Дахиад нэг жишээ хэлье. “Оюутолгой“ төслийг хэрэгжүүлээгүйгээс болж бид одоогийн байдлаар өдөрт нэг сая гаруй ам.доллар өвөртлөх боломжоо алдаж байна. Жилд 400-гаад сая доллар буюу 500 гаруй тэрбум төгрөг шүү дээ. Эх орныхоо хишиг буяныг нөхцөл нь бүрдсэн, эгзэг нь таарсан торгон мөчид нь зөв ашиглаж, ард түмэндээ ашиг орлогыг нь хүртээхийн төлөө зөвхөн Ерөнхий сайд, Засгийн газар биш, бүгдээрээ яарах ёстой.
Гэхдээ яарлаа гээд түүхий шүүрхий юм хийж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Удаад, уяад суугаад байж бас болохгүй. Гэрээ байгуулчихвал сонгуульд ялна гэдэг ч юу л бол. Тэгээд ч гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээг санасан хугацаандаа, санааныхаа зоргоор байгуулах боломж үгүй. Гэрээ байгуулахын тулд эхлээд холбогдох хуулиа, эрх зүйн орчноо тодорхой болгох ёстой. Хуулийн тодорхой үндэс суурьгүй гэрээ хийнэ гэж байхгүй. Хэрэв гэрээ байгуулах нь сонгуульд нөлөөлнө гэж айгаад байгаа бол Ашигт малтмалын хуулиа одоо цэгцэлж батлаад, харин уг хуулийн дагуу гэрээ байгуулах ажлыг сонгуулийн дараа хийнэ гэж албан ёсоор тохиролцож бас болно шүү дээ.