Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

М.Наранбат: Өрөмдлөгийн салбарын үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлэх цаг ирсэн

Монголын Өрөмдлөгийн Холбооны тэргүүн, доктор, дэд профессор М.Наранбаттай The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.


МАНАЙ ӨРӨМДЛӨГИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮД ДЭЭР ГОЛДУУ ГАДНЫХАН АЖИЛЛАДАГ


Холбооныхоо үйл ажиллагааны талаар эхлээд уншигчдад мэдээлэл өгнө үү. Өрөмдлөгийн салбарыг хөгжүүлэх тал дээр танай холбоо хэр дорвитой ажлууд хийв?


Манай холбоо 1996 онд “Өрөмдлөгийн технологи  үндэсний төв” нэртэйгээр байгуулагдсанаас хойш 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Аль болох мэргэжил нэгтнүүдээ хооронд нь холбож, өрөмдлөгийн шинжлэх ухааны онолын чиглэлийн суурь судалгааны ажлууд хийж гүйцэтгэх нь бидний эхний зорилго байсан.  Тэр үед өрөмдлөгийн салбарын хэмжээнд ердөө дөрөвхөн доктор байсан.

Манай анхны доктор Ж.Цэвээнжав, доктор, профессор Л.Төвхөө, доктор, профессор Л.Дүгэржав бид хэд. Өрөмдлөг гэдэг чинь манайдаа сайн судлагдаагүй зүйл. Орос хэл дээр бага сага судлагдсан болохоос биш монгол хэл дээр бараг байхгүй. Тэр ч байтугай өрөмдлөгийн анхан шатны баримт бичгийн хөтлөлт буюу өрөмдлөгийн ажлын журнал, технологийг мөрддөггүй байлаа. Өмнөговь аймгийн Тавантолгой орд дээр иймэрхүү хөтлөлт хийж байсан ч сайн материалжиж чадаагүй.   Тиймээс бид үндэсний өрөмдлөгийн ажлыг эмхэлж цэгцэлж, схемчилж нэг чиглэлд оруулахаас гадна мэргэжлийн боловсон хүчнүүдийг нэгтгэе гэсэн зорилго өвөрлөсөн. Эхний зорилго маань биелсэн. Одоо хоёр дахь шатны ажил руугаа орж байна.

Монголд хийгдэж байгаа өрөмдлөгийн томоохон төслүүд дээр гол төлөв гадаадын компаниуд ажилладаг. Одоогоор дунджаар 20-30 сая долларын өрөмдлөгийн ажил хийгдэж байна. Үүний ихэнхийг Америк, Австралийн үндэстэн дамнасан корпорациуд болох “Мэйжор Дриллинг”, “Атлас Копко”, “Редпаф” бүрдүүлдэг юм. Гэтэл хөрөнгө оруулалтаар орж ирсэн тэр их мөнгө буцаад л гарчихаж байна шүү дээ. “Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Мэйжор Дриллинг”-ийн өрөмдлөгийн ажилд зарцуулсан 10 сая долларын есөн сая нь буцаад гадагшаа гарчихсан. Энэ юу хэлээд байна вэ гэхээр Монголд яалт ч үгүй үндэсний өрөмдлөгийн бизнесийг хөгжүүлэх цаг ирснийг харуулж байгаа юм. Өрөмдлөгийн салбарын үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлэх ёстой.

Өрөмдлөгийн салбарын үндэс­ний хөрөнгөтөн төрүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл юу вэ?

Хамгийн том бэрхшээл гэвэл өрөмдлөгийн машины үнэ. Нэг өрөмдлөгийн суурь машин дунджаар 400-600 мянган ам.долларын үнэтэй. Үүн дээр дагалдах хэрэгсэл энэ тэр нь мөн 300-400 мянган доллар болдог. Өрөмдлөгийн бизнес хүссэн хүсээгүй нэг сая ам.доллараас эхлэх болж байгаа биз. Энэ бол Монголдоо асар их мөнгө. Хэн дуртай нь өрмийн машин худалдаж авч чадахгүй. Тиймээс манай холбоо үндэсний өрөмдлөгийн хөрөнгөтөн төрүүлээд зогсохгүй үндэсний өрөмдөгчдийг бэлтгэх, тэднийг гадаадын үндэстэн дамнасан корпорациудтай өрсөлдүүлэх холын бодлого барьж ажиллаж байгаа. Эхнээсээ энэ чигийн судалгааны ажлууд хийгдэж байна.

Тухайлбал, Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд сэдэвт онол-практикийн хурлыг 13 дахь жилдээ зохион байгууллаа. Оросын “Геология и разведка”, “The Miner” зэрэг дэлхийн уул уурхай, геологийн салбарын нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд бид судалгааны өгүүлэл нийтлүүлж байна. 2010 оныг бид олон сайхан амжилт ололтоор үдлээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Геологи, хайгуулын ангийн дарга Д.Түвшинбаяр “Геологи хайгуулын өрөмдлөгийн нөхцөл, технологийн түвшний үнэлгээ” сэдвээр, манай холбооны нарийн бичгийн дарга Д.Ундармаа ”Геологи, газрын тосны өрөмдлөгийн уусмалын технологийн үзүүлэлтүүд шаврын нунтаглалтаас хамаарах судалгаа” сэдвээр докторын зэргийн урьдчилсан хамгаалалт хийсэн. Үндэсний эрдэмтдээ төрүүлэх ажлуудыг энэ мэтээр хийж байна.

Мөн холбооны хичээл зүтгэлийн дүнд 10-15 өрөмтэй “Орд гео”, “Танан Импекс” гэсэн үндэсний компаниуд бий боллоо. Үүнээс гадна 1986 оноос тасраад байсан, өрөмдөгч мастеруудын дунд явуулдаг Геологи хайгуулын   өрөмдлөгийн сонгон шалгаруулах уралдааныг дөрвөн жилийн өмнөөс сэргээгээд, өнгөрсөн жил Төв аймгийн Цайдамын хөндийд амжилттай зохион байгуулсан.

Манай орчин цагийн машинт өрөмдлөгийн түүх өнгөрсөн зуунаас эхтэй. Налайхын уурхай 1922 оноос эхэлсэн гэвэл хөгжлийн түүх тэр үеэс л яригдана. 1940 оны эхнээс Зүүнбаян, Дорноговийн сав газарт газрын тосны гүний өрөмдлөг эхэлсэн бол түүнээс арай хожуу 1950-иад оноос хатуу ашигт малтмал, нүүрс, зэс, алтны хайгуулын өрөмдлөг эхэлсэн. Өрөмдлөгийн сонгон шалгаруулах уралдааны тухайд Монголын геологийн судалгаа эрчимжсэн, тухайлбал, Эрдэнэт, Цагаан суварга, Багануур зэрэг томоохон орд нээгдэж байх үеэс эхэлсэн юм. Олон жил завсарласан тэмцээнийг эхлүүлснээрээ бид өрөмдлөгийн салбарыг хөгжүүлэх боломжтой болж байна.

Одоогоор Монголд өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхэлдэг хэчнээн компани байгаа вэ?

Миний тооцоогоор Монголд 400 гаруй өрмийн машин, 100 гаруй өрөмдлөгийн компани бий. Манай холбооны нийт гишүүн байгууллага 50, үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай 13, дотоодын 37, геологи-хайгуулын өрөмдлөгийн 28, усны өрөмдлөгийн 16, газрын тосны өрөмдлөгийн 2, инженер геологийн болон бусад чиглэлийн 4 байгууллага байгаа.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.