Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Тэмдэглэгээ элэгдэж эхэлмэгц дугуйг солих шаардлагатай

The Mongolian Mining Journal  уншигчдадаа “Уул уурхайн дугуй” зөвлөгөөг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад  CAT-793D, 785D зэрэг том оврын өөрөө буулгагчийн дугуйг  хэрхэн сонгож, ямар  арчилгаа тордолгоо хийвэл зөв зохистой талаар “Таван Богд групп”-ийн Худалдааны төлөөлөгч Б.Дэлгэрнарантай ярилцсанаа хүргэе. Уншигч та “Зөвлөгөө” булантай холбоотой  саналаа 91030305 утас руу илгээнэ үү .

Уул уурхайн том оврын техникүүдийн дугуй   хэдэн төрөлд хуваагддаг вэ. Манай нөхцөлд аль нь илүү тохиромжтой вэ?


Ерөнхийдөө бүтэц болон хэрэглээ талаасаа өөр өөр байдаг. Дугуйг бүтцээр нь нейлонон утастай, төмөр троссон утастай гэж   ангилдаг. Хэрэглэгдэх байдлаараа ил ба далд уурхайн гэж бас хоёр төрөл бий. Бидний сайн мэддэгээр бол өөрөө буулгагчийн  буюу БЕЛАЗ-ын дугуй, мөн дугуйт ачигч ба түрэгч, эксковатор, үйлдвэрлэлийн зориулалттай тусгай тоног төхөөрөмжийн дугуйнууд байдаг. Зөвхөн төмрийн хаягдал ялгах газар ажиллах зориулалттай зүсэлтээс сэргийлэгдсэн дугуй гэх мэтээр  дугуйн хээний зузаанаас хамааран үндсэн ба тусгай хэд хэдэн төрөлд хуваагддаг юм. Тийм үйлдвэрийнх сайн, яг тэр дугуйг сонгох шаардлагатай гэж хэлмээргүй байна. Энэ бол хамгийн  нарийн, чухал хэсэг нь.

Ер нь CAT-793D, CAT-785D гэх мэт өрөө буулгагчийн дугуйг худалдаж авахдаа юуг анхаарах ёстой бол? 


Манай хэрэглэгчид гол төлөв радиаль буюу төмөр троссон утастай дугуйг сайн гэдэг.  Энэ бол нэг талдаа зөв.  Учир нь Монголын нөхцөл ихэнхдээ хатуу ширүүн уур амьсгалтай, хад чулуурхаг, бартаа ихтэй  учраас аль болох  бат бөх хийцийн дугуй  сонирхох нь аргагүй.  Гэхдээ зарим нөхцөлд нейлонон утастай дугуй хэрэглэхгүй бол болохгүй. Тиймээс энэ бүхнийг харгалзаад  дугуйг үйлдвэрлэдэг болон ханган нийлүүлдэг компанитай тодорхой мэдээллээр харьцсаны үндсэн дээр дамп трактаа ямар дугуйг тавибал дээр вэ гэсэн техникийн өгөгдлүүдээ нарийвчилж өгөх хэрэгтэй. Дугуйны сонголтод нөлөөлөх хамгийн чухал зүйлүүд нь хөрсний онцлог, ажлын горим ачаалал, орчны температур. Эдгээр нөхцөлийг худалдаж авах гэж байгаа  компанидаа бүрэн гүйцэд тодорхой ойлгуулах хэрэгтэй. Ингэж байж  зөв дугуйгаа сонгоно. 

Монгол операторууд Белаз, Самосвалын дугуйг шаардагдах  түвшинд арчилж тордож байгаа юу. Энэ талаар юу зөвлөх вэ?  

Өөрөө буулгагчийн дугуйг арчлах тал дээр өндөр мэдлэг, чадвартай операторууд  бий л дээ. Энэ талын сургалт  ч  нэлээд явуулдаг болсон байна. Дугуйн зохистой хэрэглээний үндэс нь багаар бодоход дугуй тус бүрийн хийг ээлж солих тутамд шалгаж сурахаас эхлэх хэрэгтэй. Цаашилбал хийлэх хошууг тогтмол таглах, дугуй хооронд болон дугуйн хээнд хавчуулагдсан чулууг зайлуулах гэх мэт энгийн үйлдлүүдийг хийснээр үргүй зардал үнэт цагаа ихээр хэмнэх боломжтой.

