Тэр мэдэгдэл талаар болох ёсгүй. Мэдэгдлийн зарчим ч хэрэгжих учиртай. Хэрэгжүүлэх ч болно. Хоёр намын дарга хамтарч мэдэгдэл хийсэн нь зөвхөн эдийн засгийн биш, улс төрийн ч ач холбогдолтой. Стратегийн орд газрууд дахь гадна, дотнын оролцооны хувь хэмжээ 49:51 байх зарчим чухал нь чухал. Гэхдээ энэ хувь хэмжээний асуудал бол гадаадынхантай харилцах бидний бодлогын л нэг асуудал. Бид эхлээд дотроо бодлого, зарчмаа тогтох, үг хэлээ олох ёстой. Олон жил ярьсан шигээ яриад, маргалдаад суугаад байх уу, эсвэл тулгамдсан ажилдаа шуудран орох уу.
Монголын улс төрийн бодлогыг тодорхойлсоор ирсэн хоёр том нам-МАХН, АН хоёр давын өмнө энэ асуултад хариулах учиртай болоод байна. Монгол улсынхаа ирээдүйн сайн сайхны талаас нь авч үзэх юм бол улс орны хөгжлийн зангилаа асуудлаар улс төрийн хоёр том нам зарчим, зорилгоо харилцан ярьж, ойлголцож, тохирч, олны өмнө тунхаглаж чадаж байна гэдэг нь ашигт малтмалаасаа ч илүү чухал. Олон түмэн ч асуудлыг энэ талаас нь хүлээн авч, дэмжиж байна. Саяхан би баруун бүсийн аймгуудаар яваад ирлээ. Ц.Элбэгдорж дарга бид хоёрын хийсэн мэдэгдлийг иргэд маш их талархаж, бэлгэшээж хүлээн авч байна билээ.
Маргаантай энэ асуудлыг Засгийн газар хэд хэдэн удаа авч хэлэлцсэн. Тэгээд УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд дараах саналыг өгье гэж танхимаараа тогтсон. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий орд газруудад Монголын төрийн оролцоо 51 хувиас дээш байна. Хувийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ордод гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо 49хувиас дээшгүй байна. Монголын төр, дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа нийлээд 51 хувь эзэмшихээр хуулийн төсөлд санал өгсөн. “Монголчууд“ гэдгийг Монголын төр, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, ард иргэд гэдэг утгаар нь Ц.Элбэгдорж дарга хэлсэн гэж ойлгож байгаа.