Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Уул уурхайн тэсрэх бодисын үйлдвэрлэлийн салбарт шинэ технологи нэвтэрлээ

Австрали улсын “International Explosives Equipment” компанийн бизнес менежер Leigh Montgomery-тэй тэсрэх бодисын үйлдвэрлэлийн сүүлийн үеийн технологийн талаар ярилцлаа. Тэрбээр тэсрэх бодисын салбарт 28 жил ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн. Монголд Австралийн хамгийн сүүлийн үеийн технологи болох эмульсын тэсрэх бодисын үйлдвэрлэлийн гуравдугаар үеийн технологийг нэвтрүүлэх ажлаар ирээд байгаа юм.  

Манай уншигчдад өөрийгөө болон компанийнхаа тухай  танилцуулна уу? Тэсрэх бодисын үйлдвэрлэлийн салбарт хаана, ямар байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай вэ?

Баруун Австралийн Перт хотноо тэсрэх бодисын технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм. 1986 оноос тэсрэх бодисын үйлдвэрлэлийн салбарт ажиллаж эхэлсэн. Тэсрэх бодисын үйлдвэрт нийтдээ 18 жил ажиллаж байна. Тэсэлгээний технологийн салбарт бол ойролцоогоор 28 жилийн туршлагатай. Нэлээд олон улс оронд тэсрэх бодисын үйлдвэрүүдэд ажиллаж байлаа. Индонези, Шинэ Зеланд, АНУ зэрэг улс оронд мэргэжлийн дагуу ажилласан. Америкт 3 жил ажиллахдаа химийн хүнд технологиор мэргэшсэн юм. Сүүлийн 7 жилд тэсрэх бодисын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “International Explosives Equipment” олон улсын компанид ажиллаж байна.
Манай компани салбартаа 30 жилийн туршлагатай. 1981 онд байгуулагдсан. Тэсрэх бодисын үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийг засварлахаас үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Одоо тэсрэх бодисын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт ордог том үйлдвэр болж өргөжөөд байна. Дэлхий даяар тоног төхөөрөмжөө нийлүүлдэг.
Манай компанийн нэг онцлог нь өөрийн үйлдвэрлэсэн бэлэн загварыг санал болгодоггүй. Харилцагчийнхаа санал болгосон шаардлага, нөхцөл байдал, хэрэгцээ сонирхол болон тухайн газар нутгийн онцлогт тохируулж хийдэг. Үйлдвэрлэлдээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, сонирхлыг тусгаж өгдөг гэсэн үг л дээ. 

Монголд Эмульсын тэсрэх бодисын үйлдвэрлэлийн шугам суурилуулах ажлаар иржээ. Энэ үйлдвэрийн техник, технологи ямар онцлог, давуу талтай вэ?
   
Тиймээ. Бид “Мера” компанийн захиалгаар Сибирийн нөхцөлд туршигдсан ОХУ, Австрали улсын хамтарсан технологи бүхий “Нитронет” брэндийн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулах, тохируулах ажлаар Монгол улсад ирээд байна. Манай компани таван жилийн өмнөөс ОХУ-ын “Изот” компанитай хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тэсэлгээний 25 үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлж, эмульсын 6 үйлдвэр байгуулсан. Бидний суурилуулж байгаа үйлдвэр нь “Тэсэрдэггүй хольцын (түүхий эдийн) үйлдвэр“ болон “Цэнэглэгч автомашин“ гэсэн хэсгээс бүрдэх юм. Цэнэглэгч автомашин нь тэсэрдэггүй хольцуудыг тэсэлгээний цооногт шахах үед тэсрэх бодис болгож үйлдвэрлэдэг тул үйлдвэрлэх, тээвэрлэх, цэнэглэх үеийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангадаг.
Мөн үйлдвэрийн шугам бүрэн автомат тул ажлын бүтээмж өндөр, зардал, цаг хугацаа хэмнэдэг, ашиглахад хялбар, байгаль орчинд ээлтэй, зардал багатай технологи юм.