Белаз болон уул уурхайн дугуйг хэдийд, ямар тохиолдолд солих шаардлагатай байдаг вэ?

 Дугуйн үндсэн хээ  нь элэгдэж дуусах үе хүртэл  хэрэглэх нормтой. Уул уурхайн  ямар ч дугуй  үндсэн хээ дуусахыг илэрхийлэх тэмдэг,  резинэн бөмбөлөг эсвэл зураастайгаар үйлдвэрлэгддэг. Тэмдэглэгдсэн хэсэг элэгдэж эхлэхэд тухайн дугуйг солих шаардлагатай болж байгаа гэсэн үг. 

Эдгээр дугуйг буруу ашигласнаас үүдэх гэмтэл эрсдэлийн талаар?

Ер нь операторын буруугаас юм уу, ачааны даац хэтрүүлсэн, хурд хэтрүүлсэн зэрэг  шалтгаанаар дугуйнуудад янз бүрийн гэмтэл үүсдэг. Эдгээрээс хамгийн аюултай нь “дугуйны ам урагдах” гэмтэл. Уул уурхайн өөрөө буулгагчийн  дугуйнууд нь энгийн автомашиныг бодвол ойролцоогоор дөрвөөс тав дахин өндөр даралтаар хийлэгддэг. 100-200 тонн ачаатай явдаг ийм техникийн дугуйнууд буруу ашиглалтаас  юм уу, шалгалт техник үзлэгийг тогтмол хийгээгүйээс болж ямар нэгэн асуудал үүсвэл тухайн  өндөр даралттай хийлэгдсэн дугуй буудах аюултай. Тэсрэх бөмбөгөөс илүү аюултай ч байх тохиолдол бий. Ачаатай ачаагүй самосвалууд онхолдох, тэнхлэг гулзайх зэрэг эрсдэлүүд байна. Мөн дугуйг угсрах болон задлахдаа  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөөгүйгээс болж хүний амь  эрсэдсэн  тохиолдлууд гадаадын  хэд хэдэн оронд  гарч байсан.   

Дугуйн хадгалалтын горим гэж бий байх?

Резин болон резинээр хийгдсэн бараа бүтээгдэхүүнийг чийгтэй болон халуун нөхцөлд хадгалах нь хамгийн буруу. Бас манай хэрэглэгчид агуулахдаа маш олон дугуйг хөндлөнгөөр нь давхарлаад хураачихдаг. Үйлдвэрийн нормоор бол гурваас дээш давхарлаж болдоггүй. Учир нь, ингэсэн тохиолдолд  доод дугуйнуудаа шамбийлгахаас гадна дугуйны үндсэн краказны хэмжээг алдагдуулдаг. Энэ нь цаашлаад олон сөрөг үр дагавар учруулах эх үүсвэр  болдог. Дугуйг аль болох босоогоор нь хадгалах ёстой.

Дугуйны ачилт, буулгалт дээр манайхан  алдаа гаргадаг уу?  

Уул уурхайн том дугуйнууд  ачиж буулгах үед гэмтдэг тохиолдлууд байна. Жишээ нь төмөр троссоор өлгөж оосорлож, зөөж болохгүй гээд байхад зөрсөөр байгаад гэмтээчих тохиолдол бий.  2-3 тонн жинтэй том дугуйг нарийн төмөр троссоор оосорлоод кранаар татах явцад голоор нь  хутга шиг зүсчихдэг юм. Бас дугуйг машинаас түлхэж буулгах, кранаар өргөж байгаад газар хүчтэй унагах зэрэгт дугуй гэмтэх боломжтой. Зориулалтын погрушки эсвэл даавуун татлага ашиглах, эсвэл погрушкиний зориулалтын хошууг хийсний үндсэн дээр  энэ ажлыг  нормын дагуу гүйцэтгэх хэрэгтэй.

Г.Идэрхангай
ider@journalism.mn