухай хэлэлцээрийг ажил хэрэг болгох, үйл ажиллагааг нь түргэтгэх асуудлыг онцолж байв.
Монгол улсад 1000 мегаваттын хүчин чадалтай атомын цахилгаан станц барихад дор хаяж хоёр тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн мэргэжлийн хүмүүсийн тоооцоо гараад буй. Ийм станцтай болсон тохиолдолд Монгол улсын “брэнд”-ийн нэг нь яах аргагүй цөмийн эрчим хүч болно.
Цөмийн энергийн газар болон “Khan Resources” компанийн хоорондын маргааныг тойрсон олон янзын мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. MMJ сэтгүүл шүүхийн шийдвэрийн дараа хоёр тал ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Хэн ялсан, ялагдсан гэж ярих хараахан болоогүй
Цөмийн энергийн газрын
Цөмийн материалын хэлтсийн
дарга Г.Баярбаясгалан:
Шүүхийн шийдвэрээр Канадын хөрөнгө оруулалттай “Khan Resources” компани болон Цөмийн энергийн газрын хоорондын лицензийн маргаантай асуудал “Khan Resources”-ийн талд шийдэгдлээ гэсэн мэдээллүүд цацагдаж байна. Энэ тал дээр танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?
“Khan Resources”, “Төв Азийн уран” компаниуд манай агентлагийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Нэхэмжлэл нь өнгөрсөн оны 11 дүгээр сард гарсан тушаал, түүнийг дагаж гарсан мэдэгдэл нь эрх зүйн хувьд үндэслэл муу, шаардлага хангахгүй байна гэсэн утгатай. Шүүх энэ асуудлыг 2010 оны долдугаар сарын 19-нд авч хэлэлцээд 26-ны өдрийн үдээс хойш албан ёсны шийдвэрээ манайд ирүүлсэн. Энэ нь Цөмийн энергийн газрын гаргасан шийдвэр эрх зүйн үндэслэлгүй гэсэн шийдвэр байсан. Харин ямар нэгэн лиценз олгох, олгохгүй нь хууль бус юм гэсэн шийдвэр гараагүй. Шүүхийн шийдвэрт ч энэ тухай онцолсон байгаа. Мөн тусгай зөвшөөрлийг олгох эс олгох асуудал нь хуулийн дагуу Цөмийн энергийн газрын бүрэн эрхийн асуудал болно гэдгийг ч цохон тэмдэглэсэн. Тэгэхээр хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох гээд бүх зүйл манайд хамаарч, харъяалагдаж байгаа юм.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.
Шүүхийн шийдвэр зөвхөн “Khan Resources” компани төдийгүй бүх хөрөнгө оруулагчдын хувьд ялалт болсон
Шүүх хурлын дараа “Khan Resources” компанийн удирдлагуудаас дараах тодруулгыг авлаа.
“Цөмийн энергийн газар болон “Khan Resources” компанийн маргаан “Khan Resources”ийн талд шийдэгдэв. Тиймээс тус компани цуцлагдсан эрхээ сэргээн Дорнод аймагт ураны хайгуул, олборлолтоо хийх болжээ” гэсэн мэдээлэл гарч байна. Танай компанийн эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа.
Тийм ээ. Нийслэлийн захиргааны шүүхээс Цөмийн энергийн газрыг манай компанийн 58 хувийн эзэмшилд байдаг “Төв Азийн Уран” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэсэн хуулийн үндэслэлгүй шийдвэрийг гаргаж, мэдэгдэл өгч байсныг баталсан шийдвэрийг гаргасан. Сүүлийн хэдэн сар Цөмийн энергийн газрын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга ингэж мэдэгдэж байсныг бид эсэргүүцэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд дөрөвдүгээр сард хандан, сая долдугаар сарын 19-нд шүүх манай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан шийдвэрийг гаргалаа.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.