Тоног төхөөрөмжийн хүчин чадал ямар вэ? Монгол бол эрс тэс уур амьсгалтай орон. Халуун дулаан Австрали орны үйлдвэрийн тоног төхөөрөмж Монголын нөхцөлд хэр зохицохыг бодолцсон уу?

Сибирийн -40 хэмийн хүйтэн нөхцөлд байдаг Кемеров мужийн үйлдвэрт анх тоног төхөөрөмж суурилуулсан юм. 2006 оны үе. Анхны удаа байсан болохоор үнэхээр асуудал тулгарсан. Бид нөхцөл байдалтай танилцаад тоног төхөөрөмжөө суурилуулалгүй буцаж ирсэн. Тэгээд уур амьсгалын нөхцөл байдалд нь тохируулан өөрчилсөн юм. Энэ үйлдвэр өнөөг  хүртэл ямар ч асуудалгүй ажиллаж байгаа. Түүнээс хойш ОХУ-ын их олон тэсрэх бодисын үйлдвэрт тоног төхөөрөмж  нийлүүлсэн. Монгол улс уур амьсгалын хувьд Оростой төстэй болохоор хүндрэл, бэрхшээл гарахгүй байх аа. Температурын хувьд +100-40 хэмийн хооронд хэвийн ажиллахаар зохицуулсан. Кемеров мужийнхтай төстэй ч илүү сайжруулсан хувилбарыг Монголд суурилуулж байгаа.  Хүчин чадлын хувьд 1 цагт 9 тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай. Дээд хүчин чадал нь 13-15 тонн байдаг л даа.

Эмульсийн тэсрэх бодисыг чанартай үйлдвэрлэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд юу байдаг вэ?

Аюулгүй ажиллагаа болон бүтээгдэхүүний чанарын стандартын хангалт, хяналтын тогтолцоо, хүний нөөцийн чадавх, түүхий эд материалын чанар зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Мөн уулын чулуулгèéн хатуулаг, хөрсний бүтэц болон хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, байгаль орчинд үзүүлэх нөлөө, зардлын хэмнэлт зэрэг хүчин зүйлүүдийг давхар тооцож болно.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаахудагийн уурхайн дэргэд байгуулагдсан Т-12 үйлдвэрийн тухайд орчин үеийн шинжилгээний лабораторид түүхий эд материалын чанар, орц найрлагыг хянаж, өөрчлөн тохируулдаг. Ингэснээр бүтээгдэхүүнийг гологдолгүй гаргахаас гадна хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг олон төрлөөр үйлдвэрлэх боломжтой юм. Мөн үйлдвэрийн шугам бүрэн автомат тул ажилтны ур чадвараас үүдэн гарах чанарын доголдол бараг байхгүй гэж хэлж болно.

Тэсрэх бодисын үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн хандлага хаашаа чиглэж байна вэ?
Дээр дурдсанчлан аль болох бага зардлаар ихийг бүтээхэд чиглэсэн, аюулгүй ажиллагааны өндөр стандарт бүхий, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, гар ажиллагааг аль болохоор хөнгөвчилсөн механикжсан технологи өнөө үед нэвтэрч байна.
Үйлдвэрлэлийн үр ашиггүй зардал их байх тусам тэр хэмжээгээрээ байгаль орчинд хор нөлөө үзүүлэх нь их байдаг. Т-12 үйлдвэрийн технологийн хувьд үйлдвэрээс гарах хаягдал байхгүй. Агаарт цацах азотын хийн агууламж маш бага. Тэсрэх бодис нь зөвхөн цооногт цэнэглэгдэх үедээ л үйлдвэрлэгддэг тул аюулгүй ажиллагааны стандарт маш өндөр түвшинд хангагддаг юм. Ингэснээр тээвэрлэлтийн явцад гардаг довтлогч, хамгаалагчийн хэрэгцээ байхгүй болох бөгөөд эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн олон улсын стандарт хангасан хамгийн сүүлийн үеийн технологи гэж хэлж болно.

Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа.