Эдийн засгийн томоохон шийдэл шийдвэр гаргахад бодлого боловсруулагчдад судалгаа шинжилгээ ихээхэн дутагддаг нь нууц биш. Тэр дундаа бодлогын шинжилгээний орон зай Монголд хов хоосон байна. Тэрхүү хоосон орон зайг дүүргэн үндэсний судлаачдаас бүрдсэн баг ажиллаж эхэлжээ. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний энэхүү хүрээлэн Эдийн засгийн сургуулийн дэргэд байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд нэг жилийн нүүр үзэж байна. Тус хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгстэй сэтгүүлч Н.Ариунтуяа ярилцлаа.
АСУУДЛЫН ГОЛ НЬ ОРЖ ИРСЭН МӨНГИЙГ УХААНТАЙ ЗАРЦУУЛЖ ЧАДАХ УУ ГЭДЭГТ Л БИЙ
Оюутолгой, Тавантолгой гээд уул уурхайн томоохон төслүүд эдийн засгийн эргэлтэд орох гэж байна. Монголын эдийн засагт эдгээр төсөл ямар үр өгөөж авчрах бол?
Монголын эдийн засагтай харьцуулахад маш том төслүүд үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Ганцхан тоо хэлэхэд, Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллах үед өнөөгийн эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. 20-30 жилийн дараах Тавантолгойг харахад Оюутолгойгоос ч илүү томоор төсөөлөгдөж байгаа. Үндэслэлтэй, үгүйг мэдэхгүй ч 200 сая тонн нүүрс экспортолно гэж байгаа нь их том тоо.
Ирээдүйн эдийн засагт уул уурхайн салбарын нөлөөлөл маш том байх нь тодорхой. Энэхүү нөлөөллийг шууд болон шууд бус гэж ангилж болно. Нэгдүгээрт, Оюутолгой, Тавантолгой ашиглалтад ороод үйлдвэрлэл нэмэгдвэл ДНБ-ийг шууд өсгөнө. Хоёрдугаарт, Засгийн газрын оролцоотой төслүүд болохоор төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Төсвийн орлого нэмэгдэхээр нийт эрэлт нэмэгдэнэ. Нийт эрэлт нэмэгдэхээр эдийн засагт халалт үүснэ. Ялангуяа барилга байшин, боловсрол, эрүүл мэндэд төсвөөс зарцуулах хөрөнгө их болоод ирнэ гэсэн үг. Тэр нь эрэлтийг бий болгож, улмаар нийт эрэлт өсөхөөр эдийн засаг дахиад л өснө. Шууд ба шууд бус энэхүү нөлөөллийн улмаас эдийн засгийн өсөлт өндөр байхаар хүлээгдэж байна. Бидний хийсэн тооцоогоор 2017 онд ДНБ 25 хувиар өсөх хүлээлт байгаа. Суурь үзүүлэлтүүдийг аваад үзэхэд ийм хандлагатай байна.
Оюутолгойн хувьд эдийн засгийн гэхээсээ улстөржсөн дүгнэлтүүд их гарах юм. Энэ төслийн Монголын эдийн засагт үзүүлэх бодит үр өгөөжийг бие даасан судлаачийн хувьд хэрхэн тооцоолж, харж байна вэ?
Үр өгөөж гэж юүг хэлэхээ бид эхлээд тодорхойлох ёстой. Хэрвээ Тогтворжилтын ч юм уу сан байгуулаад тэнд Оюутолгой, Тавантолгойгоос орж байгаа хөрөнгийг хуримтлуулаад байвал тэр нь Монгол улсын баялгийн нэг хэсэг болно. Гэвч бүгдийг хуримтлуулж чадахгүй нь ойлгомжтой. Тодорхой хэсгийг бид зарцуулж таарна. Дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролд зарцуулна. Тэр зарцуулалт дундаж иргэндээ яаж хүрч байна вэ гэдэг асуулт гарна. Дундаж иргэний амьдрал сайжирвал энэ төсөл үнэхээр манай эдийн засаг, нийгэмд үр өгөөжтэй төсөл боллоо гэж хэлж болно. Харин тэгж чадахгүй, хэсэг бүлэг хүмүүсийн орлого хэт өсөөд, эдийн засагт баян хоосны ялгаа улам их болчихвол үр өгөөжтэй төсөл биш гэж би тодорхойлох гээд байгаа юм.
