Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

2008 оны есдүгээр сар


Нөгөө талаас гаднынхан Монгол орныг сонирхоод шохоорхоод байгаа энэ нөхцөл байдал нь бидний өмнө үсрэнгүй хөгжлийн гайхамшигт боломжийг бас нээж байна.
Сонгуулийн үеэр МАХН иргэн болгондоо сая таван зуун мянгыг, Ардчилсан нам нэг сая төгрөгийг амласан. Энэ бол зөвхөн уул уурхайн ашигт малтмалыг ашиглаж, боловсруулж, борлуулан байж баялаг болгох явцад иргэн болгонд хувьцаагаар буюу бусад олон хэлбэрээр ногдох хөрөнгө юм. Энэ байтугай баялгийг бид ойрын хугацаанд иргэн бүхэндээ хүртээх дүүрэн бололцоо бий. Бид хамтарвал энэ бололцоо бодитоор хэрэгжих хугацаа богиносно. Чухамдаа цаг хугацааг товчлох арга замыг үсрэнгүй хөгжил гээд байгаа хэрэг.

Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажил маань тодорхой. Эрдэс баялгийн салбарт байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн, аль болох ойрын үед ард олондоо хамгийн хүртээлтэй, үүний хамт хөрөнгө оруулагчийн хувьд ашигтай байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь тэргүүн ээлжинд тавигдах зорилт.Үүний тулд Ашигт малтмалын хуулийн асуудлаа нэг мөр шийдэх нь хамгийн эхэнд хийх ёстой ажлын нэг болно. Үүний үндсэн дээр Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс, Асгатын мөнгө, Дорнодын уран, Төмөртэйн төм өр зэрэг мега-төслүүдийг яаралтай эхлүүлж,  уул уурхайн  салбарын орлогоос ард түмэндээ хамгийн  зохимжтой хэлбэрээр “Эх орны хишиг“ хүртээх асуудлыг хуульчлан, үе шаттай хэрэгжүүлэх нь энэ дөрвөн жилийн томоохон зорилтын нэг юм.

Цаашид уул уурхайн салбарыг түшиглэн босох аж үйлдвэрийн цогцолбор, дэд бүтцийн зангилаа төвүүдийг төрөөс дэмжих, урамшуулах, шаардлагатай бол чиглүүлэх бодлого үйл ажиллагааг ч гэсэн өнөөдрөөс эхлэн яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Шивээ-Овоогийн уурхайн цахилгаан станцын цогцолбор, нүүрс шингэрүүлэх цогцолбор, олон улсын шинэ нисэх буудал, Говийн өмнөд хэсгийн төмөр зам, ус, цахилгааны дэд бүтцийн сүлжээ, зүүн чиглэлийн төмөр зам зэрэг аж үйлдвэрийн олон төсөл шил шилээ даран төрөөс дэмжлэг хүсэмжилж, улс төр гацаанаас гарч, Монголын төр хөл, толгойгоо олохыг хүлээж байна.