Сүүлийн үед хүртээмжтэй өсөлт гэсэн нэр томьёо гарах боллоо. Хүртээмжтэй байх эсэх нь бодлогоос л шалтгаална. Энэ үүднээс авч үзвэл эзэмшлийн хувь 34 эсвэл 50 байх, гаалийн татвараа хэдээр төлөх, роялти хэд байх нь айхтар их нөлөөтэй биш байх. Хамгийн гол эмзэглүүлж буй зүйл бодлого ухаантай байна уу? Орж ирсэн хөрөнгийн урсгалыг яаж дундаж иргэндээ наалдацтай болгох вэ? Үүн дээр л бид толгойгоо гашилгах ёстой юм.
Боловсролд зарцуулна гэдэг нь ирээдүйдээ хөрөнгө оруулж байна гэсэн үг. Дэд бүтцэд хөрөнгө оруулах нь бас л зөв. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төрөлжилтийг олшруулна. Мөн Тогтворжилтын сан байна. Манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай учир савлагаа өндөртэй. Тэр савлагааг багасгах нэг арга нь мэдээж Тогтворжилтын сан. энэ мэтээр бүгдийг үр ашигтай зарцуулж болно. Гэхдээ ухаантай хослолыг олох ёстой. Боловсролд хэчнээн хувь, дэд бүтцэд хэчнээн хувийг зарцуулах юм. Үүний ард ямар дүрэм баримтлах вэ гэдгээ олох ёстой. Түүнээс биш баахан юм руу мөнгө цацаад тэр нь огт наалдацгүйгээр алга болчихвол төсөл үр ашиггүй болж харагдана. Өөрөөр хэлбэл, ирээдүйн бодлого ямар байх, орж ирэх хөрөнгийг хэрхэн удирдахаас хамаарч Оюутолгой төслийн үр өгөөж шийдэгдэнэ.
Оюутолгой дээр 34, 50 хувь гэж талцдаг боллоо. Асуудлын гол нь үнэхээр хувьдаа бий юү?
Яг үнэндээ Хувь нийлүүлэгчдийн гэрээгээ ил тавьчихмаар байгаа юм. Нууц гэсэн тамгатай байгаа шүү дээ. Явж явж энэ нь техникийн л асуудал гэж харагдаж байгаа. Асуудлын гол нь орж ирсэн мөнгийг ухаантай зарцуулж чадах уу гэдэгт л байна. Ухаантай зарцуулж чадвал тэрбум доллар маш их мөнгө. Ухаалаг зарцуулахгүй бол хэдэн тэрбум ч бай урсаад л алга болно. 34 хувь 50 болоход Оюутолгойгоос 29 биш 30 тэрбумыг олж болно. Гэхдээ буруу бодлого явуулаад 29, эсвэл 30 тэрбумыг тарамдахын хооронд чанарын ялгаа байхгүй. Би дундаж иргэн учраас надад бол ялгаа мэдэгдэхгүй.
Оюутолгой үйлдвэрлэлийн зардал их багатай төсөл учраас зэсийн үнэ төсөөлснөөс бага тохиолдолд ч ашигтай байх боломжтой гэж тус компанийн удирдлагууд мэдэгддэг. Үнэхээр тийм боломжтой юу?
Биднийг судалгаа хийхэд Оюутолгойтой холбоотой мэдээллийг тэд өөрсдөө өгсөн. Тэд зэсийн үнэ 2200 байхад үйлдвэрлэлээ явуулна, харин доошоо орсон тохиолдолд хүндэрнэ гэж үзэж байгаа. Хугарлын цэг нь 2200 хавьцаа гэсэн ойлголттой байгаа юм билээ. Дээшээ гарсан тохиолдолд мэдээж ашигтай.
Эдийн засгийн өсөлт дундаж иргэнд наалдацтай байх нь гэсэн тийм эерэг мэдрэмж ажиглагдаж байна уу? Энэ талаар барьцтай судалгаа байдаг болов уу?
Барьцтай судалгаа байхгүй. Жишээлэхэд, Оюутолгой, Тавантолгой төслүүд ядууралд яаж нөлөөлөх вэ гэсэн судалгаа байхгүй шүү дээ. Яваандаа томоохон судалгааны сэдэв болох нь ойлгомжтой. Миний бодлоор, Монголын эдийн засагт тулгарч байгаа номер нэг асуудал бол ядуурал. Ядуурал байгаа нь дундаж иргэнд эдийн засгийн өсөлт хүртээмжтэй биш байгаа хэрэг. Дундаж иргэн гэдэг нь сургуулийн багш нар, эмч нар, таксины жолооч, жижиг бизнес эрхлээд явж байгаа хүмүүс. Энэ хүмүүсийн амьжиргаа эдийн засгийн өсөлттэй харьцуулахад сайжирсан юм алга. Тооноос тэгж харагдаж байна. 2004 оноос хойш эдийн засаг 3.6 дахин өслөө. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргадаг албан ёсны тоогоор ядуурлын түвшин 39 хувьтай байна. Арван хүний бараг 4 нь ядуу.
Тэгэхээр өнөөг хүртэл явж ирсэн бодлого иргэндээ хүртээмжтэй биш. Ирээдүйд энэ бодлого үргэлжлэх магадлал их. Яагаад гэхээр хүртээмжтэй болгох талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас өөр тогтолцоо орж ирээгүй. Нийгмийн халамж ийм хавтгайрсан байж болохгүй. Зорилтот бүлэгтэй байх хэрэгтэй. Тэр бүлэг рүүгээ маш сайн онилж байж үр ашиг гарна. Одоо бол ямар ч онилсон юмгүй хүн бүрт 21000, 1.500.000 гээд тарааж байна. Бодлого ямар ч үр ашиггүй ингээд үргэлжилбэл ирээдүйд бий болох өндөр өсөлт хүртээмж багатай байх магадлал их. Харин бодлогоо эртхэн янзлаад явбал дундаж иргэндээ арай хүртээмжтэй болж, иргэдийн амьжиргаа сайжрах юм гэж ойлгож байгаа.
Нэг авууштай нь бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд хүртээмжтэй өсөлтийн талаар их ярьдаг болж. Ялангуяа Дэлхийн банк, ОУВС-гийн энэ жилийн уулзалт дээр ихээхэн яригдлаа. Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Монголд ирэхдээ мөн л хүртээмжтэй өсөлтийн талаар ярьсан.
Тэгвэл эдийн засгийн өсөлтөө хүртээмжтэй болгохын тулд, дундаж иргэдийн амьдралыг сайжруулахын тулд ямар бодлого явуулах ёстой вэ?
Харамсалтай нь тодорхой жор байхгүй. Их ерөнхий хэлбэл бодлого зөв, уялдаатай байх ёстой. Зөв бодлого гэхээр жишээ нь нэгдүгээрт, мөнгөний бодлого, сангийн бодлого хоёр уялдаатай байх ёстой. Одоогийн байдлаар төсөв их тэлж байна. Энэ нь үнийн өсөлтийг бий болгоно. Үнийн өсөлтийг тогтвортой байлгах нь Монгол банкны гол зорилт. Тэгэхээр Монгол банк мөнгөний бодлогоо хатуу явуулахаас өөр аргагүй. Уялдаа хангагдахгүй байгаа биз дээ. Төсөв нь өөрөө үнийн өсөлт, тогтворгүй байдлыг бий болгож буй нь бодлого буруу гэсэн үг. Буруу учраас мөнгөний бодлогоор мөнгийг чангатгаж хариу үйлдэл үзүүлж байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бууруулах нь эцсийн дүндээ дундаж иргэнд очих зээлийг хумьж байгаа хэрэг. Дундаж иргэнийг ажиллуулдаг компанийн авдаг зээл дээр илүү зардал өндөртэйгээр очиж тусна. Тэгэхээр бодлого талаасаа үүнийг анхаарч, энэ айхтар хөөргөсөн, дэвэргэсэн бодлогуудаа хязгаарлах ёстой.
Хоёрдугаарт, бодлогуудаа зөв тодорхойлох ёстой. Төсвийн бодлогоо зөв тодорхойлох гэдэг нь халалт битгий бий болгооч, нийгмийн халамжийн бодлогоо зорилтот бүлэгтэй байлгаач, зам, тээвэр зэрэг дэд бүтцийн янз бүрийн төслүүд хэрэгжүүлбэл, үр ашгийг нь хамгийн сайн байлгаач гэдгийг л хэлж байгаа юм. Мөнгөний бодлогын хувьд инфляциа онилсон, хоорондоо уялдаатай бодлого явуулаач. Валютын ханшийн бодлогоо мөнгөний нийлүүлэлтийн бодлоготойгоо уялдуулаач гэсэн санаа.
Ерөнхийд нь хэлбэл, зөв бодлоготой байхын тулд түүнийгээ тодорхойлох ёстой. 100 төгрөгтэй бол бүгдээр нь сургууль барьчихаж болохгүй. Хэдээр нь хаана, хэдэн сургууль барих, хэдээр нь зам тавих, хэдийг нь хадгалах ёстой вэ гэсэн асуудал гарч ирнэ. Үүнд хариулсан тогтолцоо Монголд байхгүй.
Үргэлжлэлийг The Mongolian Mining Journal-ийн №011 дугаараас уншина уу.